• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ж.Бямбадорж: Эрх олгосон субьект үүргээ биелүүлж чадахгүй байгаа нь хамгийн том гутамшиг

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Хуульзүйн ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч Ж.Бямбадоржтой хүний эрхийн асуудал болон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар ярилцлаа. -Монгол Улс хүний эрхийг хамгаалах чиглэлд ахиц дэв­шил гаргаж байна уу. Ямар төв­шинд байна вэ гэсэн асуул­тыг ярилцлагынхаа эхэнд онцолж асууя. Учир нь ма­най улс хүний эрхийг шат шатан­даа зөрчиж, улмаар хүний эр­хийг хамгаалах талаар хан­галт­гүй ажиллаж байгаа гэсэн дүгнэлтийг олон хүн хийх боллоо? -Сэтгүүлч болгон л энэ асуултыг асуух юм. Хаана явна, хэддүгээрт байна вэ гэж асуудаг. Гэхдээ хүний эрх өөрөө ДНБ-ий нэг хүнд ногдох орлого, эсвэл авлигын нийт индексээр тэдэд явна гэдэг шиг байр эзлүүлдэг ойлголт биш. Хүний нийгэм байгаа газар хүний эрхийн зөрчил байнга гарч байдаг. Гагцхүү түүнийг таслан зогсоох бүх механизм ажиллаж байх ёстой. Ардчилсан тогтолцоотой бүх орнуудад ардчиллын гол хэмжүүр болох хүний эрхийн асуудлыг байнга ярих ёстой юм. НҮБ аль нэг улс орны хүний эрхийн асуудлыг дөрвөн жил тутам хэлэлцэж ярьдаг болсон. Ээлжит нэгдсэн хэлэлцүүлгээр ярилцдаг. Монгол Улс анх 2011 онд Хүний эрхийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлэгт орж 129 төрлийн зөвлөмж авч байсан. Хоёр дахь хэлэлцүүлэг нь саяхан болж 164 төрлийн зөвлөмж өглөө. Хүний эрхийн төлөв байдал чухам ямар төвшинд байна вэ гэдгийг үүнээс харж болно. Бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй гайгүй гэж хэлж болох юм. Хүний эрхийг хангах хэд хэдэн баталгаа байдаг юм. Улс төр, эдийн засаг, нийгэм, хуульзүйн гэсэн баталгаа байдаг. Улс төрийн баталгаа гэдэг нь юу вэ гэхээр дэглэмийг ярьж байгаа юм. Манайх улс төрийн дэглэмийн хувьд ардчилсан улс. Үндсэн хуулиа батлаад хуулийнхаа дагуу үйл ажиллагаа нь явагддаг, улс төрийн баталгааны талаас хүний эрхийг хангасан улс гэж үнэ­лэгддэг. Хуульзүйн батал­гаа­ны тухайд гэвэл Үндсэн хууль болоод бусад хуульд хүний эрхийн талаар тусгасан. Нөгөө талаар олон улсын гэрээ конвенцид Монгол Улс нэгдэн орж, соёрхон баталсан. Энэ нь эрхзүйн хувьд хүний эрх, эрх чөлөөний баталгаа бий болсон гэсэн үг. Гуравдугаарт, эдийн засаг, нийгэм соёлын баталгааг 20 гаруй жил ярилаа. Эдийн засаг хүнд байна, шилжилтийн үед бай­гаа гэх мэтээр. Одоо дэлхий тийм шалтаг шалтгааныг хүлээж авах­гүй. Энэ онд НҮБ-ын Ерөнхий ассамб­лейн 70 дугаар чуулганы үеэр буюу есдүгээр сарын 30-нд дэл­хийн төр засгийн тэргүүнүүд оролц­сон 2030 он хүртэлх тогт­вор­той хөгжлийн бодлогын баримт бичгийг баталлаа. Бүх улс энэ баримт бичгийг хангаж ажил­лана. Манайд бэлтгэл ажил яваг­даж байна. Сангийн яаманд аж­лын хэсэг гарч манайхаас санал авсан, тун удахгүй баримт бич­гийг батлах байх. Баталсны дараа бидний утаа, хямрал гэсэн шалт­гааныг хүлээж авахгүй гэсэн үг. -Монгол Улс саяхан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болох эрхтэй боллоо. Гэвч дотооддоо дээр таны хэл­сэнч­лэн жижиг шалтгаан дурьд­сан асуудлаа зохицуулж чадаа­гүй байж гадаадад хүний эр­хийн талаар ярина гэхээр өрөөс­гөл сонсогдоод байгаа юм? -Нэр төрийн хэрэг, том асуудал. Бид баярлах ёстой. Гэхдээ энэ бол гоёлын дээл биш шүү. Монгол Улс бахархах асуудал ч биш. Бид маш том хариуцлага хүлээж байна. Хүний эрхийн талаар гарсан олон улсын гэрээ конвенцийг үлгэр жишээ биелүүлдэг байх ёстой. Дотоодын хууль тогтоомжоо ягштал биелүүлж, хүний эрхийн талаар бүх байгууллага сэтгэл гаргаж, хөрөнгө мөнгө тавьж ажиллах учиртай. Засгийн газар, УИХ шаардлагатай шийдвэрийг цаг алдалгүй гаргах гэх мэт олон шалгуурыг шаардана. Тэгж байж л бид бусдын хүний эрхийн асуудлыг ярих эрхтэй болно. Өөрөө сайн байж бусдад үлгэр дууриал болдог шүү дээ. Энэ шаардлагыг монголчууд бүх нийтээрээ дагаж мөрдөх учиртай юм. Төр, иргэний нийгэм, сэтгүүлзүйн байгууллагууд үүнийг биелүүлэх учиртай. -Олон улсын гэрээ конвен­цийг манайх хэр дагаж мөрддөг юм бэ. Хэрэгжүүлдэггүй улсын жагсаалтад орчихсон явдаг юм билээ? -Гэрээ конвенцид нэгдэн орох асуудал маш чухал. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комисст тодорхой үүрэг оногдсон байдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг гэрээ конвенцид нэгдэж ороход түлхэц болж нөлөөллийн арга хэмжээ авна гэж байдаг. Энэ талаар бол сайн. Би хувьдаа сэтгэл хангалуун байдаг. Гэрээнд нэгдэж орох нэг хэрэг, харин түүний заалтыг нэгбүрчлэн хэрэгжүүлэх өөр хэрэг. Олон улсын өмнө үүрэг хүлээх хэцүү. Ний нуугүй хэлэхэд, аливаа нэгэн гэрээ конвенцийн биелэлт гаргах, ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болоход хэдэн яам л харайж гарна. Гадаад хэрэг, Хуульзүйн яамдууд энд тэндээс материал цуглуулж эхэлдэг. Унтаж сэрж, унаж туссан юм шиг үйл ажиллагаа явуулдгаасаа гарах ёстой. Зарим нь танайд юу байна гээд л манайх руу бичих жишээний. Хүний эрхийн үндэсний комисс 14 илтгэл бичихдээ хүний эрхийн бүх асуудлыг хамарсан байдаг. Манай илтгэл англи хэл дээр олон улсад гарч, танигдсан. -14 илтгэл бичсэн гэж та хэллээ. Би хамгийн сүүлд 14 дэх илтгэлийг уншсан. Ноцтой зүйл маш их байна лээ. Гэхдээ яагаад нийгэмд анхаарал татах хэмжээнд очихгүй байна. УИХ-аар хэлэлцэхэд ч гэсэн анхаарч уншдаг гишүүд бараг л байдаггүй юм болов уу гэж харсан? -Энгийн үгээр уншигчдад хүргэх зорилго байна. Хоёулаа энгийн жишээ авъя. Нэг гэр бүл байжээ. Нэгнийх нь бие өвджээ. Эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэж таарна аа даа. Онош тавигдана. Тэгвэл онош тавьж байгаа тэр газар нь Хүний эрхийн үндэсний комисс юм. Онош тавигдсаны дараа мэргэжлийн эмч нар нь эмчилгээг хийх ёстой. Тэр эмч нар нь УИХ, Засгийн газар. Бид онош тавихдаа амыг нь ангайлгаж, даралтыг нь үзээд оношилчихдог юм биш. Маш олон зүйлийг дүгнэж онош тавина. Төрийн бүх байгууллагуудаас авсан судалгаа, үйл ажиллагаа, хяналт шалгалтын үр дүн, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа, хяналт шалгалт, өөрсдийнхөө хийсэн судалгаа, өргөдөл гомдолд үндэслэн илтгэлээ бичдэг. Өнөөгийн нөхцөлд оношийг зөв тавьж байгаа. Гэр бүлээрээ нөгөө хүнээ эмчлүүлэхийн тулд зүтгэдэг биз дээ. Онош тавиулчихаад больдог гэр бүл байдаг бил үү. Эмчлүүлэх бүх аргыг л хайдаг. Манайд хүнээ эрүүлжүүлэх талаар хойрго хандаж байгаа юм бий. УИХ-аар хэлэлцээд тогтоол гаргадаг, тэгээд л гүйцээ. УИХ-ын тогтоолыг биелүүлээгүй албан байгууллага, албан тушаалтныг бид гаргаж тавьдаг. -Ц.Нямдорж гишүүн Хүний эрхийн үндэсний комисс "шүдгүй арслан” боллоо гэж хэлж байсан. Энэ дүгнэлттэй санал нэгдэх үү? -Би санал нийлэхгүй. Өөрөөр хэлбэл, онош тавьчихаад өөрөө эмчилнэ гэж юу байх вэ. Лабориант эмчлэх үү. Нийгэмд бүх юм тусгай, өөр өөрийнхөө хариуцсан үүрэгтэй. Эрх мэдэл хуваах онол гэдэг чинь ч ялгаа байхгүй. Манайхыг зарим хүмүүс зөрчил илрүүлээд түүнийгээ шууд таслан зогсоож шүүх, цагдаа шиг ажилла гэдэг. Тийм юм байхгүй. Монгол Улсад шүүх эрх мэдэл гэж байна. Хүний эрхийг зөрчсөн үйлдэлд тэд шийдвэр гаргана. Хуулийн байгууллагын ажилтнуудаас болж хохирсон иргэдийг төлөөлөн нэхэмжлэл гаргадаг эрх бидэнд бий. Ер нь онош тавина гэдэг чинь том үүрэг. Тодорхой зөрчил дээр бид гомдол санал гаргадаг. -Гэхдээ хүний эрхийн байгууллагын эрх үүрэг, дуу хоолой жинтэй байх шаардлага байна. Хамгийн сүүлд та бүхэн 10 мянган цэргийг бүтээн байгуулалтад дайчлах нь хүний эрх зөрчсөн гэж байр сууриа илэрхийлсэн ч эрх баригчид тоосонгүй шүү дээ. Үг, үйлдэл нь ямар ч үнэ цэнэгүй гэж харагдаад байгаа юм? -Наад асуудлаас чинь болж зарим гишүүд намайг ажлаа хий гэж загнасан. Та нар олон улсын өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, УИХ-д бичээч гэж загналаа. Бид илтгэл тавихаас өөр яах юм бэ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Засгийн газарт шаардлага тавиад манайхаар судалгаа хийлгүүлсэн. Цэргээр болон хорих ангийн хүмүүжигч нараар албадан хөдөлмөр хийлгүүлж буй асуудлаар судалгаа хийсэн. Хорих ангийн хүмүүжигч нарын асуудлаар бүх шатанд ярьж байж одоохондоо ойлголцсон. Цэргийн хувьд ямар ч яриа байхгүй гэж хэлдэг. Бямбадоржийн асуудал огт биш. Энэ бол Монгол Улсын Засгийн газрын асуудал. Нэгэнт илтгэлдээ онош тавиад, ийм эмчилгээ хийж болохгүй гээд хэлээд байхад эм өгөөд, албадан өөр эмчилгээ хийгээд байгаа юм. Олон улсын байгууллагууд энэ боломжийг өгөхгүй. Албадан хөдөлмөрийг хориглох тухай хоёр конвенцид манайх нэгдчихсэн. Тэр заалтаа зөрчсөн. Э.Бат-Үүл дарга бизнес талаас нь чухал хэлсэн байна лээ. Юм гэдэг чинь учиртай. Цэргийн албан хаагчдаар батлан хамгаалах, цэргийн үүрэг гүйцэтгэхээс бусдаар ямар ч ажил гүйцэтгүүлж болохгүй. Манай байгууллага 1991 онд баталсан олон улсын хүний эрхийн стандартыг бүрэн хангасан. Гуравдах удаагаа А статусаар магадлан итгэмжлэгдсэн улс ховор шүү. Хамгийн их хэл ам дагуулж буй асуудал төсөв. Хамгийн бага төсвийг манай байгууллагад өгсөн. Өнгөрсөн жил үнэхээр зовж байж нэг жилийг барсан. Тэгэхэд энэ жилийн төсвөөс дахиад 100 сая төгрөг хассан. Цалинг ч гэсэн 10 хувиар хасагдчихсан, яах юм бүү мэд. Хуулиуд нь байгаад байдаг. Гэтэл санхүүжилтээ хасчихаар яах юм бэ. Бидний нэр хүнд олон улсад сайн байгаа. Ази номхон далайн хүний эрхийн байгууллагыг даргалж байна. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын зохицуулах хорооны товчооны гишүүний сонгуульт ажил хийж байна. -Хүний эрх, охид бүсгүй­чүүд, хүүхдийн эрхийг хам­гаалах чиглэлээр манайд бас харьцангуй олон төрийн бус байгууллага ажилладаг бол­чихож. Тэдгээр байгуул­лагуудтай хэрхэн хамтарч ажилладаг бол? -Би Хүний эрхийн үндэсний комиссын даргаар томилогдож ирээд бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудтай уулзсан. Мөн иргэний нийгмийн байгууллагын ажилтнуудтай уулзсан. Бид хоёр институцийг түшиглэж ажиллана гэдгээ хэлсэн. Нэг нь иргэний нийгмийн байгууллага, нөгөөх нь хэвлэл мэдээлэл. Тодорхой үр дүнд хүрсэн. Жил болгон бид хоёр удаа иргэний нийгмийн байгууллагуудаа цуглуулж уулздаг болсон.Олон улсад түшдэг газар нь иргэний нийгмийн байгууллагууд болсон.Тэд зөвхөн тухайн улсдаа биш олон улсад сүлжээтэй боллоо. Энэ бол маш чухал институти. Хэвлэл мэдээллийн байгууллагатай бид нягт уялдаж ажиллаж байна. Хүний эрхийн талаарх мэдээлэл, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд манай хэвлэлийнхэн сэтгэл зүрхээрээ дэмжиж ажилладагт би баярладаг. -Төрийн гаргаж буй шийдвэр бүхэн хүний эрхийг зөрчиж байна гэж ярьдаг боллоо. Юм л бол торгоно, шийтгэнэ гэдэг юм уу. Та ямар бодолтой байна? -Хүний эрх гэхээр манайхан заримдаа буруу ойлгодог. Эрх хүүхэдтэй адил гэж боддог. Тийм биш. Эрх гэдэг бол хариуцлагыг үргэлж дагуулж явдаг. Эрүүл аюулгүй орчинд бид ажиллаж амьдрах ёстой. Гэхдээ үүнийг зөрчиж байна гэдэг нь миний, чиний амь насанд аюул учруулна. Энэ зөрчлийг гаргаж байгаа хүнд хариуцлага тооцож, төрийн албадлага явуулж буй нь хүний эрхийг зөрчсөн гэхээс илүүтэй хүний эрхийг хамгаалахад чиглэгдсэн үйл ажиллагаа. Нэгдүгээр эгнээнд машин тавьж торгуулиад маргааш нь дахиад л тоохгүй явж байдаг системийг болих хэрэгтэй. Дэлхийн улс орнуудад иргэд нь нэг удаа л торгуульдаг. Дахиад тэр үйлдлээ хийдэггүй. Хүүхэд халгайнд нэг л түлэгддэг. Дахиад хэзээ ч түлэгддэггүй. Мөлхөж байсан ч нэг л түлэгддэг. Яг л түүн шиг дахиад тэр зөрчлийг гаргахгүй байхад сургах нь чухал. Энэ тохиолдолд нийгмийн харилцаа сайжирч, хүний эрх, эрх чөлөө ч гэсэн зохих төвшинд хүрнэ. -Уул уурхайн салбарт хүний эрхийн асуудал хүчтэй яригдаж байна. Хамгийн сүүлд гэхэд л гэрээгээр өөр компани руу шилжүүлсэн "Эрдэнэс Тавантолгой” компанийн ажил­чид эсэргүүцэл илэр­хийлж нэг нь өөрийгөө шатаах оролдлого хийлээ. Уул уурхайн салбарт зөрчигдөж буй хүмүүсийнхээ эрхийг хамгаалах талаар хийж буй ажлаасаа ярихгүй юу? -Хүний эрхийн үндэсний байгууллагын хувьд амь насаа дэнчин тавьж байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хүн гэж энэ нандин эрхэм нэр төрийг юутай ч зүйрлэх аргагүй. Амиа золиослох гэсэн, өлсгөлөн зарладаг асуудал зөндөө байна. Бид хэзээ ч түүнийг нь дэмжихгүй. Ийм байдалд хүргэхээс урьдчилан сэргийлэх ёстой. Дахиад ийм асуудал битгий гараасай гэж бодож байна. Ийм байдалд хүргэх нөхцөл байдалд хэзээ ч битгий хүрээсэй гэж хэлье. Өлсгөлөн зарлаж, амиа золиослох нөхцөл байдалд хүргэсэн хүмүүст заавал хариуцлага тооцох ёстой. Энэ бол ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг нийгмийн гол үүрэг. Уул уурхайн салбарт хүний эрх зөрчигдөж байгаа талаар олон улсын хурал хүртэл хийсэн юм шүү дээ. Монголд харин сонирхож байгаа юм алга. Өчигдөр хүртэл НҮБ-ын байгаль орчны төсөл хэрэгжүүлэх төслийн багийнхан надтай ирж уулзлаа. Олон улсын хурал хийж байх үед НҮБ-ын тусгай төлөөлөгч ирэх байсан ч амжаагүй учраас зориуд Монголд очиж энэ асуудлыг судлаарай гэж хэлсэн байгаа юм. Уул уурхайн салбарт хэд хэдэн том зөрчил гарч байна. Хүний эрхийн зөрчил шинэ шинэ ойлголтоор баяжиж байна. Хамгийн сүүлд гэхэд л хөгжих эрхийн тухай ойлголт яригдаж эхэллээ. Уул уурхайн бизнес явж буй газар нутгийн малчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, хөгжих эрх, тэнд ажиллаж буй ажилчдын хүйсийн асуудлаар хангалттай олон баримт бий. Хөдөлмөрийн аюулгүй байдал маш их зөрчигдөж байна. Гэвч нөгөө талд нь манай монголчуудын буруутай үйл ажиллагаа харагддаг юм билээ. Бизнесийн байгууллагууд тасралтгүй ажиллах, бусдын өмнө хүлээсэн үүрэгтэй. Гэтэл манай залуусийн дийлэнх нь цалингаа аваад архи уугаад алга болчихдог. Хариуцлага, сахилгын асуудлыг хөндөх ёстой юм. Хөдөлмөрлөх эрхийн хуулиа яаралтай өөрчлөхгүй бол байдал хүнд байгаа. Ажлын байранд дарамт шахалт их байна. Ялангуяа хөдөлмөрлөх эрхийн асуудлаар бид хүнд тус болоод байна уу, ус болоод байна уу гэж бодох үе гарах л юм. -Яагаад? -Намайг ажлын байранд дарам­талсан, дээрэлхэж дором­жил­лоо гэсэн гомдол иргэдээс ирдэг. Шалгаад үзэхээр үнэхээр тийм зүйл байдаг. Тэгээд шаардлага тавихаар засч залруулдаг. Гэхдээ маргааш нь юм уу, нөгөөдөр нь нөгөө гомдол гаргасан хүн ажлаасаа халагддаг. Энэ бодит амьдрал. Хэнийг нь ч буруутгах арга алга. Хүний харилцааны энэ асуудлыг зөв олж зохицуулж чадвал сая хууль болно. Өнөөгийн хуульд тогтоомж үүнийг зохицуулж чадахгүй байгаа юм. Мэдэж, таниж чадаагүй атлаа болохгүй бүхнээ амьгүй хууль руу чихэж байгаа арчаагүй арга -Хүний эрхийн асуудлаар чамгүй урт яриа өрнүүллээ. Ярилцлагын маань хоёрдугаар сэдэв нь Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай асуудал байгаа. Яагаад гэвэл та энэ хуулийг боловсруулж, бас батлуулж байсан хүмүүсийн нэг. 23 жилийн өмнө та бүхний баталсан хууль өнөөдөр бүх л улс төрийн маргаантай асуудлын буруутан болж хувирлаа? -Би чамд хоёрхон зүйлд тайлбар өгье. Би мэргэжлийн хүн. Москвагийн их сургуулийг таван жил сурч төгсөхдөө сүүлийн гурван жилд нь Үндсэн хуулийн эрхзүйгээр мэргэшсэн. Дараа нь Үндсэн хуулийн сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Үндсэн хуулийг батлах ажилд маш олон хүн гар бие оролцсон, гавьяат хуульч талийгаач Б.Чимэд багш, н.Төмөр бид гурав гал тогоог нь хариуцаж ажиллаж байлаа. Аливаа зүйлд онол гэж нэг юм байдаг. Нэрнээс нь эхэлье л дээ.Одоо "Эх” хууль гэж нэрлэх юм гэнэ. Би үнэхээр эмзэглэж байгаа. Үндсэн хууль гэдэг үг бол "Constitutio” буюу латин үгнээс гаралтай. Тогтоох, байгуулах, тогтоомж байгууламж гэдэг утгатай. Эртний Римийн хаадууд "Констутия” гэж тушаал заавраа нэрлэж байсан. Зүгээр нэг тушаал заавар биш байсан гэсэн үг. Дэлхийд анхны Үндсэн хууль бий болоход буюу 1787 онд АНУ анх "Constitution” гэдэг англи үг гаргаж ирсэн. 1918 онд Орос улс, дараа нь 1924 онд СССР /ЗХУ/ "Конституция” гэдэг үгийг бичсэн. Хаалтад "Основной закон” гэж бичсэн байдаг. 1924 онд бид анхны хуулиа батлахдаа Үндсэн хууль гэж үнэхээр олж өгсөн. Юмны үндэс суурь гэдэг утгаар нь гаргаж өгсөн хэрэг. Тэр үед боловсруулсан сэхээтнүүд ганцхан Оросын хуулийг судласан юм биш. Бүх хуулийг судалсан. Коммунист намын үзэл бодолд захирагдсан ч гэсэн хуулиа сайн боловсруулсан юм шүү. Хуулийн нэр томьёонд нэг ч маргаан гараагүй. Эх хууль гэж юу гэсэн үг юм. Тэгвэл бүх хуулийг өөрчлөх хэрэгтэй болно. Хоёулаа нэг хууль татаад үзье. За "Монгол Улсын яамны эрхзүйн байдлын тухай хууль” гэж гараад ирлээ. Яамны эрхзүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоос бүрдэнэ гэж байна. Бүх хуульд ийм байгаа. Тэгвэл одоо бүх хуулийг "Эх хууль” гэж өөрчилж хэвлэх нь ээ. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн зарчим гэж байдаг. Тогтвортой байх зарчим. Дэлхийд төгс юм гэж ерөөсөө байхгүй. Дэлхийд төгс төгөлдөр Үндсэн хуультай улс байхгүй. Тэгэхдээ яагаад энэ хуулийг тогтвортой мөрдөх ёстой юм бэ гэдэг асуудал гарна аа даа. АНУ-ын 1787 онд батлагдсан 228 жилийн түүхтэй хуульд 25 удаа л нэмэлт өөрчлөлт орсон байдаг юм. Ихэнхи орны Үндсэн хууль дэлхийн хоёрдугаар дайны дараахан шинэчлэгдсэн. Өмнөх хуультайгаа байгаа орон ч байна. Монголчууд социализмын үед гурван удаа өөрчилсөн. Одоо 25 жил болоод өөрчилнө гээд "хашгирч” эхэллээ. Үндсэн хууль гэдэг бол ерөнхий үндсэн санааг хэлдэг. Органик хуулиар бусдыг нь зохицуулаад явж болно. Эрхзүйн системийн бааз суурь байх ёстой гэсэн зарчим бий. Чи бид хоёр 12 давхар байшингийн таван давхарт байна. Энэ байшингийн хундамыг сольвол барилга нурж л таарна. Тэр суурь дээрээ 12 давхрыг өөрчилж болно. Ханыг нь нурааж, цонхыг нь өргөн болгох гэх мэтээр. Дээр нь нэмж болно. Үүнтэй л адилхан ойлголт. Ямар ч хүнд үед очоод тулдаг хашаа бол Үндсэн хууль. Ямар ч нөхцөлд хэн ч бай тэнд тулаад зогсоно. Хаашаа ч явахгүй. Энэ утгаараа нэг ёсны шүтээн гэсэн үг. Энд хүрэлгүй биелүүлж сахих учиртай. Үндсэн хууль өөрөө мэдэгтүн, сахигтун гэж байгаа. Өнөөдөр мэдэж, таниж чадаагүй атлаа болохгүйбүхнээ амьгүй хууль руу чихэж байгаа арчаагүй арга гэдгийг энд онцлон хэлье. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж гэдэг ойлголт байгаа. Эдийн засаг, нийгмийн засаг захиргааны цогц гэж Үндсэн хуульд байдаг. Гэтэл бидэнд ирсэн санал авах хуулиар "нутаг дэвсгэр” гэдэг үгийг хассан байна лээ. Онолын талаас ярихгүй. Практик талаас ярья. Төр гэж юу юм бэ. Монгол Улс гэж юу юм. 1.5 сая хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэр дээр хүмүүсийг захирч буй системийг Монгол Улс гэдэг. Өөрөөр хэлбэл, хүн амыг газар нутгаар хуваан захирсныг улс гэдэг. Дэлхий дахины хатуу ойлголт. Хилийн маргаангүй, үнэхээр сайхан баялагтай 1.5 сая хавтгай дөрвөлжин километр нутаг. Энэ нутагт хүн амаа аймаг, нийслэлээр хувааж захир гэсэн. Гэтэл нутаг дэвсгэр гэдгийг хасч байгаа юм байна. Магадгүй дараа нь газар нутаггүй Монгол Улс, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч ажиллах нь л дээ. Энэ бол үнэхээр инээдэмтэй юм шүү. Үүнийг иргэд мэдэхгүй байгаа. Жаахан бухимдалтай байна. -Дордохын долоон өөрчлөл­тийг хийсэн нь алдаа байсан гэдэг. Үүнийгээ өөрчлөх нь чухал биш үү? -Дордохын долоон өөрчлөлт гэж ярьдаг л юм. Үнээн. Гэхдээ энэ өөрчлөлтүүдийг тухайн үед УИХ-ын гишүүд санал нэгдэж баталсан. Би одоо хүртэл харамсч явдаг юм. Ерөөсөө л Үндсэн хуульд гар хүрдэггүй байж гэж. Та нар гар хүрч болсон юм бид яагаад хүрч болдоггүй юм гэж ярьж эхэлнэ. Өнөөдөр өөрчлөөд явж болно оо. Дахиад 10 жилийн дараа өөр хэсэг бүлэг гарч ирээд л долоог хийсэн нь буруу, сүүлд засч сайжруулсан нь ч буруу гээд дайрвал яах вэ. Монгол Улс хэзээ ч хөгжихгүй. Эрхзүйн систем тогтворгүй болж, хөрөнгө оруулалт татах бааз суурь ч алга болно. Монгол Улс өлгийтэй хүүхдийн хөдөлгөөнөөр ажиллана. Жоохон хүүхдийн нүүрэнд даавуу тавиад үзээрэй. Нэг гараараа татна. Нөгөө гараараа бас оролдож үзнэ. Нүүрэн дээрээсээ авч чадахгүй хичээгээд л байдаг. Сүүлдээ уйлна. Яг үүнтэй адил зүйл л болно. Үндсэн хуулийн өөрчлөлт гол сэдэв биш. Би доторх өөрчлөлтийг нь яриагүй байна. Ярьвал ноцтой зүйл их бий. Хэлэлцээд эхэлвэл хэлэх үг ч их байгаа. -Ард нийтийн санал асуулгаар шийднэ гэж байна. Уг нь зөв санаа биз дээ. Улстөрчид биш иргэд Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх нь байна шүү дээ? -Дэлхийд Үндсэн хуулийг баталдаг хоёр арга байдаг. Парламент хэлэлцэж өндөр хувиар баталдаг, эсвэл ард нийтээр хэлэлцэж батлах уу, үгүй юу гэдгээ шийддэг. Үндсэн хуульд ч энэ хоёр аргыг хэлсэн. Түүнээс биш "Бид ийм өөрчлөлт оруулах гээд, та нар юу гэж үзэж байна вэ” гэж асуучихаад дараа нь парламент хэлэлцэнэ гэдэг чинь дэлхийн практикт байхгүй зүйл. Нэмэлт өөрчлөлтийг би үзээгүй сууж байна. Биднээс санал авсан төслөөсөө өөр зүйл өргөн барьсан гэнэ лээ. Иргэд юу ч мэдэхгүй байна. Мэргэжлийнхэн ч хүртэл мэдэхгүй байгаа. Нэг ёсондоо нүдийг нь боож байгаад за чи зүүн тийшээ яв гэдэгтэй агаар нэг. Нөгөөх нь боолттой учраас баруун тийшээ яваад өгвөл "За энэ хүн баруун тийшээ явлаа. Бид баруун тийшээ явлаа” гэх юм байна л даа. Ард нийтэд ойлгуулаад явлаа гэж бодъё. Иргэд энэ энэ заалтыг нь өөрчил гэнэ. Гэтэл хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдээс өөр санал гарвал яах вэ. Бөөн хэрүүл болно. Эрх олгосон субьект үүргээ биелүүлж чадахгүй байна гэдэг хамгийн том гутамшиг. Монголын ард түмэн 76 гишүүнийг Үндсэн хууль чи өөрчлөх эрхтэй гэж сонгосон болохоос биш хулчийсан үедээ буцаж ирээрэй гэж хэлээгүй. Ийм арчаагүй байж болохгүй. -Хундаам дээр байгаа 12 давхрын аль нэг өрөө, цонхыг өөрчлөх гэж байгаа юм биш үү? -Хундаам нь Үндсэн хууль. Энэ байшин чинь бусад хууль. Цонхоо өөрчлөх чинь хундаамтай ямар ч хамаагүй. -Төрийн гурван өндөрлөг эрх мэдлээ булаацалдаж байгааг та харж л суугаа байлгүй. Үүнийг тэгээд хуулиа өөрчлөхгүйгээр яаж шийдэх ёстой юм бэ? -Үндсэн хуульдаа биш. Ерөөсөө л өнөөдрийн системдээ байгаа юм. Намууд өөр болох ёстой. Сонгуулийн тогтолцоогоо өөрч­лөх ёстой юм. Би сонгуулийн тогтолцооны талаар олон удаа хөндөж байсан. Монголд хамгийн тохиромжтой системийг би ярьдаг юм. 2008, 2012 онд хэсэг гишүүд барьж явснаа орхичихсон. Тэр нь можаритор, пропорциональ системийг хольсон тогтолцоо. Одоогийн манай мөрдөж байгаа чинь холимог биш. Нэгийг нь можаритор, нөгөөг нь пропорциональ системээр сонгож байгаа хэлбэр. Монгол хүн ам цөөтэй. Сонгуулийн насны сая гаруй хүн л байгаа. Тэгвэл энэ сая гаруй хүн чинь хүнээ таньдаг. Улсын хэмжээгээр нэг сонгогч нэг л хүний төлөө саналаа өгөх ёстой. Намууд 76 хүнээ нэр дэвшүүлээд, бие даагч бас гарна. Сонгогч ганц хүний төлөө санал өгнө. СЕХ хоёр үйл ажиллагаа явуулах юм. Би тухайлбал "А” намаас нэр дэвшсэн бол миний төлөө өгсөн саналыг тоолно. Мөн надад өгсөн саналыг "А” намд өгсөн санал гэж тоолно. Ингээд тоолохоор намуудаар нь суудлаа хуваах болно. "А” нам хэд, "Б” намд хэдэн хувийн санал авч вэ гэдгийг гаргачихна. А нам УИХ-ын 76 гишүүний 39 саналыг авчихна. 39 гишүүний суудалд суух хүнийг сонгогчид өөрсдөө шийдсэн байгаа. Эхнээс нь байр эзлүүлээд явна гэсэн үг. Нам намайг 39 дээр жагсаагаад ард түмэн надад 50-иас дээш хувийн санал өгвөл би 15 руу ороод ирнэ. Түүнийг СЕХ хийх юм. Ингэхээр жинхэнэ сонголт болно. Тогтвортой байх үүднээс 39 суудалтай нам бусдыг гуйгаад байх шаардлагагүй болох юм. Гишүүдийн сахилгын асуудал яригдаж эхэлнэ. Давхар дээлийг ингээд шийдэж болно. 39 гишүүн дотор сайд болох хүсэлтэй хүн долоо байвал тэд сайдаа л хийнэ. Дараагийн долоог татаад л оруулаад ирнэ. Хамгийн зөв систем. Маш олон асуудлыг шийдэж болно. -Системээр шийдчихлээ гэж бодъё. Гэхдээ УИХ-д байгаа Засгийн газрыг огцруулах эрхийг яах юм? -Манайд л ингэж байдаг. Мэдэхгүй. Би үнэхээр гайхдаг юм. Огцруулна гэж нэг хэсэг нь зүтгэж, нөгөө хэсэг нь огцруулахгүй гэж хэрэлдээд байгаа болохоос огцруулахдаа хүрвэл хэдхэн минутын л асуудал. Ард түмнийг хүртэл талцуулах ямар хэрэг байна. Хуулийн дагуу л асуудал тавьсан бол хэлэлцлээ, огцрууллаа. Хуулийн дагуу тавиагүй байна буцаалаа, хэвээр нь тавилаа. Нэг кран олж өргөх гэдэг, нөгөөх нь гаднаас орж ирэх болдог, эсвэл нэг компаниас гуйлга түүж авчраад өргөдөг олон өдрийн ажил биш байхгүй юу. Өнөөдөр өргөн барьсан бол хуулийн дагуу асуудлыг нэг хоёр өдрийн хугацаанд хэлэлцэнэ. Яагаад удаад байна вэ гэхээр хор найруулах гэж л удаад байгаа юм. Энэ асуудал биш. Бат тогтвортой 39 суудалтай нам огцруулах уу, огцруулахгүй юу гэдгээ өөрөө л шийднэ. Аваад үлдэнэ гэвэл аваад л үлдэнэ. М.Энхсайханы Засгийн газрыг огцруулах үед нэг намын дарга хэлж байсан юм. Цагаа болоод огцруулахад цөөнх огцруулдаггүй юм. Харин олонхи өөрөө огцруулах эсэхээ шийддэг юм гэж хэлээд гарч байсан. Түүн шиг үнэн үг байхгүй. Уначих гээд байгаа учраас хамгаалах гэж зүтгэдэг, унахгүй байгаа учраас унагах гэж зүтгэдэг л асуудал яваад байгаа. -Гишүүдийн тоог нэмэх тухайд? -Тийм жижиг асуудал ярьмааргүй байна. -Манайх шиг орнуудад 76 бол хамгийн бага юм биш үү? -Бага байлаа гээд юун буруу гэж. Том байлаа гээд юу зөвдөх юм. -Эрх мэдлийг салгах, нэг гишүүний олон даргын сэтэр буурах гээд л? -Наад тоо чинь ёстой толгой эргүүлсэн ажил. 99 болно уу, 76 байна уу надад хамаа алга. Тиймхэн асуудлаар өөрчлөлт оруулах гэж байгаа бол бүр заваарсан юм болно. 99 биш байжээ, 120 байя гээд л хэрэлдэнэ. 2+2=4 гардаг бол гарцаагүй хүлээн зөвшөөрнө. Харин 2+2=3, 5 гардаг байгаа нөхцөлд хэзээ ч наадхыг чинь хийж болохгүй. Хэн ч үнэмшихгүй. Энэ хэсгийг нь зөвшөөрлөө гэхэд маргаашнаас нь эхлээд л 76 зөв байсан гээд "орилж” эхэлнэ. Үндсэн хуулийг хэлэлцэх үед 99, 50, 76 гэж хэлэлцэж байгаад 76 гэж тохирсон юм. Өнөөдөр 76 гэсэн тоонд монголчууд дасч эхэлж байгаа. -Нийгмийн хөгжлийн энэ үеийг дагаад баталж бай­гаа хуулиуд маань Үндсэн хууль­тай зөрчилдөж байна гэж их ярьдаг. Та хуульч хүн, энэ та­лаар тодорхой байр суурь илэр­хийлэх болов уу? -Яг үнэн. Намайг Цэцэд байх тэр үед, би УИХ-ын гишүүн байхдаа ч гэсэн Цэц рүү дайрч байсан. Үндсэн хуулийнхаа шүүх рүү дайрдаг ойлголт ганц Монголд биш хаа сайгүй л байдаг ойлголт. Гэхдээ манайх арай л хэтэрхий. Юуны төлөө Үндсэн хуулийг ягштал биелүүлэх шүүх байгуулсан билээ. Өнгөрсөн зуун бол Үндсэн хуульт байгууллын зуун. Харин энэ зуун бол Үндсэн хуулийн шүүхийн зуун гэж хэлж байсан удааи. Тооцоо судалгаагүй олон хууль батлагдаж байгаа учраас л Цэц шиг ажилтай газар байхгүй болоод байгаа биз дээ. Эдийн засаг, санхүүгийн боломжоо харахгүй батлаад нөгөөхөө хэрэгжүүлж чадах­гүй­гээс болж хүний эрх зөрчигддөг юм шүү дээ. Ажиглаад байхад, Цэцэд дандаа хажуугийн саналаар орсон заалтууд очоод байна уу гэж хардаг. Б.Өнөртогтох "Монголын мэдээ” сонин