• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын баг Монгол Улсад ажиллав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын баг 2014 оны 9 дүгээр сарын 27-ноос эхлэн Монгол Улсад айлчилж, танилцах, туршлага судлан ажиллалаа. Айлчлалын гол зорилго нь уул уурхайн салбар дахь хүний эрхийн асуудал сэдвийн хүрээнд судалгаа хийх явдал байсан бөгөөд 6 хүний бүрэлдэхүүнтэй тус баг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Уул уурхайн яам, Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагууд, мөн Байгаль орчны иргэний зөвлөл, Хил хязгааргүй алхам төв, Хүний эрх, хөгжил төв зэрэг Монгол Улсын ХЭҮК-той хамтран ажилладаг байгаль орчин, хүний эрхийн чиглэлийн төрийн бус байгууллагууд, Швейцарийн Хөгжлийн Агентлаг зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй албан уулзалт хийлээ. Уулзалтуудаар уул уурхайн салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал, хүний эрхэд нөлөөлөх байдал зэрэг асуудлаар мэдээлэл авч, энэ чиглэлээр төрийн бус байгууллагууд Хүний эрхийн Үндэсний Комисстой хэрхэн хамтран ажилладаг талаар туршлага судалсан юм.