Дотоод хамтын ажиллагаа - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дотоод хамтын ажиллагаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих хуулинд заасан мандатаа хэрэгжүүлэхэд үндэсний хэмжээнд төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудтай идэвхитэй харилцаж, хамтран ажиллах нь чухал юм. Монгол Улсын хууль тогтоомж болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ конвенциудад заасан хүний эрхийг хүндэтгэн сахих нь голлох үүрэг хүлээгчид болох төрийн байгууллагууд, мөн хувийн үүрэг хүлээгчид болох хувийн хэвшлийн байгууллага аж ахуйн нэгжүүд, мөн нийгэмд үйлчлэх үүргийг өөртөө хүлээсэн төрийн бус байгууллагууд, иргэний нийгэм, тэдгээрт ажилладаг албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаандаа анхаарч гүйцэтгэж байвал зохих хариуцлага болж байдаг. Тухайн байгууллагын хүний эрхийн талаарх хандлага, албан хаагчдын мэдлэг ойлголтыг сайжруулахаас тэдгээр үүрэг хүлээгчид үүрэг хариуцлага биелүүлэх, хүний эрх газар бүр хэрэгжихийн урьдач нөхцөл болно. Хууль тогтоомж, гэрээ конвенцид заасан хүний эрхийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн төр нь иргэдэд үйлчилгээ үзүүлэгч болохынхоо хувьд ч өөрийн бүтэц, тогтолцоонд байгаа бүхий л байгууллагын хүрээнд хүний эрхийг хүндэтгэж, хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй юм. Тиймээс Комисс анх байгуулагдсан цагаасаа хяналт шалгалт, судалгаа хийх, албан хаагчдынх нь мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зэргээр төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирлээ. Төрийн байгууллагууд, тэр дундаа хууль хяналтын байгууллагын өөрсдийн дотоод бүтцэд гардаг хүний эрхийн зөрчлийг илрүүлж, тэдгээрийн нөхцөл шалтгааныг тодорхойлон, цаашид хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагаа чиглэнэ. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил нь ихэнх тохиолдолд төрийн албан хаагчдын буруу үзэл хандлагаас үүдэлтэй байдаг тул төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, тэдэнд хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь эн тэргүүний ач холбогдолтой. Тиймээс анх байгуулагдсан цагаасаа эхлэн Комисс төрийн байгууллагуудын хүсэлтээр болон өөрийн санаачлагаар төрийн албан хаагчдын дунд хүний эрхийн сургалтуудыг зохион байгуулж ирсэн билээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын хамтран ажиллаж ирсэн төрийн байгууллагуудын дунд яам агентлагууд зэрэг тодорхой асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд, аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргын тамгын газрууд зэрэг нутгийн захиргааны байгууллагууд, Цагдаагийн Ерөнхий Газар, Улсын Ерөнхий Прокурорын Газар, Улсын Дээд Шүүх тэргүүлэн бүх шатны шүүх, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагууд, хорих анги, Авилгатай Тэмцэх Газар, Тагнуулын Ерөнхий Газар зэрэг хууль сахиулах байгууллагууд орж байна. Хүний эрхийн Үндэсний Комиссын хүчин чармайлтын үр дүнд төрийн байгууллагуудын зүгээс Комиссын хамтран ажиллах саналыг нааштайгаар хүлээн авах болсон бөгөөд хүнийн эрхийн боловсрол, судалгааны чиглэлээр байнгын хамтын ажиллагаа хэвшин тогтоод байна. Тиймээс хоёр талын санаачлага дээр тулгуурласан хамтран ажиллах санамж бичгийг олон төрийн байгууллагатай байгуулан ажиллаж байна. Хүний эрхийг сахин хүндэтгэх, хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай тогтоосон харилцаа хамтын ажиллагаа Комиссын олон талт хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлнэ. Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөний асуудлаар ажиллаж буй төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудын Монгол Улс дахь салбарууд хүний суурь эрх, эрх чөлөөний асуудлыг хөндөж ажилладагаас гадна төрөлжсөн эрхээр дагнан ажилладаг байгууллагууд олон бий. Комиссын зүгээс тухайн байгууллагуудтай олон нийтийн дунд хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт сурталчилгааны ажилд хамтран ажиллахын зэрэгцээ туршлага солилцох, албан хаагчдынхаа чадавхийг дээшлүүлэхийн тулд харилцан сургалт зохион байгуулах, хүний эрхийн тодорхой асуудлаар хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чиглэсэн нөлөөллийн ажил хамтран зохион байгуулах зэргээр байнгын холбоотой ажиллаж байна. Комисс бүтцийн хувьд цомхон орон тоо цөөн тул хүний эрхийг хөхиүлэн дэмжих мандатаа хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагууд, тэр дундаа орон нутагт ажилладаг байгууллагуудын дэмжлэг ихээхэн тус дөхөм болгодог. Комисс төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөлтэй зөвхөн боловсрол сурталчилгааны чиглэлээр хамтран ажилладаг гэж ойлгож болохгүй. Зарим тодорхой асуудлаар мэргэшсэн төрийн бус байгууллагуудтай хамтран судалгааны ажил гүйцэтгэхээс гадна хяналт шалгалтын ажил зохионы байгуулж байна. Жишээ нь Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоотой хамтран хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниудад ажиллагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн талаар нээлттэй хяналт шалгалтыг зохион байгуулж ирлээ. Мөн "Хил хязгааргүй алхам” зэрэг байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудтай хамтран уул уурхайн салбарын нөлөөлөлд орсон иргэдийн хүний эрхийн хэрэгжилтийн талаар судалгаа хийж, хамтран хөдөө орон нутагт сурталчилгааны ажил зохион байгуулж байв. Хүний эрхийг сурталчлах, хөхиүлэн дэмжих чиглэлд хэвлэл мэдээллийн байгууллага мөн чухал үүрэгтэй. Тиймээс Комисс сургалт, сурталчилгааны чиглэлд хэвлэл мэдээлллийн байгууллагуудтай тогтмол хамтран ажилладаг бөгөөд өдөр тутмын сонинуудтай тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд хүний эрхийн булан бий болгож, Боловсрол суваг, Монголын Үндэсний Олон нийтийн Телевиз, TV9, UBS, Mongol news/MN-25 дугаар суваг/ зэрэг телевизүүдтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.