• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Африкийн орнууд Монгол Улсын Бичил уурхайн туршлагаас суралцаж байна

 2015 оны 8 дугаар сарын 16-ний өдөр Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс (БННТУ)-ын Уул уурхай, Эрчим хүчний яамыг төлөөлсөн 16 хүний баг Монгол Улсын Бичил уурхайн салбараас суралцахаар Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Мөн Бүгд Найрамдах Зимбабве Улсын Эдийн засгийн бодлогын шинжилгээ, судалгааны газрын удирдлага, мэргэжилтний хамт тус багт багтжээ. Айлчлалын баг 2015 оны 8 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд Монгол Улсын бичил уурхайн салбартай холбоотой төрийн болон төрийн бус байгууллагуудтай уулзаж, Монгол Улсын төрөөс баримталж байгаа бодлого, эрх зүйн орчин, түүний хэрэгжилт, бичил уурхайн салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж байгаа арга замууд, ололт амжилт, сургамж болон Монгол Улсад бичил уурхайн салбарт амжилттай авч хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн ололт, амжилтаас суралцах юм. 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр айлчлалын баг Швейцарийн хөгжлийн агентлагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй "Тогтвортой бичил уурхай" төслийн багтай уулзаж, харилцан мэдээлэл солилцлоо. Мөн түүнчлэн Монгол Улсын Уул уурхайн аврах алба болон Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Налайх дүүрэг дэх үйл ажиллагаатай танилцлаа. 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр айлчлалын баг Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар, Бичил уурхай бүхий сумдын удирдлагууд, Монгол Улсын Уул уурхайн яам болон түүний харьяа байгууллагуудтай уулзаж бичил уурхайн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцаж, ажлын туршлагаас нь судалсан юм. Монгол Улсын Уул уурхайн яамтай хийх уулзалт 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 14:00 цагт Уул уурхайн яамны байранд болно. Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхайн төслийн Мэдээлэл харилцаа, мэдлэгийн төв хариуцсан эксперт Б. Тамир. Утас: 99061001, Э-шуудан: tamir.baasanjav@sam.mn