• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2019 оны 04 дүгээр сарын 08-18-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад ажиллаж байна.

Ажлын хэсэг дээрх аймгуудын Засаг даргын Тамгын газар болон холбогдох төрийн байгууллагаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлж буй нөхцөл байдалтай танилцах, төрийн албан, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, ажлын байрны бэлгийн дарамт зэрэг хүний эрхийн зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцуулахаар ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмж хүргүүлэх юм.

Түүнчлэн төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудад зориулсан “Жендэр ба хүний эрх” сургалтыг дээрх 3 аймгийн 90 гаруй хүнд явуулах бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймаг дахь төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад сургалтыг хийж байна. Сургалтыг "Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал”, "Жендэрийн тэгш байдлын талаарх олон улсын эрх зүйн зохицуулалт”, "Жендэрийн асуудлаарх гомдол шийдвэрлэх ажиллагаа", "Жендэрт суурилсан хүчирхийлэл", "Жендэрийн асуудлаарх гомдол шийдвэрлэх ажиллагаа", "Байгууллага дахь жендэрийн тэгш байдал" зэрэг сэдвээр цогц ойлголт олгох хөтөлбөрөөр явуулж байна.

Эдгээр үйл ажиллагаа нь Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэх үзүүлэх, төрийн байгууллага дотор жендэрийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын жендэр ба хүний эрхийн мэдлэг, чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.