• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институци, Хүний эрхийн газартай хамтарч ажиллана

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын Ажлын албаны дарга А.Дашдэлэг нар 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Төв Ази, Монгол Улсыг хамаарагч тусгай төлөөлөгч ноён Тьерри Мариани тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хүний эрхийн Үндэсний Комисс нь тус байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн 10 дугаар сард ЕАБХАБ-ын Ардчилсан институци, Хүний эрхийн газраас Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулинд дүн шинжилгээ хийх "Эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрхийн мониторинг" сургалт семинарыг хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн үндэсний байгууллага болон төрийн зарим байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулсан.  Цаашид ХЭҮК Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институци, Хүний эрхийн газартай хамтран ажиллах, үндэсний хууль тогтоомжуудад олон улсын хүний эрхийн стандартын үүднээс дүн шинжилгээ хийх зэрэг ажлыг төлөвлөөд байгаа юм.  2013 оны 11 дүгээр сарын 9-12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж буй ноён Тьерри Мариани нь 1993 оноос БНФУ-ын Үндэсний Ассамблейн гишүүнээр, 2013 оны 3 дугаар сараас эхлэн ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Төв Азийг хамаарагч тусгай төлөөлөгчөөр тус тус сонгогдон ажиллаж байгаа Европын зөвлөлийн гишүүн хүн юм байна.