Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Гүйцэтгэх дээд удирдлагуудын хурал болж байна - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Гүйцэтгэх дээд удирдлагуудын хурал болж байна

Ази, Номхон далайн бүс нутгийн чуулган нь хүний эрхийн үндэсний байгууллагуудын бүс нутгийн дөрвөн сүлжээний хамгийн анхны бөгөөд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага хэмээн тооцогддог. Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Ази, Номхон далайн бүс нутгийн чуулганаас гишүүн байгууллагуудын Гүйцэтгэх удирдлага буюу Ажлын албаны дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

51172509_761229784257737_7226018476765216768_n.jpg

Ази, Номхон далайн бүс нутгийн гишүүн байгууллагуудын Гүйцэтгэх удирдлагуудын хурлыг энэ жил Катар Улсын Доха хотноо зохион байгуулж байна. Хурал 1 сарын 28-30-ны өдрүүдэд үргэлжилж, Ази, Номхон далайн бүс нутгийн гишүүн 21 байгууллагын нийт 32 төлөөлөгч оролцож байна. Энэ удаагийн хурлаар Хүний эрхийн үндэсний байгууллагууд нь иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах, байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх, дотоод хяналт, шинжилгээг тогтмол, үр дүнтэй зохион байгуулах, Комиссын болон хороодын гишүүдийн хамтын ажиллагаа, мэдээлэл зохицуулалтын уялдаа холбоог хангах зэрэг таван сэдвийн хүрээнд хэлэлцэж байна. Энэ хүрээнд гишүүн байгууллагуудын сайн туршлага, практик болон тулгамдаж буй сорилт бэрхшээлийн талаар хэлэлцэж, тухайн асуудлаар мэргэшсэн зөвлөхүүд арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

51205042_432472257525234_7621695220832272384_n.jpg

Тус арга хэмжээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл оролцож, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос сүүлийн 2 жилийн байдлаар хийж буй зарим ажлууд, тухайлбал, Хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хууль, хөдөлмөрлөх эрхийн хүрээний судалгаа, хяналт шалгалт, уул уурхайн салбарт хийсэн Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ зэргийг танилцуулж, эдгээрт холбогдох ахиц дэвшил, тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийж, хэлэлцүүлэгт оролцлоо.

Энэхүү хурал Арабын бүс нутагт болж байгаатай холбогдуулан Ази, Номхон далайн бүс нутгийн гишүүн, Арабын байгууллагуудын төлөөлөгчид олноор оролцож байгаатай холбогдуулан хүний эрхийн түгээмэл чанар болон соёл, уламжлалын ялгаатай байдал, жендэрийн мэдрэмж, ойлголт, ижил хүйстний гэрлэлт зэрэг асуудлаар хэлэлцүүлэг маргаан хүчтэй өрнөж, эдгээрт холбогдох арга туршлагаа солилцож, нэгдмэл ойлголтод хүрэхээр ажиллаж байна.