• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы ээлжит 20 дугаар хурал болон хоёр жил тутмын Бага хурлыг Монгол Улсад зохион байгуулна

2015 оны 08 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы (АНДЧ) ээлжит 20 дугаар хурал болон хоёр жил тутмын Бага хурлыг "Эрүү шүүлт болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэхэд хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр Туушин зочид буудлын "Соёмбо” танхимд зохион байгуулна. Мөн 2015 оны 08 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагын Эрүү шүүлтийн эсрэг элчин сайдуудын дунд хугацааны уулзалт Туушин зочид буудлын "Сүлд” танхимд болно. Жил бүр зохион байгуулдаг АНДЧ-ны ээлжит хурал нь бүс нутагт хүний эрхийн тулгамдсан асуудал, зөрчил, тэдгээрийн нөхцөл шалтгаан, тэдгээрийг шийдвэрлэж буй Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын туршлага, боломжийг хэлэлцэж, бодлогын шинжтэй асуудал дээр нэгдсэн байр суурь илэрхийлэх, шийдвэр гаргадгаараа чухал ач холбогдолтой юм. АНДЧ нь бүс нутагтаа хүний эрхийн үндэсний байгууллагуудыг байгуулах, бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажилладаг, гишүүн байгууллагуудаараа дамжуулан өөрийн бүс нутагт хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах зорилготой байгууллага юм. АНДЧ нь анх 1996 онд Австралийн Дарвин хотноо Австрали, Энэтхэг, Индонез, Шинэ Зеланд улсуудын Хүний эрхийн Үндэсний байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамт чуулснаар байгуулагдсан түүхтэй. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2002 оноос хойш АНДЧ-ны бүрэн эрхт гишүүнээр элсэн ажиллаж байна. АНДЧ-ны гишүүнчлэлтэй байснаар Хүний эрхийн Үндэсний байгууллагын хувьд хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах чадавх бүс нутгийн түвшинд хүртэл бэхжихэд ихээхэн чухал үүрэгтэй юм. Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Улсын Зохицуулах Хорооны (OУЗХ) магадлан итгэмжлэлийн А статус авсан байгууллага АНДЧ-ны бүрэн эрхт гишүүн болдог дүрэмтэй. Одоогоор тус Чуулган нь 15 бүрэн эрхэт, 7 харилцагч гишүүн байгууллагатай болоод байна. АНДЧ-ны дүрэм ёсоор Удирдах Зөвлөлийн хурлыг зохион байгуулж буй ХЭҮБ-ын дарга нь АНДЧ-ны даргаар 2 жил сонгогдон ажилладаг. Тиймээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2015 оноос 2017 он хүртэл АНДЧ-ыг тэргүүлэн ажиллах ба ОУЗХ-ны удирдах байгууллага болох Товчооны гишүүн болох юм. Энэ удаагийн хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 28 улсын хүний эрхийн үндэсний байгууллага, иргэний нийгмийн байгууллага, Хүний эрхийг хамгаалагчдын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгч болон Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороог төлөөлөн нийт 160 орчим зочид төлөөлөгч оролцоно. Хуралдаан 8 дугаар сарын 26, 28-ны өдрүүдэд хүний эрхийн үндэсний байгууллагын чадавх, хөрөнгө арвижуулах үйл ажиллагааны стратеги, хүний эрхийг хамгаалагчдын асуудал, эрүү шүүлт болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэхэд хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Харин хуралдааны хоёр дахь өдөр буюу 8 дугаар сарын 27-нд АНДЧ-ны Удирдах зөвлөлийн дотоод хурал болно. 8 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын эрүү шүүлтийн эсрэг элчин сайдууд өөрсдийн хэрэгжүүлж буй хөтөлбөр, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, харилцан туршлага солилцох юм. Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Комиссын цахим хуудас дахь Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын 20 дугаар Чуулганд зориулсан тусгай хуудсаас буюу http://www.mn-nhrc.org/apfлинкээс авна уу.