Ж.Бямбадорж: Мөрдөн байцаалтын арга нь хэвээрээ байна - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ж.Бямбадорж: Мөрдөн байцаалтын арга нь хэвээрээ байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комис­сын дарга Ж.Бямба­доржийн "Өдрийн сонин"-ы 2013 оны 9 дүгээр сарын 11-ний дугаарт өгсөн ярилцлагыг уншигч танаа толилуулъя. -Танай байгууллагад он гарснаас хойш хич­нээн өргөдөл гомдол ирэв. Хэрхэн шийдвэр­лэж байна? -Ер нь өргөдөл гомд­лын  тоо эрс нэмэгдэж байгаа. Хүмүүс өөрс­дийн­­хөө эрх, эрх чөлөөг мэдэрдэг болж. Жаахан ч гэсэн эрх нь зөрчигдсөн тохиолдолд холбогдох байгууллагад хандвал сэргэдэг гэдгийг мэддэг болжээ. -Ямар төрлийн өргө­дөл гомдол ирж байна вэ? -Нийт гомдлын 70-80 хувийг ял шийтгүүлээд хоригдож байгаа болон цагдан хоригдож байгаа  хүмүүсээс ирүүлсэн бай­даг. Хэрэг нь шалгагдаж дуусаад шүүхээр шийд­вэр­лүүлж байгаа хүмүү­сийн өргөдөл гомдол ч байна. Мөн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэх гом­дол нэлээд ирдэг боллоо. "Ажлаас халагдлаа, хө­дөл­мөрийн гэрээ бай­гуул­даггүй, ажил дээр дарамт үзүүлж байна" гэх мэт гомдол ирж байгаа. Өнгөрсөн жил уул уур­хайн асуудлаар нэлээд том хэмжээний хурал зо­хион байгуулсан. Тэр үеэр иргэд, ялангуяа хө­дөө­гийн малчид их ирсэн. Уул уурхайн олборлол­тын үр нөлөөнөөс бо­лоод эрх нь зөрчигдөж байгаа хүмүүс өргөдөл  гомдол мэдүүлдэг. -Хэрэг бүртгэл, мөр­дөн байцаалтын явцад эрүүдэн шүүх аргыг хэ­рэглэж, хүний эрх ноц­той зөрчигдөж байгаа талаар та өнгөрсөн до­лоо хоногт хэвлэ­лийн­хэнд мэдээлсэн. Хэрэг нь цагаадсан хүмүүс эрхээ сэргээлгэхээр танайд ханддаг уу? -Хэрэг бүртгэл, мөр­дөн байцаалт, шүүхийн буруутай үйл ажиллагаа­наас болоод хохироод цагаадсан хүмүүс эрхээ сэргээлгэхээр манайд ханд­даг. Ингэснээр тэд­ний зарим нь улсаас нө­хөн олговор авсан то­хиолд­лууд бий. Жишээл­бэл, танай сонин дээр гарч байсан Орхон айм­гийн иргэн Ням-Очир гэдэг залуугийн хэрэг байна. Хилс хэрэгт гүтгэгдсэн тэрээр мөрдөн байцаал­тын үед зодуулан хөгж­лийн бэрхшээлтэй бол­сон. Түүний хэрэг шүүхээр ороод 42 сая төгрөгийн нөхөн олговор авсан. Сэт­гэцийн өвчтэй болсон Ням-Очир насаараа ээжийн­хээ асаргаанд явах­гүй. Тэр 42 сая төг­рөгийг ямар насаараа идэх юм биш. Түүн шиг хэлмэгдсэнээ мэдээд сал­сан нь их юм гээд явж байгаа хүмүүс олон бий. Харин хэлмэгдсэнээ  мэ­дэх­гүй хүмүүс байгаа нь харамсалтай. Тэдгээр хо­хир­сон иргэд болон төрийн үйл ажиллагааг буруу явуулж байгаа албан хаагчдад сургамж болоосой гэсэндээ зарим хэргийн талаар мэдээл­дэг. Хэрэв ингэж хохирсон иргэн байгаа бол Мон­голын төр танаас уучлал хүсч, зохих хэмжээнийхээ нөхөн олговрыг олгодог. Харин бид зуучилдаг юм. -Тэгвэл хэрэг бүрт­гэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн бу­руутай ажиллагаанаас  иргэн хохирсон бол эд­гээр хүмүүст арга хэм­жээ авдаг хууль байна уу? -Эдгээр  албан ту­шаалт­ны буруутай үйл ажиллагаанаас хохирсон иргэнд нөхөн төлбөр ол­го­дог хууль байдаг. Нөхөн олговрыг төсвөөс өгдөг. Би үүнийг хоёр талтай гэж үздэг. Буруутай албан тушаалтнуудад хариуц­лага тооцох нь зөв л дөө. Гэхдээ буруутайгаа нот­луу­лахгүй, яаж ийгээд хүнийг буруутан болгох гэсэн хандлага гарах гээд байдаг. Иймд иргэн бу­руугүй гэдгээ тогтоол­гоход бэрхшээл учирч болзошгүй. Хэрэв буруу­тай албан тушаалтанд хариуцлага тооцох бол­бол нэг ч иргэн хохирс­ноо тогтоолгож чадахгүй байж мэднэ шүү дээ. -Ийм тохиолдолд ту­хайн иргэнийг хамгаа­лахын тулд ХЭҮК ажил­лах ёстой биз дээ? -ХЭҮК аль аль талыг нь харж, мэдрэмжтэй хан­дахгүй бол хэцүү. -Яагаад? -Тухайлбал, "Ажил дээр намайг дарамталж байна, цалин хөлс бага өгч байна, үндэслэл­гүй­гээр ажлаас халчихлаа" гэх гомдлоор жишээ татъя. Үүнийг бид шал­гаад тогтоогоод үзэхээр эргээд нөгөө ажилтанд сайнаар биш муугаар нө­лөө­лөх талтай. Хохирогч эргээд удирдла­гуудын­хаа хараанд өртдөг. Ин­гэс­нээрээ бид тэр хүнд тус болж байна уу, ус болж байна уу. Тухайн үедээ тус болдог. "Хохирогчийн эрх нь зөрчигдсөн байна, хөдөлмөрийн гэрээ бай­гуул, цалинг нь өг" гэж албан тушаалтнаас шаар­­дана. Харин мар­гааш нь өө хайж дахиад л дарамталдаг. Манайд ирсэн өргөдөл гомдлууд дунд ийм тохиолдол олон. Хүний эрхийн мэд­рэмжтэй байх гэдэг на­рийн. Тэр мэдрэмжээрээ эрх нь зөрчигдсөн иргэ­ний асуудалд хандах хэ­рэгтэй. Тэгэхгүй бол дан хууль яриад л явах юм бол нөгөө хохирогчоо хавчлагад оруулчих тал­тай. -Цагдаа хүчний бай­гууллага эрүүдэн шүүх ажиллагааг явуулж бай­на гэсэн таны мэдээл­лийн хариуд Цагдаа­гийн ерөнхий газраас мэдэгдэл ирүүлсэн гэсэн үү? -ЦЕГ-ын Хэвлэл мэ­дээллийн төвийн дарга Т.Сайнжаргал хурандаа надад мэдэгдэл өгсөн тухай мэдээллийг би сай­таас олж харсан. Одоо­гоор надад албан ёсоор мэдэгдэл ирсэн зүйл алга. ЦЕГ-аас "Манайд нэг ч иргэний гомдол ирээгүй" гэсэнд би маш их гайхаж байна. Өргөдөл гомдлуудыг нягтлан бүлэглэж байгаа. Бидэнд тодорхой барим­тууд байна. Тэр дунд за­рим нь прокурорын мөр­дөнд очоод эрүү үүсчих­сэн хэргүүд ч бий.  Тийм байтал яахаараа бид­нийг ЦЕГ-ыг гүтгэж байна, манайд нэг ч өргөдөл гомдол ирээгүй гэж мэ­дээлсэн байгаа юм бол. Магадгүй сайт ташаа мэ­дээлсэн байхыг үгүйсгэх­гүй. Хэрэв ЦЕГ-аас надад мэдэгдэл ирвэл мэдэгд­лийн хариуг хэвлэл мэ­дээллийн хэрэгслээр өгнө. Гэхдээ тухайн албан тушаалтан, хохирсон ир­гэ­­ний тухай дурдагдахгүй. Тийм хэрэг дахин бүү давтагдаасай гэдэг үүд­нээс мэдээлэх болно. Хамгийн сүүлийн ганц жишээг танд дуулгах уу. Өчигдөрхөн ХЭҮК Төв аймагт Хүний эрхийн өдөр­лөг арга хэмжээг зо­хион байгуулсан юм. Энэ үеэр тус аймгийн Цаг­даагийн газрын үйл ажил­лагаатай танилца­хад 2013 оны байдлаар 18 албан хаагчид холбог­дуулан хүний эрхийг зөрч­сөн, эрүү шүүлт тул­гасан талаар Улсын Ерөн­хий прокурорын дэр­­гэдэх Мөрдөн бай­цаах албанд гомдол гар­гасан байна. Тэдгээрээс дөрвөн албан хаагчид холбогдуулан эрүүгийн дөрвөн хэрэг үүсгэн шал­гаж байгаа ба нэг хэргийг прокуророос яллах дүг­нэлт үйлдэж шүүх рүү шилжүүлээд байна. Цагдан хорих бай­ранд хийсэн шалгалтаар нэг хүн хоригдох үедээ цагдаагийн албан хааг­чид резинэн болон ца­хил­гаан бороохойгоор зодуулсан гэх мэдээлэл өгсөн ба түүний биед учир­сан гэмтлийн гэрэл зургийг авч бэхжүүллээ. -Эрүүдэн байцаах ажиллагааг таслан зог­соохын тулд ХЭҮК ямар ажил хийж байна? -ХЭҮК-оос УИХ-ын Хүний эрхийн дэд хороо­ны дарга Д.Ганбаттай ярьж тохирсон юм байгаа. Энэ асуудлаар хэлэлцүү­лэг зохион байгуулдаг ч юм уу. Тэгэхгүй бол бай­дал эвгүй болсон байна. -Хэрэг бүртгэл, мөр­дөн байцаалтын явцад эрүүдэн шүүх ажилла­гаа­ны ямар хэлбэр зон­хилдог юм бол. Иргэ­дийн ирүүлсэн өргөд­лөөс нэр дурдахгүйгээр хэлэхгүй юу? -"Намайг бичиг үсэг мэдэхгүйг далимдуулж бичиг цаасан дээр гарын үсэг зуруулдаг", "Чамайг шоронд хатаана", "Эхнэ­тэй чинь шоронд хийнэ." Хэргээ хүлээхгүй бол ча­майг цонхоор шидчихээд өөрөө үсэрсэн гэж хэлнэ", "Өвчтэй ээжийг чинь шо­ронд хийнэ шүү гэж тул­гадаг" гэх зэрэг мэдээл­лүүд ирээд байна. Цаг­даа­гийн ажил хүндийн хувьд хүнд. Гарсан хэргийг ил­рүүлэх үүрэг нь тэдэнд ногдож байгаа. Цагдаа нар нэг юмны сэжүүр ба­риад авдаг. Тэрийгээ ба­талгаажуулахын тулд ил­рүүлдэг арга бий. Харин манайхны олон арван жил хэрэгжүүлсэн хэлбэр бол өөрөөр нь хэрэг хү­лээлгэж, нотлохыг оролд­дог. Эсвэл ах, дүү төрөл, төрөгсдөөс нь мэдүүлэг авдаг. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн явдал юм. "... өөрийн болон гэр бүлийн ги­шүүд, эцэг, эх, үр хүүх­дийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, ...Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүү­лэг өгөхийг шаардах, мэ­дүүлэг гаргуулахаар ша­халт үзүүлэх, хүч хэрэг­лэхийг хориглоно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно" гэсэн асар том заалт Үнд­сэн хуулинд бий. Олон арван жил манайд ор­шин тогтнож байсан эрүү­дэн шүүх ажиллагааг халахын тулд орсон заалт юм шүү дээ. Га­даа­дынхан бол хэрэг ил­рүү­лэхийн тулд уг хэргийн эргэн тойр­ныг нь судалж, хөдөлшгүй нот­лох баримтыг үндэслэн буруу­тныг олж тог­тоодог. Харин манайх­ны шил­­дэг арга бол хамгийн тү­рүүнд өөрийг нь барьж аваад өөрөөр нь яриулах. Эсвэл бусдаар яриулдаг. Тиймээс эрүү шүүлтээс ангид байх, эрүү шүүл­тийн эсрэг байхыг олон улсын хүний эрхийн бай­гууллагууд нэхээд, шаар­даад байгаа нь цаанаа учир холбог­дол­той. Энэ тал дээр их хатуу байр суурьтай байж, хүн гэдэг талаас нь хандах ёстой. Гэтэл энд нэг мөрдөн бай­цаагч, хэрэг бүртгэгчийн нэр гарахгүй. Харин Мон­гол Улсын Засгийн газар ийм үйл ажиллагаа явуул­даг гээд олон улсад хардагд­даг. Эд­гээр нь үнэн гэж хүлээн зөв­шөө­рөх, эсхүл худлаа гэж батлах зорилго алга.  Ямар ч гэсэн ийм дохио энэ хүмүүс өгөөд байна.  Энэ үйл ажил­лагааг эрхэл­дэг төрийн албан хаагчид дүгнэлт хийгээсэй л гэдэг үүднээс энэ мэдээллийг өгч байгаа юм. -Эрүү шүүлт хэрэг­лэсэн албан тушаал­танд хүлээл­гэдэг ха­риуц­лага байна биз? -Хамгийн хориотой зүйл. Гэмт хэрэг. -Мөрдөн байцаал­тын үед сэжигт­нийг зо­дож, дарамталдаг юм байна уу? -Хааяа тийм зүйл гар­даг юм шиг байна лээ. 2011 оны дөрөвдүгээр сард би Дор­ноговь, Говь­сүмбэр аймгуу­дын хорих ангид шал­гал­таар яв­сан. Тэгэхэд нэг хориг­дол гомдол мэдүүлсэн юм. "На­майг барьж ширээн дороо гав­ласан" гэж байсан. Бид түү­ний гомдлын дагуу проку­рорын мөрдөнд өгсөн. Үүн дээр эрүүгийн хэрэг үүссэн сураг байна лээ. Энэ мэт хэргүүд гар­даг. -Сэжигтнийг эрүү­дэн шүүх, хэрэг хү­лээл­гэхийн тулд зодож нүдэх байдал хаана гол­дуу гарч байна? -Орон нутагт зонхилж бай­гаа. Малын хулгайч нар их сүлжээтэй болчих­сон. Эрүү шүүлтэд өртсөн хүмүүс хул­гай, дээрмийн хэрэгт холбогд­сон байдаг. Тэд  чинь олуу­лаа ч бай­даг юм байна. Хэрэг хий­сэн хүн мөн үү гэвэл мөн байдаг. Тэгээд л мөрдөн бай­цаагч нар хуучин ар­гаа хэрэг­лээд буруудаад байдаг юм уу гэдэг ойл­голт төрөөд байгаа юм. Энэ бол хүн хэлмэг­дүүлж байгаа юм биш. Хэрэг хийсэн хүнд буруу арга хэрэглээд байгаа юм. Бу­руу юмтай бу­руу аргаар битгий тэмцээч ээ. Буруу юмтай хуулийн дагуу зөв аргаар тэмцвэл ялна. Тухайлбал, саяхан согтуу жолоочид зодуулсан цаг­даагийн албан хаагчийн хэ­рэг байна. Нөгөө согтуу жо­лоо­чийг ардаа суулга­чихаад машиныг нь цаг­даа жолоо­доод явсан бай­на лээ. Гэтэл согтуу жолооч цагдаагийн хоо­лойг нь боосон байсан. Тэр цагдаа магад­гүй амиа алдсан бол яах вэ. Өөрий­гөө аюулд оруулаад ин­гэж ява­хын оронд тэр дор нь нэмэлт хүч дуу­дах ёстой. Би бол цагдаагийн албан хаагчийг өмөөрдөг. Гэхдээ хуулийн дагуу ажил­лах ёстой. Энэ мэт хуулийн дагуу ажиллах­гүй байгаагаас алдаа гарч байна. -Орон нутгийн цаг­даа хүчний байгуулла­гуу­дад 400 ширхэг эрүү­дэн шүүх сандал тараа­сан байсныг танай бай­гууллага ил­рүүлс­ний дараахан эргүү­лэн та­тах асуудал яригд­сан. Энэ та­лаар танай бай­гууллагад ха­риу өгсөн үү. Ер нь тэр сандал дээр хүн эрүүд­сэн зүйл байгаа болов уу? -Манай ХЭҮК-ийн ги­шүүн П.Оюун­чимэг орон нутагт шал­­­гал­таар явж байгаад илрүүлсэн юм билээ. Тэгээд гишүүний­хээ бүрэн эрхийн хү­рээнд шаардлага тавь­сан. Хууль зүйн яаман дээр ажлын хэсэг байгуу­лагдаж, эрүүдэн шүүх санд­лыг эргүүлэн татах ажиллагаа явагдсан байх аа. -Гадаадад эрх нь зөр­чигдсөн иргэдийн­хээ та­лаар ХЭҮК хэр­хэн ажиллаж байна вэ. Эр­хүүд манай нэг иргэн амиа алдсан байсан. Мөн Т.Аятунгаа бүсгүй хамт­ран амьдрагчдаа охи­ноо алдаад одоо сураггүй байна? -Эрхүүд амиа алдсан иргэ­ний талаар манайд ямар нэгэн өргөдөл гом­дол ирээ­гүй. Одоогоор ажил­лаа­гүй байна. Т.Аятун­гаагийн охины хувьд нөгөө Чарльз гэдэг нөхөр олдохоо байсан. Бид Филип­пиний ХЭҮК-т албан бичиг явуул­сан. Тэгээд тэн­дээс Канадад суугаа ЭСЯ-нд явуулсан албан бичгийн­хээ хуул­барыг ирүүлсэн байна лээ. "Энэ хүн манайд алга. Танайд байгаа сураг­тай" гэ­сэн тийм бичиг өгсөн байсан. ХЭҮК гадаадад бай­гаа иргэ­дийн­хээ эрхийг хам­гаа­лахад ан­хаар­лаа хандуул­даг. Гэвч гадаад оронд ажил­лаж амьдарч байгаа иргэ­дийн­хээ араас мянга хашги­раад амжилтад хүрэхгүй. Ма­лайзад амиа алдсан Ш.Ал­тан­­туяагийн хэрэг гэхэд хэрэг­сэхгүй болчих­лоо. Бид энд дуугараад байдаг. Бичиг цаас ши­дэл­цэхээс өөр ямар ч ам­жилт олсонгүй. Бус­дын до­тоод хэрэгт орол­цож болдог­гүйн жишээ энэ. Бид тэнд очоод мөр­дөн байцаалт явуулж, шүүх боломжгүй. Тийм учраас манай иргэд га­даад оронд явахдаа үүнийг бодолцох ёстой. -Танай байгууллага хур­дан морины унаач хүүхдүү­дийн асуу­­далд анхаарлаа хандуул­даг. Үүнтэй хол­бог­дуулан УИХ-аас баталсан тог­тоол бий. Тог­тоолын хэ­рэгжилт ямаршуу байна вэ? -"Монгол Улс дахь Хү­ний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэл"-ийн дагуу авсан олон арга хэмжээ байгаа. Өнгөрсөн жилийн дуулиантай Уул уурхай, шавилин суудаг хүүхдүүд, хөгж­лийн бэрхшээлтэй хүү­хэд сурдаг сургуу­лиу­дын асуу­дал орсон бай­гаа. Олон улсын байгуул­лагуудаас Мон­гол Улсын Засгийн газарт өгсөн зөв­лөмжийн биелэл­тийн явцын асуудал байгаа. Маш олон асуудлаар УИХ-ын Хууль зүйн байн­гын хороо нэлээд томхон тогтоол гарга­сан. Энэ тогтоолд нэг чухал заалт орсон. ХЭҮК-оос гар­га­сан зөвлөмж шаардлагыг бие­лүү­лээгүй албан ту­шаал­тан, бай­гуул­лагын талаарх мэдээллийг ээл­жит илтгэлд оруулахдаа УИХ-д танил­цуулж бай гэж. Энэ бол тун чухал заалт. Тиймээс бид зөв­лөмжийнхөө биелэлтийг зо­хих хэмжээгээр бай­гуул­ла­гуу­даас шаар­даж байна. Ма­найд иргэдийн гомдлоос гад­на мэдээлэл ирдэг. Энэ жи­лийн наад­муудад олон хүү­хэд бэр­тэж гэмтсэн байна. Мөн хоёр хүүхэд нас барсан. НҮБ-ын хүүхдийн бай­гуул­лагаас хүний эрхийн байгуул­лагуудад хүргүүл­сэн санамж, зөвлөмжийн дагуу холбогдох байгуул­лагуудад хүр­гүүлж ажил­ла­сан. Гэтэл маш олон хүүхэд мориноос унасан ту­хай мэдээлэл байгаа. Зарим нь насаа­раа хөгжлийн бэрх­шээл­­тэй болсон мэдээлэл ч ирсэн. Энэ талаарх нарийн мэдээлэл цагдаагийн бо­лон эмнэлгийн бай­гуул­лагад ч алга. Бид уг нь Хүүхдийн төлөө газар энэ ажлыг хийдэг байх гэж бодоод албан бичиг хүргүүлээд байгаа юм. Тог­тоол маань наад­маас өмнө гарсан. Тэгэхээр холбог­дох албан бай­гууллагууд чиглэ­лийн­хээ дагуу ажилласан байх. Шаардлагатай бол хүнд бэртэж гэмтсэн хүүхдүү­дийн эцэг эхтэй уулзъя гэж байгаа. Тийм эцэг эх­чүүд байвал ирээ­­рэй гэж танай со­ниноор дам­жуулж хэлмээр байна. М.МӨНХЦЭЦЭГ "Өдрийн сонин" 2013.09.11 №221(4548)