Малайзын шүүх хуралд ХЭҮК-ын гишүүн оролцож байна - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Малайзын шүүх хуралд ХЭҮК-ын гишүүн оролцож байна

Монгол Улсын иргэн Малайз Улсад амь насаа алдсан хэргийг шүүх хурал 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус улсын нийслэл Куала Лампур хотноо эхэллээ. Тус хуралд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс итгэмжит төлөөлөгчөөр ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг оролцож байна. Уг хэргийг шүүх хурал олон удаа хойшлогдож байсан бөгөөд энэ удаагийн хурал 10 хоног үргэлжилнэ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл уг шүүх хуралдаанд оролцсоныхоо дараа Малайзын хэвлэлийнхэнд "Энэ цочирдом, аймшигт аллага болсноос хойшхи бүхий л хугацаанд, өнгөрсөн 12 жилийн хугацаанд манай байгууллага талийгаачийн ар гэрийнхэнтэй холбоотой байж, хамтран ажиллаж ирсэн. Малайзын шүүх тогтолцоог ажиглахаар Монголоос хүрэлцэн ирээд байна.

Өнөөдөр Монгол, Малайз байхаас үл хамаараад хүн бүр үнэ цэнтэй. Хүний амь нас бол юугаар ч орлуулшгүй зүйл. Ийм ч учраас энэ хэрэг зөвхөн Монгол, Малайз хоёр улсын хоорондын асуудал биш бөгөөд дэлхий нийт шударга ёсыг хүлээж байна. Өнөөдрийн Малайзын шүүх тогтолцоо шударга ёсыг харуулна гэдэгт итгэж байна. Малайзын шүүх хохирогчдын нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж, дотоодын хууль тогтоомжоос гадна нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудыг дагаж мөрдөнө гэдэгт найдаж байна. Монгол, Малайз ялгаагүй НҮБ-ын гишүүн орнууд учраас хүний эрхийн олон улсын гэрээг дагаж мөрдөх үүрэгтэй" гэсэн байна. Шүүх хуралд ХЭҮК-ын гишүүнээс гадна Монгол Улсаас Тайланд улсад суугаа Элчин Сайдын Яамны Консул Г. Бямбасүрэн оролцож байна.

Малайз Улсын хэвлэлүүдэд энэ талаар өргөн дэлгэр мэдээлж байгаа бөгөөд олон нийтийн зүгээс ч хүлээлттэй байгаа аж. Хэвлэлүүдэд “...Удаан хүлээсний эцэст шүүх хурал сая эхэлж байгаа нь сайн хэрэг. Хэрэг явдал 2006 онд болсон атал 12, 13 жил хүлээлгэсний дараа эхэлж байна. Хэргийг бүхэлд нь 2 долоо хоногийн дотор шийдэх боломжтой эсэх нь бас тодорхойгүй. Учир нь дуудагдах гэрч олон байгаа. Гэхдээ шүүх хурлыг эхлүүлсэн нь сайн хэрэг” хэмээн бичиж байна.
Зарим эх сурвалж: https://www.malaymail.com/…/altantuyas-son-dead-am…/1715234…