• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Ахмадын эрхийг баталгаажуулъя” сэдэвт өглөөний уулзалт боллоо

 Хүний эрх хөгжил төвөөс "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Өглөөний уулзалтад "Хамгаалалтын асуудлаарх хүний эрхийн хамгаалагчдын үндэсний хоёрдугаар зөвлөгөөн”-д оролцохоор Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн хүний эрхийг хамгаалагчид, иргэний нийгмийн байгууллагууд, ХЭҮК-ын ажилтнуудын төлөөлөл нийт 60 гаруй хүн оролцлоо. Уулзалтад Хүний эрхийн эксперт Д.Амарсанаа "Ахмадын хүний эрхийн асуудлууд-Насаар ялгаварлан гадуурхах явдал гэж юу вэ” сэдвээр, МУИС-ийн санхүүгийн тэнхимийн профессор Л.Оюун "Эдийн засгийн дарамт” сэдвээр, "Хүнс эвсэл” МББ-ын захирал Г.Урантүлхүүр "Ахмадуудын дуу хоолой” сэдвээр илтгэл тавьж нээлттэй хэлэлцүүлсэн юм. Хүний эрхийн эксперт Д.Амарсанаа "Монгол улсад ахмадуудыг насаар нь ялгаварлан гадуурхах явдал даамжирсан. Ахмадуудыг хоцрогдсон, хуучирсан хэмээн адлаж ажлын байраар хангах, нийгмийн хөгжилд оролцохыг хязгаарлах, ганцаардуулах явдал гарсаар байна. Энэхүү ялгаварлал улс орны хэмжээнд битгий хэл гэр бүлийн хүрээнд хүртэл байгаа” гэдгийг онцоллоо. МУИС-ийн санхүүгийн тэнхимийн профессор Л.Оюун "Эдийн засгийн дарамт” илтгэлдээ "Монгол улс орон даяар 203475 ахмадуудыг хамруулж, "Ахмадуудын тэтгэврийн зээл тэдний ямар асуудлыг шийдвэрлэдэг вэ” судалгааг авсан. Судалгаанд хамрагдсан нийт ахмадуудын 64 хувь байнгын тэтгэврийн зээлтэй, 28 хувь нь 2 удаа тэтгэврийн зээл авсан, харин 8 хувь нь 1 удаа тэтгэврийн зээл авсан гэсэн хариултыг өгсөн байна. Мөн авсан зээлээ юунд зарцуулж буйг тодруулахад 40 хувь нь үр хүүхдүүдэдээ, 36 хувь нь гэр бүлдээ, 4 хувь нь хамаатан садандаа, 20 хувь нь өөртөө зарцуулсан гэжээ. Өөртөө зарцуулсан гэсэн хүмүүс нь тэтгэврийн зээлээ эм тариа худалдан авах, эмчилгээ сувилгаанд хамрагдахад зарцуулсан гэсэн байна. Тэтгэврийн зээлийн нэг онцлог нь зээл авсан ахмадууд зээлээ хаагдаж дуустал 1 ч төгрөг гар дээрээ авдаггүй. Энэ нь ахмадуудыг ядуурал руу түлхэж, бусдын гар харсан өрөвдөлтэй байдалд хүргэж байна” гэв. Судалгаанд хамрагдсан нэгэн хөгшин "Би тэтгэвэр гээчийг харалгүй их удаж байна. Эрхбиш автобусаар үнэгүй явдаг тулдаа болоод байна. Тэтгэврийн зээл дуусахын төдийд хүргэн маань намайг дагуулж банкинд очоод зээл нэмж аваад хугацааг нь сунгачихдаг. Гар дээрээ мөнгө барихгүй их удаж байна даа. Сүүтэй цай ч ууж чадахгүй байна” гэсэн нь ахмадын тэтгэврийн асуудлыг эргэж харах зайлшгүй шаардлага бий болсныг харуулж байна гэлээ. Илтгэлүүдийн дараа өглөөний уулзалтад оролцогчид илтгэгчдээс асуулт асууж, саналаа хэлсэн бөгөөд цаашид ахмад настны эрхийг баталгаажуулах талаар төр, төрийн бус байгууллагад хамтарч ажиллах шаардлагатай байгаа дээр санал нэгдлээ.