• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, сургалт явууллаа

"Жендэр" гэж улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг үүрэг, хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар уламжлагдан тогтсон, түүхэн явцад хувьсан өөрчлөгддөг ойлголт, үзэл, хандлагыг хэлнэ хэмээн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд томъёолсон байдаг. Монгол Улсад батлагдан хэрэгжиж 2011 онд батлагдсан уг хуульд жендэрийн асуудлаар хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын чиг үүргийн тодорхой тусгасан байдаг бөгөөд уг хуулийн зүйл заалтын хэрэгжилт хэр байгааг тандах судалгаа, сургалтуудыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2018 оноос эхлэн явуулж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэмжлэгтэйгээр "Монгол Улсад мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд 21 аймаг дахь төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлж буй эсэхийг шалгаж, төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад жендэр, хүний эрхийн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна. 2019 онд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Өмнөговь зэрэг 6 аймагт Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж, хяналт шалгалт, сургалтыг хийсэн бол 2019 оны 06 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж төрийн байгууллагуудад хяналт шалгалт явуулж, төрийн удирдах албан тушаалтан, удирдлагууд нийт 50 гаруй хүнд жендэр, хүний эрхийн сургалт зохион байгууллаа. Хяналт шалгалтад Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Сайнцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар зэрэг нийт 10 байгууллага хамрагдлаа.