• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Евро-Азийн Омбудсмены Холбооны хурал боллоо

Евро-Азийн Омбудсмены Холбооны хурал 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Москва хотод зохион байгуулагдсан бөгөөд ОХУ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Татьяна Москальковой тус хурлыг удирдан явууллаа. Хурлын нээлтийн үеэр хатагтай Татьяна Москальковой тус Холбооны гишүүдийн харилцан хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглээд, энэ жилд хийсэн ажлын сайн туршлагаасаа хуваалцав.
"Энэ жилийн хувьд Евро-Азийн Омбудсмены Холбооны зүгээс хүний эрхийг хамгаалах асуудлаар олон янзын нөхцөл байдалтай тулгарсан. Хувцасны үйлдвэрт ажиллаж байсан бүлэг Киргиз иргэд цалингаа авч чадалгүй үлдсэн байсан бөгөөд зөрчигдсөн эрхийг нь сэргээхэд бид оролцсон. Түүнчлэн хууль бусаар хүмүүсийг албадан гаргасан тохиолдол ч гарсан байна" гэж Оросын омбудсман хэллээ. Холбооны гишүүд 2019 оны ажлын төлөвлөгөөг мөн хэлэлцсэн бөгөөд энэ үеэр хатагтай Татьяна Москалькова хэлэхдээ "Засан хүмүүжүүлэх газарт хамтарсан шалгалт хийх, өөр улсын нутаг дэвсгэрт буй гадаадын иргэдийн эрхийг хамгаалах асуудлаар дугуй ширээний ярилцлага зохион байгуулах, мөн нутаг буцаагдах гэж буй гадаадын иргэдийг саатуулж буй цагдан хорих төвүүдрүү хамтарсан шалгалт хийж нөхцөл байдалтай танилцахыг миний зүгээс санал болгож байна” гэв. Түүнчлэн тэрээр сэтгэцийн эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, цагаачдын эрх, сууц өмчлөх эрх болон залуучуудын хуулийн боловсрол зэрэг сэдвийн хүрээнд гадаадын иргэдийн эрхийг хамгаалах асуудлаар дугуй ширээний ярилцлага хийхийг санал болголоо. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Евро-Азийн Омбудсмены Холбоонд гишүүнээр элссэн бөгөөд Евро-Азийн Омбудсмены Холбооны тав дах оролцогч гишүүн болсныг онцлууштай. Холбооны оролцогч гишүүд Евро-Азийн Омбудсмены Холбооны ажиглагчийн статусыг танилцуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан ба Евро-Азийн Омбудсмены Холбооны хууль дүрэм бий болгох, түр ажлын алба болон дарга томилох асуудлаар санал солилцсон юм. Евро-Азийн Омбудсмены Холбоо нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан бөгөөд Европ, Азийн улс орнуудын хүний эрхийн хамгаалагчдын үйл хэргийг нэгтгэсэн хүний эрхийн байгууллага билээ. Эх сурвалж: ОХУ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар