• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Байгаль орчны хяналтад хамтын оролцоо үгүйлэгдэж байна

Уул уурхайн салбараас олох ашиг, орлого улсын эдийн засагт чухал нөлөөтэй байгаа ч байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх асуудлыг мартаж, орхигдуулж болохгүй юм. Ялангуяа уул уурхайн үйл ажиллагаанаас улбаатай хүний эрхэд нөлөөлөх байдлыг үнэлэх, иргэд, олон нийтийн хараа хяналтыг сайжруулах, оролцоог идэвхжүүлэх хэрэгцээ, шаардлага тулгарсаар байна. Байгаль орчны хяналтад мэдээллийн урсгалыг тогтмолжуулах, иргэдийг чадавхжуулах явдал ихээхэн ач холбогдолтой...

Хамтын оролцоот хяналт шинжилгээний ач холбогдол, түүнийг хэрэгжүүлснээр байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн болон орон нутгийн байгууллагууд, иргэн, төрийн бус байгууллага, хувийн хэвшил зэрэг оролцогч талуудад тусах давуу тал, боломжийн талаарх мэдээлэл, ойлголтыг сайжруулах зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 26-27-нд Улаанбаатар хотноо “Хамтын оролцоотой байгаль орчны хяналт, шинжилгээ” сэдэвт семинарыг зохион байгуулж байна.

Эхний өдрийн хэлэлцүүлгээр "Монгол улсын уул уурхайн салбарын бодлого, өнөөгийн нөхцөл байдал" ерөнхий сэдвийн хүрээнд уул уурхайн байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт, Монгол Улсын уул уурхайн салбар дахь хүний эрхийн асуудал, эрсдэлд суурилсан байгаль орчин, геологи, уул уурхайн хяналт, Байгаль орчны хяналт шинжилгээ ба процессийн эрх, байгаль орчны хяналт шинжилгээний тогтолцоо: Шведийн жишээ, Монгол Улсын байгаль орчны хяналт шинжилгээний тогтолцоо, өгөгдөл, мэдээлэл ба харилцаа холбоо-үр дүнг мэдээлэх , иргэд, орон нутгийн оролцоо, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, Хамтын оролцоот байгаль орчны хяналт шинжилгээний хороо зэрэг сэдвээр илтгэл мэдээлэл өгч, хэлэлцүүллээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Шведийн Байгаль орчныг хамгаалах агентлаг, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа тус арга хэмжээнд гадаадын экспертүүдээс гадна төрийн болон байгаль орчны иргэний нийгмийн байгууллагууд, Төв, Булган, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь аймгийн байгаль орчны газар, мэргэжлийн хяналтын байцаагч нар, иргэдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцож байна.

Арга хэмжээ маргааш "Хамтын оролцоот байгаль орчны хяналт шинжилгээний хороо буюу шийдэл гаргах нь" сэдвээр үргэлжилнэ.