Их, дээд сургуулиудад хүний эрхийн хичээл зааж буй багш нарын туршлага солилцох уулзалтыг зохион байгууллаа - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Их, дээд сургуулиудад хүний эрхийн хичээл зааж буй багш нарын туршлага солилцох уулзалтыг зохион байгууллаа

“Хүний эрхийн үзэл санаа, үнэт зүйлсийг дэлхийн бодлого боловсруулагчдын уулзалтын ширээнээс хүн төрөлхтөний хойч үеийнхний анги танхимд авчирч чадах үр дүнтэй стратеги байна” хэмээн нэгэнтээ хэлсэн байдаг. Тэгвэл хүний эрхийн боловсролыг сургалтын бүх түвшинд төдийгүй сургуулиас гадуурх тасралтгүй боловсролын хөтөлбөрөөр дамжуулан олгох нь хүмүүс эрх, эрх чөлөөгөө бүрэн эдэлж чадахуйц эдийн засаг, нийгэм, соёлын орчинг бүрдүүлэх үндэс суурь болох юм. Хүний эрхийн боловсрол гэдэг нь хүний эрхийн түгээмэл соёл бүрдүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагаа билээ. Хүний эрхийн мэдлэг ойлголтыг албан болон албан бус боловсролын тогтолцоонд хэрхэн хүртээмжтэй, үр дүнтэй талаар их, дээд сургуулиудын багш нар санал солилцож байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос их, дээд сургуулиудад хүний эрхийн хичээл зааж буй багш нарын туршлага солилцох уулзалтыг 2019 оны 02 дугаар сарын 28-нд зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудад “Хүний эрх” хичээл зааж буй багш нарын сайн туршлагаас харилцан солилцож, сургалтын агуулга, нэр томъёо, ойлголтын зөрүүг арилгах, сургалтын чанар, арга зүй, хэрэглэгдэхүүнийг сайжруулах, хамтын ажиллагааг бэхжүүлж, тулгамдаж буй бэрхшээлийг даван туулах гарцыг тодорхойлох зорилготой байлаа.

IMG_0753.JPG

IMG_0757.JPG

IMG_0769.JPG

Уулзалтад Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Удирдлагын академи, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Анагаах ухааны шинжлэх ухааны их сургууль, Үндэсний Тагнуулын академи, Хууль сахиулах их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Түшээ дээд сургууль, Шихихутаг их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Улаанбаатар их сургууль, ОУ-ын УБИС зэрэг 20 байгууллагын төлөөлөл оролцож, хүний эрхийн боловсролын асуудлаар санал, туршлага солилцлоо.

IMG_0754.JPG

IMG_0762.JPG