• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Комиссын зүгээс олон улсын хүний эрхийн гэрээ конвенциудад нэгдэн орох асуудлаар Монгол Улсын Засгийн газарт гаргасан санал

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 3-р зүйлийн 3.1-д зааснаар мөн хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын статусын талаарх 1992 оны Парисын Зарчимд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс нь үндэсний хууль тогтоомжийг олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэх, олон улсын хүний эрхийн гэрээ конвенциудад нэгдэн ороход Засгийн газрыг дэмжиж, тухайн гэрээний байгууллагууд, олон улсын хүний эрхийн тогтолцоонд үндэсний илтгэл бичихэд оролцох эрх үүрэгтэй юм. Энэ эрх, үүргийнхээ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисс 2001 онд байгуулагдсанаасаа хойш хүний эрхийн голлох гэрээ конвенциудад Монгол Улс нэгдэн орох тал дээр нөлөөллийн ажил хийж, Засгийн газарт санал тавин ажиллаж ирлээ. Тухайлбал: Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэм Иргэний болон улс төрийн эрхийн талаарх Олон Улсын Пакт, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц Эрүүдэн шүүхийн болон бусад хэлбэрээр харгис хэрцгий, хүнлэг бусаар, хүний нэр төрийг доромжлон харьцах буюу шийтгэхийн эсрэг Конвенцийн Нэмэлт протокол Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай Конвенц, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг Конвенц болон түүний Хүнийг хил давуулан худалдаалахыг шийтгэх тухай Нэмэлт протокол зэрэг олон улсын баримт бичигт Монгол Улс нэгдэн орох буюу соёрхон батлах асуудлаар Монгол Улсын Засгийн Газарт санал тавьж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад чиглэсэн нөлөөллийн ажил явууллаа. Комиссын болон хамтран ажиллагч байгууллагуудын хүчин чармайлтын үр дүнд тодорхой гэрээ конвенциудад Монгол Улс нэгдэн орж цаашид үндэсний хууль тогтоомжоо мөнхүү олон улсын баримт бичигт туссан хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэх үүрэг хүлээгээд байна. Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэм Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улсын Засгийн Газарт Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын Дүрэмд нэгдэн ороход нь нөлөөлөх зорилгоор 2002 оны 2-р сарын 20-ны өдөр УИХ-д санал өгч уг Дүрмийг соёрхон батлахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Ийнхүү Комиссын болон хамтран ажиллагч байгууллагуудын хүчин чармайлтын үр дүнд Монгол Улсын Их Хурал 2002 оны 4-р сарын 5-ны өдөр Олон Улсын Эрүүгийн Шүүхийн Ромын Дүрмийг соёрхон баталжээ. Мөн Ромын Дүрмийг соёрхон баталсантай холбогдуулан Гадаад хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Хүний эрхийн Үндэсний Комисс "Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийг Монгол Улсад хэрэгжүүлэх асуудал” сэдэвт семинарыг 2002 оны 10-р сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулав. Уг семинарт оролцогчид дараах саналыг гаргасан байна. Үүнд: Ромын дүрэм болон Олон улсын эрүүгийн шүүхийн ач холбогдол, үр нөлөө, түүнд Монгол Улсын оролцоо, хамтын ажиллагааны талаар өргөн олон нийтэд сурталчилгаа хийх, төр захиргааны байгууллагын ажилтнууд, шийдвэр гаргах түвшний хүрээнд сургалт, мэдээллийн хүрээтэй ажлыг зохион байгуулах, Ромын дүрэмд нийцүүлэн дотоодын хууль тогтоомжуудад, юуны түрүүнд Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг ойрын үед хийх, Ромын Дүрмийн 88-р зүйлд заасны дагуу Олон Улсын Эрүүгийн шүүхтэй хамтран ажиллах тухай журмыг хуулиар тогтоох, Ромын Дүрэм, Олон Улсын Эрүүгийн шүүхийн ач холбогдол, нөлөө, дотоодын хууль тогтоомжийн харилцан хамаарлын талаар судалгааны ажил хийх, онол практикийн бага хурал, семинар, мэтгэлцээнийг зохион байгуулж байх, Хуулийн их, дээд сургуулиуд, хуульчдын мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрт Ромын Дүрэм, Олон Улсын Эрүүгийн шүүхийн сэдвийг тусгаж, оюутан сурагчид хуульчид, судлаачдад зориулсан гарын авлага, сурах бичиг, лавламж бэлтгэх, Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчид Монгол Улсаас нэр дэвшигчийн сонгуулийн кампанит ажлыг холбогдох байгууллагууд идэвхтэй зохион байгуулж, энэ талаар олон улс, бүс нутаг, хоёр талын хэмжээнд яриа хэлцлийг эхлэх, Олон Улсын Эрүүгийн шүүхийн танхим, нарийн бичгийн дарга нарын газрын болон бусад салбар нэгжид үндэсний боловсон хүчнийг ажиллуулах, энэ талаар мэргэшүүлэх талаар Олон Улсын Эрүүгийн Шүүхийн холбогдох байгууллага, удирдлагатай холбоо тогтоож, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Ромын Дүрэм, Олон Улсын Эрүүгийн Шүүхийг сурталчлах, сургалт, семинар зохион байгуулахад иргэний нийгмийн төлөөлөлтэй идэвхтэй хамтран ажиллах гэсэн саналыг гаргасан байна. Эдгээрээс үндэслэн 2002 оны 10-р сард Комиссын зүгээс УИХ-д хандан Олон Улсын Эрүүгийн Шүүхтэй хамтран ажиллах журмыг хуулиар тогтоох болон дотоодын хууль тогтоомжид шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудыг судлан, холбогдох байгууллагуудаар хэлэлцүүлэх саналыг гаргаж байжээ. УИХ дээрх саналуудыг харгалзан үзэж дотоодын холбогдох хууль тогтоомжид шаардлагатай гэсэн зарим нэмэлт өөрчлөлтийг оруулсан юм.