“Зөрчил, мөргөлдөөн бүхий нөхцөлд хүний эрхийн үүднээс хандах нь” хуралд оролцож байна - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Зөрчил, мөргөлдөөн бүхий нөхцөлд хүний эрхийн үүднээс хандах нь” хуралд оролцож байна

 
Катар Улсын нийслэл Доха хотноо 2 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд болж буй "Арабын бүс нутаг дахь зөрчилдөөний нөхцөлд хүний эрхийн үүднээс хандах нь” олон улсын бага хуралд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын албаны дарга Ч.Алтангэрэл оролцож байна. Уг хурлыг Катар Улсын Хүний эрхийн үндэсний хороо, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Арабын бүс нутгийн улс орнууд, НҮБ зэрэг олон улсын байгууллагууд, хүний эрхийн үндэсний байгууллагуудын Арабын сүлжээ, Ази номхон далайн чуулган, Африкийн холбоо зэрэг байгууллагыг төлөөлсөн 240 гаруй төлөөлөгчид, судлаач, мэргэжилтнүүд оролцож байгаа аж. Комиссын ажлын албаны дарга Ч.Алтангэрэл уг хурлын "Зэвсэгт мөргөлдөөний нөхцөлд сурч боловсрох эрхийг хангах нь” ажлын хэсэгт хамрагдан зохих саналаа илэрхийлжээ. Бага хурлын оролцогчид аливаа зөрчил, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээ авах, зөрчилдөөнийг таслан зогсооход хүний эрхэд суурилсан хандлага, төлөвлөлтийг хэрхэн хэрэгжүүлэх талаар бодит жишээ баримтууд, улс орнуудын нөхцөл байдалд тулгуурлан хэлэлцэж байна. Уг хуралд НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын орлогч, хатагтай Кейт Гилмор оролцож, олон улсын түвшинд өрнөж буй зөрчил мөргөлдөөн бүрийг эцэслэн шийдвэрлэх, түүнээс үүдэн гарч буй хүний эрхийн зөрчлийг таслан зогсооход Хүний эрхийн үндэсний байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэхийг онцлон тэмдэглэв.  Мөн Арабын бүс нутагт хүний эрхийн зөрчлийг бууруулахын тулд тэдгээр улс орны удирдагчид үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хүний эрхийг хамгаалахын төлөө ажил үйлсээрээ манлайлагч болж ажиллахыг уриаллаа. Энэ хурлын үеэр хөндөгдсөн асуудлуудыг ирэх сард Швейцар Улсын Женев хотноо болох Хүний эрхийн үндэсний байгууллагуудын дэлхийн холбооны Жил тутмын уулзалтаар дахин хэлэлцэх ажээ.