• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дорноговь аймагт “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2017 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна.
  Тус өдөрлөг нь Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах, хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэдээс хүний эрхийн асуудлаар мэдээлэл цуглуулах, хууль зүйн зөвлөгөө өгөх, гомдол хүлээн авах, төрийн байгууллагуудаас гаргасан нийтээр дагаж мөрдөх захиргааны актуудад дүн шинжилгээ хийх, сум орон нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор тодорхой байгууллагуудад хяналт шалгалт хийх зэрэг цогц арга хэмжээ юм. "Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийн хүрээнд Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга болон хуулийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, Сумын ИТХ, Засаг даргаас сүүлийн 3 жилд гаргасан захирамж, тогтоол, тушаал, шийдвэрт хүний эрхийн дүн шинжилгээ хийж, байгаль орчин, уул уурхайн салбар дахь хууль дээдлэх зарчмын асуудлаар тусгай удирдамжийн дагуу мэдээлэл цуглуулж, холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт-ярилцлага зохион байгуулна. Мөн охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар НҮБ-ын гэрээний хороод болон Олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж, дүн шинжилгээ хийж байна. Иргэдээс гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгч байгаа тул Хүний эрхийн Үндэсний Комиссын Дорноговь аймаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэтэй 70523422 дугаарын утсаар холбоо барина уу.