• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гомдол, мэдээллийг шийдвэрлэх үйл явц

Гомдол, мэдээллийг ямар хугацаанд шийдвэрлэх вэ?

Хүний эрхийн Үндэсний Комисс нь хуульд заасны дагуу гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх ба нэмэлт судалгаа, шалгалт хийх шаардлагатай бол Комиссын дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно. Комиссын бүрэн эрхэд хамаарахгүй гомдол, мэдээллийг ажлын гурван өдөрт багтаан холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлнэ.

Комисс гомдлыг албан ёсоор хүлээн авсны дараа гомдлыг шалгах ажиллагаа эхэлдэг.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний гомдол, мэдээлэл хүлээн авахтай холбогдсон бүрэн эрх

Комиссын гишүүн гомдол, мэдээлэл хүлээн авах чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Гомдол, мэдээллийг хүлээн авч, хянан үзэх;
  2. Хуульд заасан шаардлагыг хангаагүй гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах;
  3. Гомдол, мэдээлэл гаргагчид зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар тайлбарлах.

Комиссын гишүүний гомдол, мэдээллийг шалгахтай холбогдсон бүрэн эрх

Комиссын гишүүн гомдол, мэдээлэл шалгах чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Гомдол, мэдээлэл гаргасан болон холбогдох иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд, түүний удирдлагаас гомдол, мэдээллийн талаар бичгээр болон амаар тайлбар авах;
  2. Гомдол, мэдээлэл гаргагч, холбогдох иргэнийг дуудан ирүүлэх;
  3. Гомдол, мэдээлэлтэй холбоотой асуудлаар аль ч байгууллага, объект, хуулийн этгээдэд саадгүй нэвтрэн орж, холбогдох албан тушаалтантай биечлэн уулзах;
  4. Шаардлагатай нотлох баримт, албан бичиг, мэдээллийг байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авах, газар дээр нь танилцах;
  5. Тусгай мэдлэг шаардсан тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах;
  6. Байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд дангаар, эсхүл төрийн эрх бүхий байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд санал болгосны үндсэн дээр хамтран шалгалт хийх;
  7. Хуульд заасан журмын дагуу төрийн болон албаны, байгууллагын болон хувь хүний нууцтай саадгүй, даруй танилцах.

Комиссын гишүүний гомдол, мэдээлэл шийдвэрлэхтэй холбогдсон бүрэн эрх

  1. Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, зөрчих нөхцөл бүрдүүлсэн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд шаардлага, зөвлөмж хүргүүлэх;
  2. Иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд хуулиар тогтоосон журмын дагуу биечлэн болон төлөөлөгчөө оролцуулах;
  3. Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзсэн этгээдэд холбогдох хариуцлага оногдуулах тухай саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавих;
  4. Талуудыг эвлэрүүлэн зуучлах;
  5. Гомдол, мэдээлэл нь эрүү, зөрчлийн шинжтэй гэж үзвэл харьяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх;
  6. Зөрчлийг арилгах үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд зөрчил арилгуулахаар гомдол, мэдээллийг шилжүүлэх, биелэлтийг шаардах;
  7. Эрүү шүүлт явуулсан байж болзошгүй албан хаагчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт уламжлах.

Комиссын гишүүн албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн болон албаны, байгууллагын болон хувь хүний нууцыг чандлан хадгална. Тэрээр гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хуульд заасан журмын дагуу гомдол, мэдээлэл гаргагчид хариу мэдэгдэнэ.