• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы ээлжит 20 дугаар хурал болон хоёр жил тутмын Бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож, үг хэлэв

 Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы ээлжит 20 дугаар хурал болон хоёр жил тутмын Бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож, тус хурлын 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ажиллагааг нээж хэлсэн үгийг уншигч танаа хүргэж байна. "Энд хүрэлцэн ирсэн эрхэм хатагтай, ноёдын энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Монгол Улс Ази, Номхон Далайн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганыг хүлээн авч байгаа нь өндөр нэр төрийн хэрэг юм. Ази, Номхон далай гэдэг бол маш том бүс нутаг. Хүний эрх бол хамгийн чухал асуудал гэж би хувьдаа боддог. Энэ чухал ажлыг хийдэг нэр хүндтэй зүтгэлтнүүд энд хүрэлцэн ирсэнд туйлын баяртай байна. Манай нэг яруу найрагч "Энэ хорвоогийн хамгийн сайхан мэргэжил бол багш” гэж хэлсэн байдаг. Би хувьдаа хүний эрхийн төлөө ажиллах нь энэ хорвоогийн хамгийн нэр хүндтэй, хамгийн хариуцлагатай ажил гэж үздэг. Ажил ажлын дундаас хүний эрхийг хамгаалах ажил хамгийн чухал, бас хэцүү ажил. Та бүхэн ажлаа явуулахдаа, өөрсдийгөө хамгаалуулж, хуяглуулсан төрийн байгууллагатай, төртэй, албан тушаалтнуудтай олонтаа тулгарч байгаа байх. Бусдын эрхийг хамгаалахын төлөө ажиллахдаа хүний эрхийг зөрчдөг, зөрчих өндөр магадлалтай байгууллагуудтай нүүр тулдаг. Хүчний байгууллагынхан болон цагдаа нартай, шүүгчидтэй, хорих байгууллагынхантай нүүр тулдаг. Тэгээд зарим тохиолдолд хүний төлөө явсныхаа төлөө өөрсдөө хоригддог, эрхээ хасуулдаг, дарамт шахалтад ордог. Монгол Улс энэ бүс нутгийн өвөрмөц орон. Магадгүй хүний эрхийн төлөө үгээ хэлж яваад дарамт шахалтад орсон хүн энэ танхимд байгаа байх. Магадгүй ярихаас болгоомжилдог, айж эмээдэг сэдэв ч байж мэдэх юм. Харин манай улсад та бүхэн чөлөөтэй үгээ хэлж болно. Тулгамдаж буй асуудлаа Монголд чөлөөтэй ярь. Та бүхнийг ярьсны төлөө Монголд хэн ч асуудал үүсгэхгүй. Хүний эрхийн төлөө зүтгэх ажлаа чөлөөтэй, зоригтой хийгээрэй гэж хэлье. Хүний эрхийн салбарт бидний хүрсэн амжилт амаргүй байсан. Цаашид ч амаргүй байх биз. Бид өнөөдөр ч гэсэн хүнд сорилт бэрхшээлтэй тулгарсаар байна. Бид Үндсэн хуулиндаа хүний эрхийн хамгийн чухал заалт, тунхаглалуудыг хийж өгч чадсан. Мөн Үндсэн хуульд нийцүүлэн бусад хуулиа өөрчлөхийн төлөө ажиллаж байгаа. Монгол Улс олон улс, НҮБ-ын хүрээнд гарсан хүний эрхийн бүх чухал гэрээ, протокол, конвенцэд нэгдэж орсон. Одоо эдгээрийг өөрийн улсын хууль, журам мэт мөрдөн ажиллаж байна. Хүний эрх хүний амьд явах эрхээс эхэлдэг гэж би боддог. Миний бие Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн 2009 оны зургадугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Монголд цаазаар авах ялыг зогсоох, энэ ялд мораториум тавих санаачилгыг гаргасан. Тангарагаа өргөөд өрөөндөө орж иртэл, ширээн дээр хоёр хуудас шийдвэрийн төсөл байсан. Үүний нэг нь цаазын ялтай хэрэгтнийг уучилж, бүх насаар нь хорих ял эдлүүлэх, нөгөө нь цаазаар авах шийдвэр гаргах төсөл байсан. Тун хэцүү сорилттой би тулгарсан. Тэгээд би тухайн гэмт хэрэгтний амийг уучлах сонголтыг хийсэн. Тэр мөчөөс хойш би Монголд нэг ч хүнийг цаазаар авахгүйн төлөө ажилласан. Монгол Улс цаазаар авах ялын тоогоор тэргүүлдэг, хамгийн муу данстай орон байсан. Умард Солонгос, Беларусьтай Монголыг харьцуулж жишээ авдаг байсан. Цаазаар авах ялын тал дээр хамгийн зэрлэг, балмад, нууц практикийг хэрэгжүүлдэг улс орнууд бол Монгол, Умард Солонгос, Беларусь гурав гэж Эмнести Интернэшнл байгууллага тухайн үед үзэж байсан. Харин өнөөдөр Монгол Улс цаазаар авах ялгүй улс болсон. Хэрэв цаазаар авах ялыг өөрчлөх үү гэж ард түмнээс асуусан бол "үгүй” гэж хариулах байсан байх. Зарим нэг асуудал дээр манлайлал хэрэгтэй байдаг. Нэгэнт хүний амь насыг хамгийн эрхэм зүйл гэж үзэж байгаа бол энэ бүх зарчмыг төрийн бүх шатанд хэрэгжүүлэх ёстой. Тийм учраас бид хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжоор хангагдахгүй байгаа хүмүүсийн тухай ярилцдаг болсон. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг хуулийг бид санаачлаад парламентад өргөн барьж байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа мөн өөрчилж байгаа. Хамгийн эмзэг, эрх нь зөрчигдөж байдаг хүмүүсийн эрхийг бид эрхэмлэхийн төлөө ажиллаж байна. Монголд өнгөрсөн тавдугаар сард "Онлайн эрх чөлөө” олон улсын уулзалт болсон. Та бүхэн энэ бүс нутагт ийм уулзалт болж байна гээд бодоод үзээрэй. Цахим эрх чөлөө бол маш чухал эрх чөлөө. Цахим ертөнц мэдээллийн салбар, нийгмийн амьдралд маш хүчтэй орж ирсэн. Энэ ямар ч хориг саад байх ёсгүй. Хэвлэл мэдээлэл, хүний үг хэлэх эрх чөлөөнд ямар нэг хориг саад байх ёсгүй. Энд хориг саадгүй байх тусам албан тушаалтнууд, удирдагчид хариуцлагатай болж байдаг. Хүний эрхийг жирийн иргэд биш, албан тушаалтнууд, дарга нар л зөрчдөг. Монгол Улс ирэх есдүгээр сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болохоор өрсөлдөнө. Та бүхнийг илгээсэн улс орнууд, Засгийн газрууд Монголыг дэмжинэ гэдэгт найдаж байна. Бид НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд та бүхний бодож санаж явдаг, тэмцэж зорьж байгаа зүйлүүдийг ажил болгохын төлөө зүтгэнэ. Та бүхэн дэмжээрэй. Та бүхний дэмжлэгт найдаж байгаа шүү. Ямар байдлаас Монгол өнөөдрийн энэ түвшинд ирэв ээ? Өнөөдрөөс 20-иод жилийн өмнө хүний эрхийн тухай ярихад гайхдаг байсан. "Төрийн эрх гэж байдаг болохоос хүний эрх гэж юу яриад байна? Дарга нарын эрх гэж байдаг. Хэзээ жирийн иргэд эрхтэй байсан юм? Энэ бол зөвхөн өрнөдийнхний ярьдаг зүйл” гэж ярилцдаг байсан. Харин бид өнөөдөр шүүгчээ томилж байхдаа "Таны хамгийн түрүүнд хамгаалах ёстой үнэт зүйл бол хүний эрх шүү” гэж захидаг. Өнөөдөр бид прокурор, цагдаа нарт "Та төрд, шүүгчид, дарга нарт биш хүнд, нийгэмд үйлчлэх ёстой” гэж захидаг. Бид үүний дагуу хуулиа гаргадаг болсон. Хүний эрхийн зөрчил, хүний эрхтэй холбоотой асуудлууд Монголд бий. Гэхдээ бидний нэг сайн тал бол энэ бүгд олонд нээлттэй, ил тод байгаад оршино. Хүний эрх бол тунхаг биш юм. Энэ бол хурал зөвлөгөөн, байгууллага биш. Хүний эрх бол амьдрал, ажил юм. Энэ бол албан тушаалтнуудын хийх ёстой ажил. Манайд өндөр албан тушаал хашиж яваад ажлаа өгсний дараа хүний эрх, шударга ёс ярьдаг. Та бүхний төлөөлсөн улс орнуудад ч ийм зүйл гардаг байх. Бид нарын шаарддаг зүйл бол тэр өндөр албан тушаалд очсон үедээ л хүний эрх, шударга ёс ярьдаг, түүнийгээ хэрэгжүүлдэг байх ёстой. Хүний эрхийг ажил болго, өдөр тутмынхаа амьдралын хэвшил болго. Тэгвэл бид итгэе. Монголд ямар сорилт гарч ирж байна вэ? Хамгийн ардчилсан оронд ч хүний эрхийн сорилт бэрхшээл байна. Аюулгүй байдал нэрийн дор хүний эрхийг зөрчсөн явдал хамгийн ардчилсан орнуудад ч гарч байна. Тусад нь шорон байгуулаад, хэдэн арван сараар жилээр хорьдог. Тусад нь шүүх байгуулах гэх мэт зөрчил байгаа. Монголд бас л олон хоногоор хорьдог. Хэрэг илрүүлэхийн тулд хамгийн түрүүнд хорих гэж оролддог. Энэ зүйлийг хууль тогтоомж, хуулийн байгууллагуудаас авч хаях гэж тэмцэж байгаа. Манай хүний эрхийн байгууллага тэмцэж ажиллаж байгаа. Бидний хэлдэг үг бол хүнийг хорьж арга хэмжээ авна гэдэг бол хамгийн сүүлд авах ёстой арга хэмжээ. Та нар хамгийн түрүүнд авдаг арга хэмжээ болгож хувиргаад байна. Цагдаа нар аа, хууль хяналтын байгууллагынхаан. Ингэж болохгүй. Хорьж хэрэг илрүүлдэг биш мөрдөж, шалгаж, хуулийн бусад боломжуудыг ашиглаж хэрэг илрүүлдэг байя. Бид энэ хуулиа өөрчилнө. 25 жилийн өмнө бид нар, 70-аад жил Вишинскийн онолын дагуу хүн өөрөө л хүлээн зөвшөөрсөн бол хэрэгтэн болдог зарчмаар бараг гурван үе дамжуулан явж, ийм нийгэмд бид амьдарч байсан. Нийгэмд хуулийг өөрчилж болж байгаа. Харин хүний сэтгэлгээг өөрчилнө гэдэг бол ямар хэцүү гэдгийг харж байна. Өнөөдөр ч гэсэн энэ тэмцэл Монголд үргэлжилж байна. Үүнийг бид хийхийн төлөө зүтгэж байгаа. Хоёрт нь хүн бүр тэгш эрхтэй. Монголд нэг зарчим үйлчлэх гээд байгаа нь аюултай. Хүн бүр тэгш эрхтэй тэгэхдээ мөнгөтэй хүн илүү эрхтэй гэнэ. Том албан тушаалтан бол илүү эрхтэй гэдэг. Өнөөдөр хүний эрхийн зөрчил гарч байна. Жирийн иргэдийн тавьж буй гомдол дээр үнэхээр анхааралтай хандаж ажиллаж байгаа. Бүх иргэдээс гарч байгаа гомдол дээр ажиллаж байгаа. Тэр тусмаа авилгалтай холбогдоод өндөр албан тушаалтан хоригдож байгаа тэр хүмүүст ч хүний эрх тэгш үйлчлэх ёстой гэж үзэж байгаа. Тэрбум тэрбум төгрөгтэй маш их сүлжээтэй өөрийг нь бариад хийчихсэн ч байсан гэсэн мөнгө нь гаднаа үлдчихэж байгаа тэр хүн хүний эрх яриад байх юм. Энэ хооронд салгаж ялгаж ойлгодог болоход хүнд сорилт тулгарч байгаа. Энэ авилгалын асуудал албан тушаалын хариуцлагагүй байдал гэдэг зүйл Монголд том сорилт болж байна. Үүнийг яаж шийдэх вэ? Тийм ээ бүгд адилхан эрхтэй. Хэдэн зуун тэрбум төгрөг хулгайлаад тэр мөнгөө үлдээгээд, сүлжээгээ байгуулаад, шоронд орсон хүн ч адилхан эрхтэй. Гэхдээ тэр хүн илүү өөрийгөө илүү сурталчилж, хууль хяналтын байгууллагуудад илүү дарамт үзүүлж байгаа. Эндээс бид яаж гарах вэ? Энэ бол Монголын хувьд том асуудал. Үүнийг бид ялгах ёстой. Бид хүний эрхийг хамгийн чухал зүйл гэж үзэх ёстой. Чи дарга ч бай, цэрэг ч бай, жирийн иргэн ч бай адилхан л эрхтэй гэж үзэх ёстой. Түүний нь бид дээдлэх ёстой. Энэ улаан шугамыг энэ бодлогыг манай хуулийн байгууллагууд өндөр хэмжээнд барьж явах ёстой. Ингээд одоо бид юу хийх гэж байна гэвэл эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шийтгэх хууль бүх хуулиуддаа өөрчлөлтийг бүрнээр нь оруулж байгаа. Монголд хийж байгаа ажлын талаар бид маш их сорилттой тулгарч хийж байгаа. Бид нар шүүхийн тухай хууль прокорорын тухай хууль, цагдаа бүх хуулиудаа өөрчилсөн. Хүн бүрт үйлчилдэг болгосон. Одоо тэр хүмүүсийн хэрэглэдэг хуулиудыг өөрчлөх гэж оролдож байгаа. Эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шийтгэх хууль гээд, тэгээд энэ хүний эрхийг хангадаг байгууллагуудынхаа хараат бус байдлаар ажиллах боломжийг бид хангах ёстой. Хүний эрхийн байгууллагын боломж, ажиллах чадвар сайн байгаа. Үнэхээр эцэстээ л тултал ажиллаж байгаа. Хүнд байгаа. Тийм учраас би хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль монголд байг. Энэ хуулийг бид шинэчлэн найруулж үнэхээр хараат бус, санхүүгийн хувьд ч томилгооны хувьд ч, үйл ажиллагааны хувьд ч яавал хараат бус байж чадах юм гэдэг энэ нөхцөлийг бүрдүүлэх шинэ хуулийг Ерөнхийлөгчийн хувьд би өргөн барихаар хүний эрхийн үндэсний комисстой хамтарч ажиллаж байгаа. Бид ийм болгохын төлөө явна. Ганцхан хүний эрхийн комисс Монголд ажилладаг биш, хүн бүхний төлөө ажилладаг байж гэмээнэ Монголд хүний эрх гэдэг зүйл гарч ирдэг. Дээрээс нь албан тушаалтнуудын хариуцлага.  Харицлагатай байдалтай тэмцэх ёстой. Авлигалын хэргийг бид албан тушаалын хэрэг гэж хараад байгаа. Явж явж хүний эрхийг хөсөрдүүлж байгаа шүү дээ. Энэ бол хүний эрхийн эсрэг үйлдэл юм. Нөгөө авилгач хэдэн тэрбумаар нь мөнгө завшсан бол тэр хүнд очих байсан цалингаас хумсалж байна гэсэн үг. Өнөөдөр тэр авлигчдаас босоод манайхан шаардаж байх ёстой. "Миний мөнгийг буцааж өг” гэж. "Миний цалин хүрэхгүй байна. Та аваад явчихсан юм байна. Надад зээл олдохгүй байгаа та аваад явчихсан юм байна” гэж шаарддаг байх ёстой. "Таныг урамшиж дагаад байгаа бусад авилгачид чинь авч яваад байна. Тийм учраас би танаас мөнгөө нэхмээр байна” гэсэн сэтгэл зүй, ийм идэвхи Монголд хэрэгжиж байгаа. Энийг хэрэгжүүлж урамшуулахын төлөө Ерөнхийлөгч хүртэл өөрөө индэр дээрэээс ярьдаг байх ёстой. Өнөөдөр би та зөвхөн та бүхэн ярьж байгаа биш манай иргэд бүгд мэдэж байгаа. Энэ үг яриа бол миний амьдралдаа баримталдаг зарчим. Төгсгөлд хэлэхэд хүний эрхийн төлөө ажиллаж байгаа үйл ажиллагааг урамшуулах ёстой. Энэ тэмцлийг, энэ хэцүү ажлыг төр засаг дэмжих ёстой. Манай энэ Ази, Номхон далайн бүс нутагт энэ үйл ажиллагааг бид бий болгох ёстой. Монголд хүний эрхийн сэдвээр зохион байгуулагдах гэж байгаа олон улсын бүх төрлийн хурлыг бид нээлттэй хүлээн авна. Өөрийнхөө оронд хүний эрхийн тухай ярьж чадахгүй байгаа бол Монголд ирээрэй. Бидэнд ололт амжилт сайн тал бий. Монголчууд бид та бүхэнд заах ямар ч бодол алга. Бид сайн муу сургамжаа хуваалцая. Монголын ардчилал сайн зүйл авчирсан. Гэвч муу зүйл бас бий. Сайн, муу зүйл, сорилт, бэрхшээлийг маань хараарай. Бид энэ бүс нутагт хамгийн хэцүү замаар нь явж байгаа. "Хүний эрхийн хувьд монголчууд бүс нутагтаа өөрчлөлт шилжилт хийсэн болоод хийгээгүй орнуудтай харьцуулахад өмнө нь явж байгаа” гэж ярилцдаг. Өмнө нь явж байгаа хүмүүст бас зовлон байдаг. Өмнө нь яваа учраас арагшаа эргэж харахгүй, урагш дандаа харж явах ёстой. Тэгээд үлгэр жишээ болж явах ёстой. Сайн болж явах ёстой. Загвар болж явах ёстой. Тийм учраас та бүхний санаа бодол бол бидэнд их чухал байна. Би олон улсын олон хуралд оролцож байсан. Зүгээр оролцоод явах биш энд ярилцсан, хэлсэн бүхнийг тэмдэглэн гарын авлага болгож Монголын төр засаг болоод та бүхний ирсэн орнуудын төр засгийн төлөөлөлд бид хүргэхийн төлөө ажиллана. Та бүхний илэрхийлсэн санал, дүгнэлтүүдийг бид хийж хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ. Энэ хурал хоёр өдөр болоод өнгөрөх ёсгүй юм. Энэ хурал ажил болох ёстой. Энэ бол яриад өнгөрдөг сэдэв биш чухал асуудал. Хамгийн харамсалтай нь хүн бүхэн хүний эрх гэж ярьж чаддаг болжээ. Хүний эрхийг амьдралынхаа хэв маяг болгодог байх ёстой. Ингээд одоо та бүхний ажилд өндөр амжилт хүсэн ерөөе. Та бүхэнд их баярлалаа. Сайн байна. Манай оронд хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Та бүхний хэлсэн ярьсан зүйлийг бид хүлээн авах болно. Хүний эрхийн асуудал дээр Монгол Улс үргэлж "за” гэж хэлэх болно. Монгол Улсад тавтай морилоорой. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье”.