• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Б(бизнес+) Хүний эрх-Ази” хөтөлбөрийн багийн ахлагч Ливио Сарандриаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Б (бизнес+) Хүний эрх-Ази” хөтөлбөрийн тэргүүн зөвлөх бөгөөд багийн ахлагч, ноён Ливио Сарандриаг 2020 оны 01 дүгээр сарын 30-нд хүлээн авч уулзлаа. Ноён Ливио Сарандриа манай улсад энэ сарын 28-31-ний өдрүүдэд айлчилж ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Гадаад харилцааны яамны урилгаар бизнес ба хүний эрхийн үндэсний хөтөлбөр боловсруулахад зөвлөх, мэдээлэл цуглуулах зорилгоор холбогдох талуудтай уулзаж байна гэв. Бизнес ба хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг боловсруулахад Хүний эрхийн Үндэсний Комисс ихээхэн үүрэгтэй, ялангуяа НҮБ-ын зааварчилгааг хэрэгжүүлэхийг уриалахад оролцоо чухал болохыг зочин онцлов.

IMG_3293.JPG

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст сүүлийн жилүүдэд иргэдээс ирүүлсэн гомдлын цөөнгүй хувийг хөдөлмөрлөх эрхийн зөрчилтэй холбоотой гомдол эзлэх болсон. Үүнд бизнесийн салбарынхан хамарч байгааг ХЭҮК-ын дарга танилцуулаад Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулах чиглэлээр талуудтай хамтран ажиллаж байгаа ч 3 парламент дамжин уг хуулийг батлаагүй хэвээр байгаа нь хүндрэл үүсгэж буйг тодотгож байлаа. Мөн ХЭҮК-оос бизнес ба хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэгт төлөөллөө оролцуулж хамтран ажиллаж байгаа гэв. Ийнхүү харилцан мэдээлэл солилцсоны дараа цаашдаа сургалт, нөлөөллийн чиглэлээр хамтран ажиллах боломжтойг талууд хэлэлцлээ. Уулзалтад ХЭҮК-ын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, Гадаад харилцааны яамны Хүний эрхийн хэлтсийн дарга В.Оюу нар байлцлаа.