• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийн Ажлын хэсэг Архангай, Өвөрхангай аймагт ажиллаж байна

Сүүлийн жилүүдэд туслах малчин гэх ойлголт түгээмэл хэрэглэгдэж, Үндэсний статистикийн хорооноос үүнтэй холбоотой статистик мэдээллийг албан ёсоор гаргах болсон бөгөөд 2019 оны байдлаар нийт 285.5 мянган малчны 94.7 хувь нь үндсэн малчид, 15.2 мянга буюу 5.3 хувь нь туслах малчид байна. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр баталсан “Монгол малчин” хөтөлбөрт “Мал бүхий этгээдийн малыг гэрээний дагуу малладаг туслах малчин” хамрагдана гэж заасан. Туслах малчдын хөдөлмөр буюу үндсэн болон туслах малчны хооронд хөдөлмөрийн харилцаа нэгэнт бий болсон ч үүнийг зохицуулах эрх зүйн орчин төдийлөн сайн хөгжөөгүй байна. Тухайлбал, үндсэн болон туслах малчны хооронд гэрээнд суурилсан албан харилцаанаас илүүтэй аман тохиролцоонд үндэслэсэн харилцаа давамгайлж байна. Үүнээс үүдэлтэйгээр туслах малчдын хувьд эрх, эрх чөлөө нь зөрчигдөх, хуульд заасны дагуу зохих эрхээ эдэлж чадахгүй байх нөхцөл байдал үүсэж болзошгүй юм. Иймд тэдний нийгэм, эдийн засгийн асуудлыг тусгайлан судлах, улмаар хөдөлмөрийн гэрээ, урамшуулал, гэр бүлийн гишүүд, хүүхдийн нийгмийн хамгаалал, халамж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, оролцоог хангах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх зэрэг эрхийг хангах талаар бодлогын зохих арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай байна.

Энэхүү шаардлагад үндэслэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Европын холбооны санхүүжилтээр "Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийг 2020-2022 онд хэрэгжүүлж эхэллээ. Төслийг Хэнтий аймгийн Батноров, Галшар, Өмнөдэлгэр, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Түвшинширээ, Эрдэнэцагаан, Архангай аймгийн Хайрхан, Ихтамир, Эрдэнэмандал, Өвөрхангай аймгийн Богд, Хужирт, Хархорин суманд хэрэгжүүлнэ. Урьдчилан тооцоолсноор 120 гаруй туслах малчин, тэдгээрийн гэр бүл хамрагдана. Төслийн хамтрагчаар Монголын Эмэгтэйчүүдийн холбоо ТББ ажиллаж байна. Манай Ажлын хэсэг 2020 оны 06 дугаар сарын 07-13-нд Архангай, Өвөрхангай аймагт ажиллаж, хүний эрхийн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Мөн төслийн хүрээнд "Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ба хүний эрхийн хэрэгжилт" судалгааг хийж байна.