Ж.Бямбадорж: Хүний эрх зөрчих “өвчин” хүндэрсээр эмчилгээгүй болох вий - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ж.Бямбадорж: Хүний эрх зөрчих “өвчин” хүндэрсээр эмчилгээгүй болох вий

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа. -Гадны улсууд манай хүний эрхийн төлөв байдлыг хэрхэн үнэлж байна вэ? -Манай улсын Засгийн газар дөрвөн жил тутамд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд тайлан явуулж, хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцүүлдэг болсон. 2011 онд НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс 129 зөвлөмжийг Засгийн газарт өгч байсан бол энэ онд 164 зөвлөмж өгсөн. Мөн Засгийн газар НҮБ-аас баталсан хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, конвенцийн биелэлтийг дөрвөн жил тутамд тайлагнах үүрэг хүлээдэг. Үүнээс хүний эрхийн төлөв байдлыг дүгнэх боломжтой. Монгол Улсын Засгийн газар энэ онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд орсон нь том үйл явдал. Гэхдээ энэ нь гоёж бахархахаас илүүтэй олон улсын өмнө итгэл хүлээж байгаа үйл явдал. Өөрөө илүү байж бусдын асуудлыг шүүн тунгааж хэлэлцэх болно. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд ХЭҮК хүний эрхийн бүхий төлөв байдлын талаар 14 удаагийн илтгэлээ гаргасан. Гагцхүү бидний тавьсан санал, зөвлөмжийг УИХ шийдвэр гаргаж, Засгийн газар биелүүлдэг байвал ахиц гарах юм. Хүний эрх, эрх чөлөөг хангах үүрэг Засгийн газарт бий. Үүргээ биелүүлэхийн тулд эдийн засаг, улс төр, нийгэм, хууль зүйн баталгаагаар хангаж өгөх ёстой. Өнөөдөр хууль зүйн баталгаа харьцангуй сайн байгаа. Нийгэм, улс төрийн баталгаа ч байна. Харин эдийн засгийн баталгаа дутагдаж байна. Монгол Улс одоо тогтолцооны өөрчлөлт, эдийн засгийн хүндрэлээр олон улсад шалтаг тоочиж суух эрхгүй болсон. -НҮБ-д хүргүүлсэн Засгийн газрын тайлан дээр зөвлөмжийг хэрэгжүүлсэн тухай байсан. Харин иргэний нийгмийн байгууллагууд байдал харин ч дордсон тухай бас тайлан хүргүүлсэн. Аль нь бодитой бол? -Бид ч бие даасан, хараат бусаар байр сууриа илэрхийлсэн. Засгийн газар НҮБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхээр ажилласан ч хангалттай байгаагүй. Зарим тохиолдолд зөвлөмжөөс харин ч ухарсан шийдвэр гаргасан. Тухайлбал, Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг бэхжүүл гэж зөвлөхөд нь эсрэгээрээ татан буулгачихсан. Үр дүнд нь цагдаа, мөрдөн байцаах албанд эрүүдэн шүүх зөрчил ихэссэн. Манайд эрүү шүүлт тулгасан тухай өргөдөл маш их ирж байгаа. Бид прокурорт асуудлыг шилжүүлдэг ч эрүү шүүлт тулгасан нь тогтоогдохгүй байна гэдэг хариу л ирдэг. Гэтэл ЦЕГ-ын Хэвлэлийн албаны дарга сарын өмнө "Бид гарч байгаа зөрчлийн 70 хувийг дотооддоо шийдсэн” гэж мэдээлсэн. Эндээс хүний эрхийн зөрчил ихэссэн нь харагдаж байгаа биз. Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг байгуулах тухай ярихаар АТГ-ын эрх мэдлийг сааруулж, татан буулгах гэж байгаа юм шиг ярьцгаадаг. Ерөөсөө ч тийм биш. Тодорхой хэдэн үүрэг нь л АТГ-т шилжсэнээс өөр зүйлгүй. -Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын тухай 2014 оны илтгэлээр Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгаснаар эрүү шүүлт ихэссэн талаарх мэдээлэл бүлэг болж орсон. Маш олон баримт байсан. Илтгэлийг хэлэлцсэн УИХ ямар ч арга хэмжээ аваагүй юу? -УИХ хэлэлцээд шийдвэр гаргадаг ч Засгийн газар хэрэгжүүлдэггүй. Хэсэг гишүүд Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг байгуулах санал гаргасан ч яагаад улстөржүүлээд байгааг ойлгохгүй юм. -Танайх жил бүр хүний эрхийн төлөв байдлын тухай илтгэл гаргаж, зөвлөмж өгдөг. УИХ шийдвэр гаргаж хүний эрхийн зөрчлийг арилгах бодит ажил болсон нь хэд бол? -Илтгэлийг УИХ хэлэлцэлгүй өнгөрөөсөн хоёр, гурван тохиолдол гаргасан. Сүүлийн жилүүдэд байнгын хороо хэлэлцэж, шийдвэр гаргадаг болсон. Гагцхүү Засгийн газар биелүүлэхгүй юм. Бид Засгийн газарт зөвлөмж хүргүүлдэг ч үр дүнгүй л байна. Хүний эрхийн үндэсний комисс бол зүйрлэж хэлбэл онош тогтоодог газар. Бид шинжилгээ хийгээд, олон талаас нь маш сайн оношилж байгаа. Эмчлэх асуудал нь УИХ, Засгийн газарт байдаг. Өвчин хүндэрнэ гэж аюул бий. Хүндэрсэн тохиолдолд эмчилгээгүй болдог нь бүр их аюул. Хүний эрхийг үл тоовол Монгол Улс олон улсын түвшинд хүнд байдалд орно. Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг хүндэтгээгүй, олон улсын хэм хэмжээг биелүүлээгүй тохиолдолд эдийн засгийн болон бусад хориг авч байгаа биз. Улс орнуудын хоорондын харилцааны гол механизм энэ болчихлоо. Жижигхэн хоригт хүрвэл Монгол Улс хэцүүднэ. Жишээлбэл, АНУ-ын иргэн Жастин Каблад Ерөнхийлөгч уучлал үзүүлэхдээ "Буруудвал би буруудъя. Монголын ард түмэн буруудах ёсгүй” гэсэн байна лээ. Манайд ирсэн гомдлоос анзаарахад Ерөнхийлөгчийн хэлсэн нь зөв болов уу. Бидэнд хугацаа хожигдуулсан, янз бүрийн дүгнэлт гаргасан гээд буруутай үйлдэл байсан. Энэ нь гадаадын өндөр хөгжилтэй орнуудыг эргэлзүүлчихэж байгаа хэрэг. Хэрэв Ерөнхийлөгч уучлал үзүүлээгүй бол эдийн засгийн болон бусад хориг ирэх байсныг үгүйсгэхгүй. Энэ бол эхний сигнал гэдгийг хаа сайгүй ойлгох хэрэгтэй. Хүний эрхийн ноцтой зөрчил гаргавал нэг хүн гэлгүй олон улсын түвшинд асуудал яригддаг. Урьдчилан хорих 461 дүгээр ангид эмнэлгийн тусламж авч чадалгүй хүн нас барлаа. Олон хавар нэгэндээ гэдэг шиг юм болох вий гэж эмзэглэх юм. -Хүний эрх зөрчигдөж байгаа "өвчин” хэр хүндэрч байна? -Зарим талаараа хүндэрч байна. Шийдмээр асуудал маш их гарч ирж байна. Идэвхгүй байдал, идэвхгүй үйлдлээрээ хүний эрхийн зөрчил гаргах нөхцөл үүсчихээд байна. -УИХ, Засгийн газрын гишүүд улс төр хийгээд хүний эрх бодох завгүй байгаа юм болов уу? -Хүний эрхийг шалгуур болгоод улс төр хийгээсэй. Даанч тэгэхгүй юм. Хүний эрх гэдэг аль нэг байгууллага, хэн нэгний асуудал биш монгол хүний хувь заяатай холбогддог гэдгийг хаа, хаанаа ойлгомоор байна. Үнэхээр эрүүдэн шүүлт байхгүй байхад байгаа гэж би яриад байгаа бол сэтгүүлчид, бодлого боловсруулагчид бидэнтэй ширээ тойрч суугаад манайд ирсэн 800 гаруй өргөдлөөс сугалаад үзээч. Бухимдахгүй байхын аргагүй шүү дээ. Тэр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн буруу гэхээс илүү ийм хөрс суурийг бий болгосон бодлогын алдаа юм. Хэрэг илрүүлэхийн тулд дарамталдаг, зоддог аргыг 70, 80 жил хэрэглэж ирлээ. Энэ хөрс суурь нь арилахгүй, арилгая гэсэн Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг үгүй хийгээд бүр дэврээчихлээ. -Хуулийн шинэтгэл хийж хүний эрхийг хангая гэж сүүлийн хэдэн жил цөөнгүй хуулийн төсөл хэлэлцэж байна. Тахарын алба байгуулснаа дахиад татан буулгах асуудал ч яригдсан. Өөрчлөлт байна уу? -Асуудлыг иж бүрэн шийдэхгүй байна. Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн УИХ-д өргөн мэдүүлэх журмын тухай хуульд иж бүрэн шийдэх тухай заачихсан байгаа. Холбогдох бүх хуульд өөрчлөлт оруулаад, хууль хэрэгжих эдийн засгийн боломжоор хангах учиртай. Хэн ч хууль санаачилсан Засгийн газраас санал авдаг. Баталсан хуулийг биелүүлж чадах эсэхээр санал авч байгаа хэрэг. Засгийн газар саналаа өгөөд парламент итгэл үзүүлчихвэл баталсан хууль хэрэгждэг. Өнөөдөр энэ ажил хийгдэхгүй байгаа учраас хууль гардаг ч хэрэгждэггүй. Засгийн газар нь мөнгө байхгүй гээд л зогсчихдог. -Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийн хүчирхийллийн тухай гээд хүний эрхийг хангахад ахиц гарах олон хуулийн төсөл яригдаад багагүй хугацаа өнгөрлөө. Огцруулах, томилох асуудал эдгээр хуулийн төслөөс чухал байв уу? -УИХ-ын гишүүд нүдээ аниад нэлээд бодож байгаад хараасай гэж бодох юм. Нэг их олон хүүхэдтэй айл хоол хийх, хувцас угаах, гэр цэвэрлэх ажилдаа түүртсээр өдрийг өнгөрөөдөг шиг л байх юм. Олон хүүхэдтэй, орлого багатай, үглээ эзэгтэйтэй, ууртай эцэгтэй, амьдрал нь болж ч байгаа юм байхгүй, сүйрчихсэн ч юмгүй байгаад байвал яаж өөдлөх юм бэ. УИХ, Засгийн газрын гишүүд махны үнийг сайн мэдэж байгаа. Харин мах зарж байгаа, худалдаж авч байгаа хоёр хүний харилцааг мэдэрвэл арай өөр шийдвэр гаргана. Статистик тоогоор мэдэх нэг хэрэг, амьдрал дээр буугаад харилцааны орчинг нь мэдрэх өөр хэрэг. Тэгж мэдэрвэл нойр нь хүрэхгүй л баймаар юм. Юун огцруулах, нөгөө айлын амьдралыг дээшлүүлэх талаар толгойгоо гашилгах байх. Биетэй хүн биетэйгээ зүйрлэ, үртэй хүн үртэйгээ зүйрлэ гэдэг үг бий шүү дээ. -Утааг жил бүр л ярьдаг. Хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байгааг эмч нар ярьж байна. Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ярих хэрэг байна уу? -Хүүхэд ургийн гажигтай төрж байна, сигнал өгөөд л байгаа. Мөнгө байхгүй гээд засаг ажиллахгүй юм. Өнгөрсөн хугацаанд хэдэн хүн шоронд орсноос өөр үр дүн гарсангүй. -Эдийн засгийн хүндрэлээс үүдэж олон хүн ажилгүй болж байна. Зарим нь бүр өөрийгөө шатаалаа. Өөрийгөө шатаах хүртэл нөхцөл үүсчихлээ гэж үү? -Хүн өөрийгөө шатаах, амийг хорлохыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Уг нь хуультай. Өргөдөл гомдол шийдвэрлэх хууль байна. Хуулийн дагуу асуудлаа шийдүүлэх боломж харин ч бий. Гэхдээ үхсэн ч яахав гэдэг байдалд хүргэхгүй байх үүрэг төрд бий гэдгийг санах ёстой. Хөдөлмөр эрхэлж байж л амьжиргааны эх үүсвэртэй болно. Ажилд орох, ажилтайгаа үлдэх үнэхээр том асуудал боллоо. Ялгаварлан гадуурхдаг, дарамталдаг зөрчил их байна. Ажлын байрны бэлгийн дарамт хэвийн үзэгдэл болчихож. Шалгахаар нөгөө нөхөр "Сүртэй ш дээ, ийм юм байдаг л биз дээ” гэх жишээтэй. Бид хохирогчдод тус болоод байна уу, эс болоод байна уу гэдгээ мэдэхээ болилоо. Шалгасны дараа "Бидний буруу байж ээ. Дүрэм журмаа өөрчилье, засъя” гэдэг. Дараа нь ямар нэг шалтгаанаар хохирогчийг ажлаас нь гаргачихдаг. Энэ нь бүр нийгмийн асуудал болчихлоо. Нийгмийн асуудал учраас бодлогын түвшинд шийдэхээс аргагүй. -Хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр энэ сарын 10-нд тохиодог. Энэ жил хүний эрхийн ямар асуудлыг голчилж байна вэ? -Олон улсын түвшинд "Бидний эрх, бидний эрх чөлөө, цаг ямагт” гэсэн уриаг дэвшүүлсэн. Хүний эрхийн билл болсон Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүний болон улс төрийн эрх, эрх чөлөөний тухай олон улсын факт, Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн олон улсын фактыг төрийн байгууллага, шүүхэд хэрэгжүүлдэг байх талаар анхаарч ажиллаж байна. -Танай байгууллага Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн байгууллагуудын үндэсний чуулганыг даргалж байгаа. Саяхан бас олон улсаас дээгүүр үнэлгээ авсан гэж сонслоо. Олон улсын түвшинд үнэлэгдэхээр ажиллаж байгаа хэрэг биз? -Хүний эрх нэг байгууллага, нэг улсын асуудал биш болжээ. Даяарчлагдаж байгаа ертөнцөд улс хоорондын харилцаа ч, ардчиллын шалгуур үзүүлэлт ч хүний эрхийн асуудал болсон. Бүхий л зүйл хүний сайн сайхан, тэгш байдлын төлөө зориулагддаг болсон. Энэ оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн бодлого гэдэг баримт бичиг баталлаа. Баримт бичгийн гол санаа нь дэлхийд юу юунаас чухал нь улс орон бүрийн хүн нь, иргэн нь ямар байх ёстой шаардлагыг хангах үүднээс хөгжл, тэр дундаа тогтвортой хөгжлийг чухал гэж байгаа юм. Эдийн засаг, дайнтай гэх мэт шалтгаанаар энд амьдарч байгаа хүн, тэнд амьдарч байгаа нэгнээс өөр байж болохгүй гэдэг шаардлагыг тавьж байна. Үүнээс үүдээд нийгмийн эмзэг бүлэг, халамж анхаарал бодлого шаардлагатай хүмүүсийг ялгаварлаж болохгүй гэдгийг шаардаж байна. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс өнгөрсөн 15 жилийн хугацаанд гурван удаа аттестатчлагдаж, "A” статустай байгууллага гэсэн үнэлгээтэй байгаа. Тийм ч олон орны ийм байгууллага "А” статустай байдаггүй юм. Энэ оноос Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн байгууллагуудын үндэсний чуулганыг толгойлж том үүрэг, хариуцлага хүлээлээ. Үүнээс гадна Хүний эрхийн үндэсний байгууллагуудын зохицуулах хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр хоёр жил ажиллахаар боллоо. Мексикт энэ хорооны хурал болж НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бодлогыг хангахад хүний эрхийн байгууллагууд ямар үүрэг гүйцэтгэх талаар хэлэлцэж, тунхаглал гаргасан. Бид иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтраад энэ бодлогыг хэрэгжүүлэхэд ямар үүрэгтэй оролцохоо тодорхойлсон. Үр дүнгээ ирэх гуравдугаар сард танилцуулна. Б.Цэцэгдэлгэр "Өдрийн сонин”