Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт

Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны 2200А(XXI) тоот тогтоолоор баталж, 1976 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон.УДИРТГАЛЭнэхүү Пактад оролцогч улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэмд тунхагласан зарчмын дагуу хүн төрөлхтөний ам бүлийн гишүүн бүхэнд угаас заяасан нэр төр болон тэдний адил тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шудрага ёс, бүх нийтийн энх тайвны үндэс мөн болохыг анхааралдаа авч, эдгээр эрх нь хүнд угаас заяасан нэр төрөөс үүдэн гарч байгааг хүлээн зөвшөөрч, Хүний эрхийн түгээмэл Тунхаглалд зааснаар хүн бүр эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ улс төр, иргэнийхээ эрхийн адил эдлэх нөхцлөөр гагцхүү хангагдаж байж л улс төр, иргэний эрх чөлөөгөө эдэлж, айх аюулгүй, гачигдах зовлонгүй байх чөлөөт бие хүний эрхэм зорилго биелэгдэхийг хүлээн зөвшөөрч, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэм ёсоор улс гүрэн хүний эрх, эрх чөлөөг бүх нийтээр хүндэтгэн сахих явдлыг хөхиүлэн дэмжих үүрэгтэйг анхааралдаа авч, хувь хүн бүр бусад хүн болон хамт олныхоо өмнө үүрэг хүлээхийн сацуу энэхүү Пактад хүлээн зөвшөөрсөн эрхийг хөхиүлэн дэмжих, сахиулах талаар чармайх ёстойг анхааралдаа авч, дор дурдсан зүйлийг тохиролцов:I ХЭСЭГ1 дүгээр зүйлБүх ард түмэн өөрөө засан тохинох эрхтэй. Энэхүү эрхийнхээ дагуу тэд улс төрийн статусаа чөлөөтөй тогтоож, эдийн засаг, нийгэм, соёлоо чөлөөтөй хөгжүүлнэ. 2. Бүх ард түмэн харилцан ашигтай байх зарчим дээр тулгуурласан олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаагаар болон олон улсын эрх зүйгээр хүлээсэн аливаа үүргээ хохироохгүйгээр байгалийн баялаг, нөөцөө өөрийн зорилгод чөлөөтэй захиран зарцуулна. Аль ч ард түмнийг ямар ч тохиолдолд оршин тогтнох хэрэглүүрээс нь хагацааж үл болно. 3. Энэхүү Пактад оролцогч бүх улс, түүний дотор, өөрөө эс удирдах болон асрамжийн нутаг дэвсгэрийг захирах хариуцлага бүхий улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрмийн заалтын дагуу өөрөө засан тохинох эрхийг хэрэгжүүлэх явдлыг хөхиүлэн дэмжиж, энэ эрхийг хүндэтгэх ёстой.II ХЭСЭГ2 дугаар зүйлЭнэхүү Пактад оролцогч улс бүр нутаг дэвсгэртээ болон харьяалалдаа байгаа бүх хүний энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн буюу бусад байдлаар ялгаварлахгүйгээр хүндэтгэн хангах үүрэгтэй. 2. Хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээ аваагүй байгаа бол энэхүү Пактад оролцогч улс бүр үндсэн хуулийнхаа журам болон энэ Пактын заалтад нийцүүлэн түүнд хүлээн зөвшөөрсөн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байж болох хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээг авах үүрэгтэй. 3. Энэхүү Пактад оролцогч улс бүр дараахь үүрэг хүлээнэ: (а) энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн аливаа хүнийг, ийм зөрчлийг албаны үүргээ гүйцэтгэж байсан этгээд үйлдсэн байсан ч үр нөлөөтэй эрх зүйн хамгаалалтаар хангах; (b) эрх зүйн хамгаалалт хүссэн аливаа этгээдийн тийм эрхийг эрх бүхий шүүх, захиргаа, хууль тогтоох байгууллага, эсхүл тухайн улсын эрх зүйн тогтолцоонд заасан эрх бүхий бусад байгууллагаас тогтоож байх явдлыг хангах, түүнчлэн шүүхээр хамгаалуулах боломжийг нь хөгжүүлэх; (c) эрх зүйн хамгаалалт олгож байгаа бол түүнийг эрх бүхий байгууллагаас хэрэгжүүлэх явдлыг хангах.3 дугаар зүйлЭнэхүү Пактад оролцогч улс түүнд заасан иргэний болон улс төрийн бүх эрхийг эрэгтэй, эмэгтэйчүүдэд тэгш эдлүүлэх үүрэгтэй.4 дүгээр зүйлУлс үндэстний амьдралд аюул занал тулгарч, энэ тухай албан ёсоор зарлаж нийтийг хамарсан онц байдал тогтоосон үед энэхүү Пактад оролцогч улс уг Пактаар хүлээсэн үүргээсээ тухайн нөхцөл байдлын хурцадмал шинжид дүйх хэмжээгээр ухарсан арга хэмжээ авч болох бөгөөд тэр нь олон улсын эрх зүйгээр хүлээсэн бусад үүрэгт нь харшлах ёсгүйгээс гадна зөвхөн арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг буюу нийгмийн гарлаар алагчилах явдалд хүргэхгүй байх ёстой. 2. Энэ заалт нь 6, 7, 8, /1, 2 дахь хэсэг/, 11, 15, 16, 18 дугаар зүйлээс ямар нэгэн байдлаар ухрах үндэслэл болохгүй. 3. Ухрах эрхээ хэрэгжүүлж буй, энэхүү Пактад оролцогч аливаа улс ухарч байгаа заалт болон ухрах болсон шалтгааны талаар уг Пактад оролцогч бусад улсад Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар уламжлан даруй мэдэгдэх ёстой. Түүнчлэн ухарсан үүргээ сэргээсэн хугацааг мөнхүү зуучлагчаар уламжлан мэдэгдсэн байх ёстой.5 дугаар зүйлАливаа улс, бүлэг буюу хувь этгээд энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн аливаа эрх, эрх чөлөөг үгүй хийх буюу тэдгээрийг түүнд зааснаас илүү хэмжээгээр хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах буюу үйлдэл хийх эрхтэй мэтээр энэхүү Пактын заалтуудыг мушгин тайлбарлаж болохгүй. 2. Энэхүү Пактад оролцогч аливаа улсад хууль, конвенц, журам, заншлаар хүлээн зөвшөөрсөн буюу хэрэгжүүлж байгаа хүний аливаа үндсэн эрхийг тус Пактад хүлээн зөвшөөрөөгүй буюу доогуур хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн гэх шалтгаар хязгаарлах буюу бууруулж болохгүй.III ХЭСЭГ6 дугаар зүйлХүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй. 2. Цаазаар авах ялыг цуцлаагүй улсад уг ялыг зөвхөн онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир энэхүү Пакт болон Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай конвенцийн заалтад нийцсэн бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдэх үед хүчинтэй байсан хуулийн дагуу этгээдэд оногдуулж болно. Энэхүү ялыг гагцхүү эрх бүхий шүүхийн эцсийн шийдвэрийн дагуу гүйцэтгэж болно. 3. Амь нас бусниулсан үйлдэл нь төрлөөр устгах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байвал энэ заалт нь энэхүү Пактад оролцогч аль ч улсад Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай конвенцийн заалтаар хүлээсэн аливаа үүргээсээ ямар ч байдлаар ухрах эрх олгохгүй гэж ойлгоно. 4. Цаазаар авах ял шийтгүүлсэн хүн бүр уучлал эрэх буюу ял хөнгөрүүлэх хүсэлт гаргах эрхтэй. Бүх тохиолдолд өршөөл, уучлал үзүүлэх буюу цаазаар авах ялыг хөнгөрүүлж болно. 5. Арван найман нас хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэрэгт цаазаар авах ял оногдуулахгүй бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдэд оногдуулсан уг ялыг гүйцэтгэж болохгүй. 6. Энэ зүйлийн аль ч заалт нь энэхүү Пактад оролцогч аль нэгэн улс цаазаар авах ялаа цуцлахыг хойшлуулах буюу ерөөсөө цуцлах үндэслэл болохгүй.7 дугаар зүйлХэнд ч эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно. Тухайлбал, өөрийнх нь чөлөөтэй өгсөн зөвшөөрөлгүйгээр хэнийг ч эмнэлгийн буюу шинжлэх ухааны туршилтад оруулж болохгүй.8 дугаар зүйлХэнийг ч боол болгож болохгүй; аливаа төрийн боолчлол болон боолын худалдааг хориглоно. 2. Хэнийг ч бусдын эрхшээлд байлгаж болохгүй. a) хэнийг ч албадан хөдөлмөрлүүлэх буюу заавал ажилд тулгаж болохгүй. b) гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүнд хүчир хөдөлмөр хийлгэж хорих ял оногдуулж болдог улсын хувьд эрх бүхий шүүхээс оногдуулсан ялын дагуу хүнд хүчир хөдөлмөр хийлгэхэд 3 дахь хэсгийн (а) дэд хэсгийн заалт саад болохгүй. c) энэ хэсгийн зорилгын үүднээс "албадан хөдөлмөрлүүлэх буюу заавал ажилд тулгах " гэсэн нэр томъёонд дор дурдсан зүйлүүд хамаарахгүй: l/ шүүхийн хууль ёсны шийдвэрээр хоригдож байгаа буюу тийм хорионоос тэнсэнгээр суллагдсан этгээдээс хийхийг шаарддаг, (b) дэд хэсэгт дурдаагүй аливаа ажил буюу алба, ll/ цэргийн шинжтэй аливаа алба, түүнчлэн итгэл үнэмшлийн сэдлээр цэргийн албанаас татгалзахыг зөвшөөрсөн улсад тийм хүмүүсээс хуульд заасны дагуу гүйцэтгэх ёстой аливаа үндэсний алба, lll/ онц байдлын үед буюу хүн амын амьдрал, аж байдалд заналхийлсэн гай гамшиг тохиолдсон үед заавал гүйцэтгэх аливаа алба, lV/ иргэний ердийн үүрэгт хамаарах аливаа ажил буюу алба.9 дүгээр зүйлХүн бүр эрх чөлөөтөй, халдашгүй дархан байх эрхтэй. Хэнийг ч дур мэдэн баривчлах буюу цагдан хорьж болохгүй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэний ч эрх чөлөөг хасч болохгүй. 2. Баривчлагдсан шалтгааныг хүн бүрт баривчлах үед нь мэдэгдэхийн зэрэгцээ буруутгаж байгаа аливаа үндэслэлийг даруй мэдэгдэнэ. 3. Баривчлагдсан буюу эрүүгийн хэрэгт буруутгагдсан аль ч хүнийг шүүгч буюу хуулийн дагуу шүүн таслах эрх хэмжээ олгогдсон бусад албан тушаалтанд даруй шилжүүлэх бөгөөд хүн хэргээ боломжийн богино хугацаанд шүүхээр шийдвэрлүүлэх буюу суллагдах эрхтэй. Шүүхийн өмнөх шатанд байгаа хүнийг заавал цагдан хорьж байх нийтлэг журам байх албагүй бөгөөд шүүх хуралд оролцох, шүүн таслах ажиллагааны аль ч шатанд байлцах, шаардлагатай тохиолдолд, шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд байх баталгаа гаргаж өгсөн бол этгээдийг суллаж болно. 4. Баривчлагдаж эсхүл цагдан хоригдож эрх чөлөөгөө хасуулсан хүн бүр ийнхүү хорьж саатуулсан нь хууль ёсны эсэхийг шүүхээр даруй тогтоолгох, хууль бусаар хорьсон бол суллуулах шийдвэр гаргуулах эрхтэй. 5. Хууль бусаар баривчлагдаж эсхүл цагдан хоригдож хохирсон этгээд хохирлоо албадан нөхөн төлүүлэх эрхтэй.10 дугаар зүйлЭрх чөлөөгөө хасуулсан бүх хүнтэй хүнлэг харьцаж, угаас заяасан нэр төрийг нь хүндэтгэнэ. 2. (a) онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд буруутнаар татагдсан этгээдийг ял шийтгүүлсэн этгээдээс тусгаарлаж, шийтгэгдээгүй этгээдийн эрх зүйн байдалд тохирсон жич дэглэмд байлгана. (b) буруутнаар татагдсан насанд хүрээгүй этгээдийг насанд хүрсэн этгээдээс тусгаарлаж хэргийг нь аль болох богино хугацаанд шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлнэ . 3. Хорих байгууллагын дэглэмийн нэн чухал зорилго нь хоригдлыг засан хүмүүжүүлж, нийгмийн хэвийн гишүүн болгох явдал байна. Гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүйчүүдийг насанд хүрэгсдээс тусгаарлаж, тэдний нас, эрх зүйн байдалд нийцсэн дэглэмд байлгана.11 дүгээр зүйлГэрээгээр хүлээсэн аль нэг үүргээ биелүүлж чадаагүй ч гагцхүү үндэслэл болгон хэний ч эрх чөлөөг хасч болохгүй.12 дугаар зүйлАль нэг улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор байгаа аливаа хүн тухайн нутаг дэвсгэрийн дотор чөлөөтөй шилжин явах, оршин суух газраа чөлөөтөй сонгох эрхтэй. 2. Хүн бүр аливаа улсыг, түүний дотор эх орноо орхин явах эрхтэй. 3. Хуульд заасан бөгөөд үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, эрүүл мэнд, ёс суртахуун буюу бусдын эрх, эрх чөлөө болон энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн бусад эрхийг хамгаалахад шаардлагатай хязгаарлалтаас бусдаар дээр дурдсан эрхийг хязгаарлаж болохгүй. 4. Хэний ч эх орондоо ирэх эрхийг дур мэдэн хасч болохгүй.13 дугаар зүйлЭнэхүү Пактад оролцогч аль нэг улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэнийг гагцхүү хуулийн дагуу гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс албадан гаргаж болох бөгөөд үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зайлшгүй шалтгаанаас бусад тохиолдолд албадан гаргахыг эсэргүүцсэн үндэслэл шалтгаанаа танилцуулах, эрх бүхий байгууллага буюу түүнээс тусгайлан томилсон этгээд буюу этгээдүүдээр хэргээ дахин хянуулах түүнчлэн энэ зорилгоор ийнхүү эрх бүхий байгууллага, этгээд буюу этгээдүүдэд өөрийгөө төлөөлүүлж хандах эрхтэй.14 дүгээр зүйлШүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Хүн бүр өөрт тулгасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх, үүргээ тодорхойлуулахдаа хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, тал үл харах шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй. Ардчилсан нийгэм дэх ёс суртахуун, нийгмийн хэв журам буюу үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс эсхүл талуудын хувийн амьдралын эрх ашгийн үүднээс, эсхүл нээлтэй явуулах нь шүүн таслах ажлын эрх ашгийг зөрчинө гэж шүүхээс үзсэн онцгой нөхцөл байдалд, тэрхүү шүүхийн өөрийн саналаар зайлшгүй гэж тогтоосон хэмжээгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийг шүүх ажиллагаанд бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт оролцуулахгүй байж болно; гэхдээ насанд хүрээгүй хүүхдийн эрх ашгийг хамгаалах, гэр бүлийн (matrimonial) эхнэр нөхрийн маргаан буюу хүүхдэд асран хамгаалагч тогтоохтой холбоотойгоос бусад эрүүгийн болон иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр олон нийтэд нээлттэй байна. 2. Эрүүгийн хэрэгт буруутгуулж буй хэн боловч гэм буруу нь хуулийн дагуу нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцогдох эрхтэй. 3. Хүн бүр өөрийг нь яллагдагчаар татсан аливаа эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр дараахь наад захын баталгаагаар хангагдах эрхтэй: (а) оногдуулж байгаа ялын шинж чанар, үндэслэлийг ойлгох хэлээр нь даруй, нарийвчлан мэдэгдэх; (b) өмгөөлүүлэх ажлаа бэлтгэх хүрэлцээтэй хугацаа, бололцоотой байх, сонгож авсан өмгөөлөгчтэйгээ харилцах; (c) зүй бусын хойшлуулалтгүйгээр шүүгдсэн байх; (d) хэргийг нь шүүхээр хянан хэлэлцэхэд байлцах, өөрийгөө биечлэн өмгөөлөх буюу өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх; өмгөөлөгчгүй байгаа бол өмгөөлүүлэх эрхийнх нь тухай өөрт нь мэдэгдсэн байх; шүүн таслах ажлын эрх ашиг шаардаж байвал ямар ч тохиолдолд, өөрт нь томилсон өмгөөлөгчтэй байх, ийм аливаа тохиолдолд өмгөөлөгчийн хөлсийг төлөх хүрэлцээтэй мөнгө хөрөнгө байхгүй бол үнэ төлбөргүй үйлчлүүлэх; (e) өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчийг байцаалгах буюу байцаалгуулах, эсрэг гэрчтэй адил нөхцлөөр өөрийн өмнөөс гэрч оролцуулах болон шалгуулах; (f) шүүн таслах ажиллагаа явуулж байгаа хэлийг ойлгохгүй буюу үг хэлээр ярьдаггүй тохиолдолд орчуулагчийн туслалцааг үнэ төлбөргүй авах; (g) өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй; 4. Насанд хүрээгүй хүмүүсийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тэдний насыг болон засч хүмүүжихэд нь дэмжлэг үзүүлүүштэйг харгалзсан байх ёстой. 5. Ямар нэг гэмт хэрэгт шийтгүүлж ял заагдсан хүн бүр шийтгэгдсэнээ болон оноосон ялыг эргэж хянуулахаар хуулийн дагуу дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй. 6. Эрүүгийн хэрэг үйлдэж, шүүхийн эцсийн шийдвэрээр ял заагдсан бөгөөд шинэ буюу шинээр илэрсэн үйл баримт шүүн таслах ажиллагааны алдааг хөдөлбөргүй нотолсны учир оногдуулсан ялыг хожим хүчингүй болгосон буюу хэргийг цагаатгасан бол тэрхүү мэдэгдээгүй байсан үйл баримт тухайн үедээ илрээгүй нь бүхэлдээ буюу зарим талаар уг хүний буруугаас болсон гэдэг нь батлагдаагүй бол тийнхүү шийтгүүлсэн этгээд хуулийн дагуу хохирлоо нөхөн төлүүлнэ. 7. Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй.15 дугаар зүйлХэрэг үйлдэх үед нь дотоодын хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт эс тооцож байсан ямар нэг үйлдэл буюу эс үйлдлээр хэнийг ч гэмт хэрэгтэн гэж буруутгаж болохгүй түүнчлэн эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ. 2. Хэрэг үйлдэх үед олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээн зөвшөөрсөн эрх зүйн ерөнхий зарчмын дагуу эрүүгийн гэмт хэрэгт тооцож байсан үйлдэл буюу эс үйлдэл хийсэн этгээдийг шүүхэд шилжүүлэх болон шийтгэхэд энэ зүйлийн заалт саад болохгүй.16 дугаар зүйлХүн бүр хаана ч эрх зүйн чадвартай байх эрхээ хүлээн зөвшөөрүүлэх эрхтэй.17 дугаар зүйлХэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно. 2. Хүн бүр тийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй.18 дугаар зүйлХүн бүр чөлөөтөй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Энэхүү эрхэнд өөрийн сонгосон шашин буюу шүтлэгтэй байх эсхүл тийм шашин буюу шүтлэгтэй болох эрх чөлөөний зэрэгцээ ганцаар буюу бусадтай хамтран олон нийтэд буюу хувийн журмаар хичээл заах, хурал мөргөл хийх, шашны болон зан үйлийн ёслол үйлдэх зэргээр шашин буюу шүтлэг номлох эрх чөлөө багтана. 2. Хэний ч өөрийн сонгосон шашин буюу шүтлэгтэй байх эсхүл тийм шашин буюу шүтлэгтэй болох эрх чөлөөг хязгаарлахаар албадан шахах ёсгүй. 3. Шашин буюу шүтлэгээ номлох эрх чөлөөг зөвхөн хуулиар тогтоосон болон нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах шаардлагын үүднээс хязгаарлаж болно. 4. Энэхүү Пактад оролцогч улс эцэг эхийн болон зохих тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчдын үр хүүхэддээ хувийн үзэл итгэлийнхээ дагуу шашны болон ёс суртахууны хүмүүжил олгох эрх чөлөөг хүндэтгэх үүрэг хүлээнэ.19 дүгээр зүйлХүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй. 2. Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана. 3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан эрхийг эдлэх нь онцгой үүрэг, хариуцлага оногдуулна. Тийм учраас түүнийг зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон байх ёстой бөгөөд дараахь шаардлагаас үүдэн гарсан байх ёстой : а/ бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх; b/ үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах.20 дугаар зүйлДайныг аливаа хэлбэрээр сурталчлахыг хуулиар хориглоно. 2. Алагчилан дайсагналцах болон хүчирхийллийг өдөөн турхирдаг үндсэрхэх үзлээр, арьс үндсээр болон шашин шүтлэгээр үзэн ядах байдлыг дэмжсэн аливаа ухуулга сурталчилгааг хуулиар хориглоно.21 дүгээр зүйлТайван хуран цуглах эрхийг хүлээн зөвшөөрнө. Энэхүү эрхийг эдлэхэд ардчилсан нийгэмд үндэсний буюу нийгмийн аюулгүй байдал, нйигмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах, эсхүл бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах эрх ашгийн үүднээс хуулийн дагуу тогтоосноос өөр хязгаарлалт хийж болохгүй.22 дугаар зүйлХүн бүр бусадтай эвлэлдэн нэгдэх, түүний дотор өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс үйлдвэрчний эвлэл байгуулах буюу түүнд элсэх эрхтэй. 2. Энэ эрхийг эдлэхэд ардчилсан нийгэмд үндэсний буюу нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах эрх ашгийн үүднээс хуульд зааснаас өөр хязгаарлалт хийж болохгүй. Зэвсэгт хүчний болон цагдаагийн бүрэлдэхүүнд багтах этгээдэд энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд хууль ёсны хязгаарлалт тогтооход энэ зүйл саад болохгүй. 3. Энэ зүйлийн аль ч заалт Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрх чөлөөний тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 1948 оны конвенцид нэгдэн орсон улсын хувьд түүнд заасан баталгаанд харшлах хууль тогтоомж гаргах буюу хуулийг эдгээр баталгаанд хохирол учруулахаар хэрэглэх эрх үл олгоно.23 дугаар зүйлГэр бүл бол нийгмийн жам ёсны үндсэн нэгж бөгөөд нийгэм, төрөөр хамгаалуулах эрхтэй. 2. Гэрлэх насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэйчүүд гэрлэх, өрх тусгаарлах эрхтэй. 3. Гэрлэгчид өөрсдөө чөлөөтэй бөгөөд харилцан бүрэн зөвшөөрөлцөөгүй аливаа гэрлэлт байж үл болно. 4. Энэхүү Пактад оролцогч улс нь гэрлэх үед, гэрлэсэн хугацааны туршид болон гэрлэлтийг цуцлах үед гэрлэгчдийн эдлэх эрх, хүлээх хариуцлагыг тэгш хангах зохистой арга хэмжээ авна. Гэрлэлтийг цуцлах тохиолдолд аливаа хүүхдийг хамгаалах талаар шаардлагатай заалт гаргана.24 дүгээр зүйлАливаа хүүхэд арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ болон төрсөн байдлаар алагчлагдахгүйгээр өөрийн гэр бүл, нийгэм, төрийн зүгээс насанд хүрээгүйнхээ хувьд шаардлага бүхий хамгаалалт эдлэх эрхтэй. 2. Хүүхэд төрсөн даруй бүртгэгдэж, нэртэй болох ёстой. 3. Хүүхэд бүр иргэний харьяалалтай болох эрхтэй.25 дугаар зүйлИргэн бүр 2 дугаар зүйлд дурдсан аливаа алагчилалгүйгээр болон үндэслэлгүй хязгаарлалтгүйгээр дараахь эрх, боломжийг эдэлнэ: (а) төрийн хэргийг явуулахад шууд болон чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох; (b) сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтөй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох; (c) тэгш эрхийн ерөнхий нөхцөлтэйгээр улсдаа төрийн алба хаших.26 дугаар зүйлБүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. Энэ үүднээс аливаа байдлаар алагчилах явдлыг хуулиар хориглох бөгөөд хууль нь арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн байдал буюу бусад байдлаар алагчилахаас бүх хүнийг адил тэгш үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстой.27 дугаар зүйлУгсаатан, шашны болон хэлний цөөнх оршин суудаг улсад эдгээр цөөнхөд багтдаг хүмүүст тийм бүлгийн бусад гишүүнийхээ хамтаар соёлоо баримтлах, шашнаа шүтэх, шашныхаа зан үйлийг үйлдэх, түүнчлэн эх хэлээрээ ярих эрхийг хорьж болохгүй.IV ХЭСЭГ28 дугаар зүйлХүний эрхийн хороог (энэхүү Пактад цаашид "Хороо” гэж нэрлэнэ) байгуулна. Хороо арван найман гишүүнээс бүрдэх бөгөөд хойно заасан чиг үүргийг гүйцэтгэнэ. 2. Хорооны бүрэлдэхүүнд энэхүү Пактад оролцогч улсын иргэн бөгөөд ёс суртахууны эрхэм дээд чанарыг эзэмшсэн, хүний эрхийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг чадвар бүхий этгээд орох бөгөөд хууль эрхийн туршлагатай хэд хэдэн хүнийг оролцуулах нь ашигтай болохыг анхаарвал зохино. 3. Хорооны гишүүд өөрийн нэрээр сонгогдож, өөрийн нэрийн өмнөөс ажиллана.29 дүгээр зүйлХорооны гишүүдийг 28 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан бөгөөд энэхүү Пактад оролцогч улсаас нэрийг нь дэвшүүлсэн хүмүүсийн жагсаалта