• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Бизнес ба Хүний эрх" зөвлөлдөх уулзалтад оролцож байна

НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах зарчмыг хэрэгжүүлэх Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний үйл явцыг эхлүүлэх зөвлөлдөх уулзалтыг 2019 оны 05 дугаар сарын 28-нд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Албаны дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулж байна. "Бизнес ба Хүний эрх" зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос төлөөлөл оролцож чиглүүлэгчээр ажиллаж байна. Уулзалтад оролцогчид бизнесийн байгууллагууд нь хүний эрхийг хамгаалах чиглэлээр дараах үүрэг хариуцлагыг хүлээх шаардлагатай хэмээн зураглажээ. Тухайлбал,

  • Дотоодын хууль тогтоомж, дүрэм журам, холбогдох шийдвэр нь бизнес, хүний эрхийн асуудлыг хэрхэн баталгаажуулж, бодит байдлаар хэрэгжиж байгааг үндэсний хэмжээнд тодорхойлох, нөхцөл байдлаа зураглаж үнэлэх;
  • Төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн зааг - хил дээс, хамтын ажиллагааны хүрээгээ тогтоохын тулд төрийн зүгээс Иргэний нийгмийн талаарх төрөөс баримтлах бодлого боловсруулах, батлах;
  • Харилцан адилгүй мэдлэг, туршлага, байгууллагын соёл бүхий хувийн хэвшлийн хуулийн этгээдийн ойлголтыг нэг мөр болгох;
  • Бизнес ба хүний эрхийн талаарх суурь зарчмууд, Даян дэлхийн гэрээ, Бизнес ба хүүхдийн эрхийн тулгуур зарчмууд зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн санаачилгыг хөрсөндөө буулгах, хэрэгжүүлэх, туршлага солилцох;
  1. Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхээр уялдуулсан үйл ажиллагаа
  • Аливаа этгээдийн өөрийн үйл ажиллагааны хүрээгээ хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засаг гэсэн гурван хэсэгт тэнцвэртэй харж, алсын хараа, эрхэм зорилго, зорилт, үйл ажиллагааны түвшинд буулгаж хэвших;
  • Бизнесийн орчин дахь сөрөг, харгис шинжтэй соёлыг халах, хүн бүрд ээлтэй шинэ соёлыг бий болгох, бизнесээ ашигтай, байгальд хор хөнөөлгүй, удаан хугацаанд үргэлжлүүлэхийн тулд бизнесийн ёс зүй, байгууллагын соёлоо хүний эрхэд суурилсан, хүн бүрийг тэгш хамруулсан, жендэрийн мэдрэжтэй, соёлд хүндэтгэлтэй хандах бизнесийн загвар, хөрөнгө оруулагч, хандивлагчийн профайл боловсруулах, ашиглах;
  • Салбар хоорондын зэрэгцээ салбар доторх хамтын ажиллагааг өргөжүүлж, эвсэл, нэгдэл, сүлжээ байдлаар нөөцөө нэгтгэж, дундын зорилгын төлөө оновчтой зориулах, эерэг өөрчлөлтийн төлөө өдөр тутмын үйл ажиллагаагаа хувирган өөрчлөх;

Компанийн нийгмийн хариуцлагыг шинээр тодорхойлсон хамтын ажиллагаа

  • Хүний эрхийн хэм хэмжээ, жишгийн дагуу ажилласан, хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжсэн, компанийн нийгмийн хариуцлагаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлсэн, байгууллагын соёлоо эерэгээр өөрчилсөн хувийн хэвшлийн этгээдийг төрийн зүгээс татвараас чөлөөлөх, хөнгөрүүлэх, татаас олгох, худалдааны хөнгөлөлт эдлүүлэх, зуучлах зэргээр дэмжих,
  • Өөрийн бүрэн эрх, чиг үүрэгтэй уялдуулан өөрийн салбарын онцлогийг тусгасан хүний эрхийн бодлоготой болж, түүний хэрэгжилтийг тухайн орон нутгийн иргэдийн утга учиртай оролцоотойгоор хэлэлцэж, хүний эрхийн нөлөөллийн үнэлгээг тасралтгүй тогтмол хийж, тайлагнаж хэвших;
  • Тухайн бизнесийн улмаас нөлөөнд өртөж байгаа нийгмийн бүлгийг чадавхжуулах, тэдний хөндлөнгийн, хараат бус үнэлгээ хийх, шийдвэр гаргахад оролцох бүхий л нөхцөлийг бүрдүүлэх гэх мэт.

Бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах зарчмыг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөө гаргах ажил нь хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог сайжруулж, хүний эрхийн стандартыг нэвтрүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зорилтууд, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, холбогдох бусад хуулийг хэрэгжүүлэхэд бодит түлхэц болохоос гадна бизнест хүний эрхийг хүндэтгэх соёлыг бэхжүүлэхэд үр нөлөө үзүүлнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна.