Ж.Бямбадорж: Английн хүний эрхийн байгууллагад Б.Хурцын асуудлаар хандана - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ж.Бямбадорж: Английн хүний эрхийн байгууллагад Б.Хурцын асуудлаар хандана

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийн "Үндэсний шуудан" сонинд өгсөн ярилцлагыг уншигч танаа толилуулъя.   Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Хэдхэн хоногийн дараа Б.Хурцын давж заалдах шатны шүүх хурал болох гэж байна.  Энэ хурал эцсийнх байх. Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаас байр суурийг нь сонсох гэж ирлээ.  -За. -Та "Эмнести интернэшнл” байгууллагын цахим хуудсанд гарсан мэдээллийг уншсан л байлгүй…  - Талийгаач Д.Энхбатын дүүгийн амь насанд заналхийлсэн гээд үү. -Харин тийм. Б.Хурцын хулгайлж авчирсан гэх Д.Энхбатын дүү Д.Баярааг хордуулсан, амь насанд нь заналхийлсэн, энэ талаар бичсэн сэтгүүлчийг сүрдүүлсэн гээд бичсэн байсан. Тэгээд энэ материалыг Лондоны шүүх рүү явуулсан гэсэн байна лээ?  - "Эмнести интернэшнл” олон улсын байгууллага өөрийн вэб хуудсандаа Д.Баяраа гэдэг хүний тухай бичиж, Хүний эрхийн Үндэсний Комиссыг  анхаарлаа хандуулахыг хүссэн байсан. Манай байгууллага өөрийн үүргийн дагуу холбогдох газруудад асуудал тавьж, хариулт авсан. Д.Баярааг хордуулсан, зодсон гэдэг асуудал хэвлэлд гарсан юм байна. Энэ дагуу холбогдох газрууд шалгалт хийгээд ирүүлсэн хариу энэ байна. Нийслэлийн прокурорын туслах, хэлтсийн дарга Жадамба прокурорын энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдөр манайд ирүүлсэн албан бичиг байна. Энд дурдсанаар нэгдүгээрт, талийгаачийн дүүг зодсон, хордуулсан гэдэг нь тогтоогдоогүй. Хоёрдугаарт,  Б.Хурцтай, эсвэл Д.Энхбаттай холбоотой гэсэн ямар ч юм тогтоогдоогүй л юм байна лээ. Тэгэхээр Б.Хурц ч ялгаа байхгүй, Д.Баяраа ч ялгаа байхгүй адилхан л Монгол Улсын иргэн. Хэн нь ч эрхээ хамгаалуулах эрхтэй. Хүний эрхийн Үндэсний Комисс бол нэг талаас энэ асуудалд маш анхааралтай ханддаг. Нөгөө талаас аливаа худал хуурмаг мэдээллээр Монгол Улсын хэн нэгэн иргэнийг буруутгах, нотлох баримт болгох  ийм худал зүйл гарвал бид түүнд нь  хариу өгөх ёстой. Би саяын өөрийн чинь асуултын  талаар мэдээлэл хайгаад нарийн юм олсонгүй. Харин Монголын хууль хяналтын холбогдох байгууллагуудын ирүүлсэн бичгээс үзвэл Д.Энхбат агсны гэр бүл, ах дүүсийг дарамталсан ямар нэгэн юм байхгүй гэж ойлгож байгаа. Мөн тэр талаар бичсэн сэтгүүлчийг дарамталсан гэсэн зүйл өнөөг хүртэл манайд ирээгүй. Сонин хэвлэл шүүгээд ч бичсэн материалынхаа төлөө дарамтлуулсан гэсэн юм олсонгүй. -Хүний эрхийн Үндэсний Комисс бол ямар ч байсан ийм юм нотлогдсонгүй гээд дүгнэлтээ гаргасан юм байна, тийм үү? -Бидний авсан мэдээллээр бол ямар нэгэн ийм зүйл алга аа гэдгийг л хэлж байгаа юм. Бид чинь прокурор, хуулийн байгууллага болон үүний хойноос хөөцөлдсөн баримтыг түшиглэн ярина шүү дээ.  -"Эмнести интернэшнл”-ийнхэн ямар баримтан дээр үндэслэн тэр бүхнийгээ гаргасан юм болоо. Хүний эрхийн Үндэсний Комисст албан ёсоор мэдэгдсэн зүйл байгаа юу?  -Тийм юм байхгүй. Гэхдээ олон улсын байгууллагад тодорхой өргөдөл гомдлын дагуу л асуудал очдог. Тэр газар нь өөрсдийн тухайн төлөөлөгчийн газраар дамжуулан тодорхой хүн явуулж шалгуулах, эсвэл тэнд байгаа Хүний эрхийн байгууллагад хандаж, анхаарахыг хүсдэг л дээ. "Эмнести интернэшнл” гэлтгүй НҮБ-ын олон төрөлжсөн хүний эрхийн байгууллагууд байна. Эд ч мөн ялгаагүй, тийм л зарчмаар ажилладаг. -Нөгөө талаас Б.Хурцын ар гэрийнхэн танайд хандсан болов уу?  -Хандсаан хандсан. Тэд өргөдөлдөө "Б.Хурцын хувьд үүргээ биелүүлж явж байгаад төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаад түүндээ буруутгагдаж байна. Түүний гэр бүл, үр хүүхэд нь хохирч байна” гэсэн байсан. Энэ бол үндэслэлтэй. Түүний гэр бүлийн хүн нь Б.Хурцыг баривчлагдсан энэ хугацаанд Лондонд очоод төрсөн. Нялх хүүхэдтэйгээ тэнд байж л байна. Мөн насанд хүрээгүй хүүхэд нь тэнд байгаа. Энд бас хүүхдүүд нь байгаа. Энэ бүгд чинь бас бидний анхааралд байх асуудал л даа. Сая манай байгууллагын зүгээс ИБУИНВУ-ын төрийн сайд Жереми Брауныг Монголд ирээд байх үед нь уулзах хүсэлт тавьсан. Харамсалтай нь уулзах боломж олдсонгүй. Бас Элчин сайдын яамаар нь дамжуулан асуудал тавьсан. Элчин сайдын яамнаас бидэнд хариу ирүүлэхдээ "Хуулийн дагуу бүх юм явагдаж байгаа. Хэрвээ хоригдож байгаа Б.Хурц өөрөө ямар нэгэн байдлаар эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа бол бид тэрийг шалгуулж болно” гэсэн байсан. Асуудал ганцхан тэр биш шүү дээ. Б.Хурцаас гадна тэнд байгаа гэр бүл, үр хүүхдийнх нь талаар бид яриад байгаа юм шүү дээ. Энэ асуудлыг бид анхааралтай судалж байна. Бас Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Хүний эрхийн байгууллагад хандахаар материал цуглуулаад байж байна.   -Монголд талийгаач Д.Энхбатын ар гэрийнхнийг дарамталж заналхийлж байна гэсэн энэ мэдээлэл Лондоны шүүхийнхэнд бас хүрсэн л байх даа?  -Очсон бололтой юм. Алагаараа харж, арваараа бариагүй болохоор би яг нарийн хэлж мэдэхгүй байна.Тэгээд л "бололтой” гэж байгаа юм шүү. -Манай зүгээс бас энэ нь үндэслэлгүй юм байна гэсэн баримт нотолгоо явуулж байгаа болов уу?  -Тэрийг нарийн мэдэхгүй юм. Манайд зохих шугамын дагуу асуудлаа тавьсан бол явуулж л байгаа байх. -Хурцын ар гэрийнхний эрх нь хөндөгдөж байна гэж та хэлж байна. Яг өөрийнх нь зүгээс эрх нь хөндөгдөж байгаа зүйл байгаа болов уу. Энэ талаар танай байгууллагад хандсан болов уу?  -Тэр талаар одоохондоо хэлэх зүйл алга байна. Манай Засгийн газрын зүгээс, өмгөөлөгчдийн зүгээс дипломат эрхээ биелүүлж байсан хүнийг Венийн конвенц зөрчин баривчиллаа гэдэг асуудал  ямар ч байсан тавьж байгаа юм билээ.  -Хүний эрх зөрчигдсөн гэсэн бас нэгэн өргөдлийн талаар хариулт өгнө үү. Авилгатай тэмцэх газрын дэд дарга Д.Сундуйсүрэнгийн өргөдлийн дагуу танай байгууллага дүгнэлт гаргасан гэж сонссон. Хүний эрх зөрчигдсөн гэж үзсэн болов уу, эсвэл үгүй юү? -Д.Сундуйсүрэн манайд өргөдөл гаргасан. Хамгийн гол нь "Бид халдашгүй эрхтэй байсан. Бидний халдашгүй эрхийг зөвхөн УИХ цуцалсан тохиолдолд мөрдөн байцаах, хорих ажил явагдах ёстой” гэж өргөдөлдөө дурдсан байсан л даа. Хоёр шатны шүүхийн шийдвэр гарчихсан нөхцөлд Хүний эрхийн байгууллага яах ч билээ. Гэхдээ УИХ-д хууль зөрчиж байна гэдгийг нь хэлсэн, бичиг явуулсан.  -Ямар хуулийг яаж зөрчсөн гэж үзсэн юм бэ?  -Хуульд зааснаар УИХ-ын зөвшөөрөлгүйгээр баривчлах цагдан хорих учиргүй. Гэтэл ийм практик тогтох гэж байна. Үүнд анхаараач ээ гээд УИХ-ын даргад бичиг явуулсан. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх байсан юм уу, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэлгүйгээр шүүн цагдан хорьж болох байсан юм уу гэдэг бол бидний асуудал биш шүү дээ. Гэхдээ ямар ч л байсан хуулийн заалт зөрчсөн тухай УИХ-д мэдэгдсэн байгаа.  -Бас сүүлийн үед сэтгүүлч До.Чулуунбаатарыг хандсан гэж сонссон?  -Өөрөө хандаагүй, сэтгүүлчдийн байгууллага хандсан. Бид До. Чулуунбаатартай очиж уулзсан. Ямар нэгэн эрүү шүүлт дарамт байна уу гэсэн, байхгүй ээ л гэж байна лээ. Сонин хэвлэлээс хараад байхад эрүү шүүлт явуулаад байгаа юм уу гэмээр харагдаж л байна лээ. Үнэн бол шүү дээ. Жишээ нь, "Чиний ард хэн байгаа юм, Энхбаяр уу, Энхбаяр гээд хэлчих” гэсэн асуулт байгаа юм. Хэрвээ тийм асуулт тавьж байгаа бол энэ бол эрүү шүүлтийн нэг хэлбэр мөн. Яахав манайхан очиж уулзахад өөрөө бол үгүй ээ л гэсэн байна лээ. Гэхдээ хоригдож байгаа хүн хэцүү шүү дээ. Би үгүй байгаасай гэж хүсч байна.                                                                                             Ярилцсан : С.Ононтуул            "Үндэсний шуудан” сонин. 2011 оны зургадугаар сарын 17. № 143(1167)    Хавсралт файл Хэмжээ
230.84 KB