• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Дэд хороо коронавирусын цар тахалтай холбоотой зөвлөмжүүд өгөв

(Албан бус орчуулга)

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс урьдчилан сэргийлэх Дэд хороо

Корона вирусын цар тахалтай холбоотой Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Дэд хорооноос Урьдчилан сэргийлэх Үндэсний Механизм болон оролцогч улс орнуудад гаргасан зөвлөмжүүд (2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр батлав.)

I. Оршил

Сүүлийн хэдэн долоо хоногт Коронавирус (КОВИД-19) нь хүн бүрийн өдөр тутмын амьдралд маш том нөлөө үзүүлж байна. Үүнд төрөөс нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын арга хэмжээг авч, хувь хүний зорчих хөдөлгөөн болон эрх чөлөөнд хязгаарлалт тогтоох байдлаар цар тахалтай тэмцэж байна.

Эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүс эрсдэлтэй, эмзэг байдалд орж байна. Энэ нь тэдний хязгаарлалтад байгаа байдал болон урьдчилан сэргийлэх, өөрсдөө сэрэмжлэх арга хэмжээ авах боломж хязгаарлагдсан байдлаас үүдэж байна. Тэр тусмаа хорих анги болон бусад саатуулах байранд нэг өрөөнд байх хүний тоо олон байдгаас гадна бохир байдал нь эрсдлийг улам хурцатгаж байна.

Зарим улс оронд эрх чөлөөг хязгаарладаг газруудад цар тахалтай тэмцэхээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь тухайн хорих ангид болон хорих ангийн гадна замбараагүй байдал үүсгээд байгаа бөгөөд хүний амь эрсэдсэн тохиолдол гарсан байна. Тиймээс аливаа төр засгаас цар тахалтай тэмцэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь эрхээ хязгаарлуулсан этгээд, түүний гэр бүл, хорих байгууламжийн болон эрүүл мэндийн ажилтнууд зэрэг бүх хүний эрхийг анхааралдаа авч үзэх нь нэн чухал юм.

Хоригдлууд болон хорих байгууллагын алба хаагчдад чиглэсэн гарч болзошгүй эрсдэлийн талаарх арга хэмжээнд энэхүү зөвлөгөөн дэх чиг хандлагыг тусгах, “хохирол учруулахгүй байх” болон “үзүүлж буй анхаарлын тэнцвэртэй байдлын” зарчмыг баримтлах шаардлагатай. Эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүс, тэдний гэр бүлийн гишүүдэд, хэвлэл мэдээллийнхэнд тухай бүр авч бүй арга хэмжээ, түүний үндэслэлийн талаар ил тод, нээлттэй мэдээлэх нь чухал билээ.

Үндэсний хэмжээний амин чухал, онцгой нөхцөл байдал үүссэн нөхцөлд ч эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бусаар харьцах, шийтгэхийг хориглоно.

[1] Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх дэд хороо өмнө гаргасан заавартаа албан ёсоор хөл хорио тогтоосон газрууд Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн Нэмэлт протоколын мандатын хүрээний асуудал мөн гэдгийг баталсан болно.

[2] Үүнээс улбаалаад ижил, төстэй зориулалт бүхий, хэн нэгэн өөрийн хүсэлтээр тухайн газрыг орхин явах, тухайн газраас гарах боломжгүй байгаа бүхий л газрууд нь Нэмэлт протоколын хүрээнд Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Дэд хороо болон Урьдчилан сэргийлэх үндэсний механизмын харьяаллын асуудал болно.

Үүссэн нөхцөл байдлын талаар ямар хариу арга хэмжээ авах талаар Дэд хорооноос олон Урьдчилан сэргийлэх Үндэсний механизмууд зөвлөгөө авахыг хүсч байсан билээ. Мэдээж өөр өөрийн улс оронд цар тахалтай холбогдуулж хэрхэн, ямар хариу арга хэмжээ авахыг бие даасан, хараат бус байгууллагын хувьд өөрсдөө тодорхойлох бүрэн боломжтой. Ямарваа нэгэн зөвлөгөөг Дэд хорооноос авахыг хүсэх нь бүгдэд нь нээлттэй хэвээр байна. Олон улсын болон бүс нутгийн байгууллагуудаас оролцогч улсууд болон Урьдчилан сэргийлэх Үндэсний механизмуудад хандан гаргасан үнэ цэнэтэй, чухал мэдэгдлүүдийг мөн анхааралдаа авч байгаа.

[3]’[4] Энэхүү Зөвлөмжийн зорилго нь үүрэг хүлээсэн урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг болон эрх чөлөөг нь хязгаарласан газруудад хяналт тавин ажиллаж буй байгууллагуудад Нэмэлт протоколын хүрээнд ерөнхий заавар өгөх зорилготой юм.

Нийгмийн эрүүл мэндийг сахих үүднээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийхэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх ч, энэ нь урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг цуцлах үндэслэл биш гэдгийг Дэд хорооноос онцлохыг хүсч байна. Харин ч эсрэгээрээ, авч буй нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ нь хоригдлууд зүй бус харьцаанд өртөх эрсдлийг улам нэмэгдүүлж болзошгүй юм. Тиймээс Урьдчилан сэргийлэх Үндэсний механизм нь тогтоосон хязгаарлалтуудыг баримтлан урьдчилан сэргийлэх үзлэг шалтгалтаа үргэлжлүүлэн хийхийг Дэд хороо зөвлөж байна. Өнөөгийн үүссэн нөхцөл байдалд Урьдчилан сэргийлэх Үндэсний механизм нь хорих тогтолцоо болон үүрэг хүлээсэн албан хаагчдаас ирж болох тодорхой хэмжээний шахалтын улмаас хоригдлуудад ирэх өндөр магадлалтай бөгөөд хоригдлуудад учирч болзошгүй хүнлэг бус, нэр төрийг нь доромжлон харьцах боломж нөхцлийг багасгах үр нөлөөтэй, зохистой арга хэмжээ авах баталгааг хангах хэрэгтэй байна.

II. Хорих байгууламжууд, гадаадын иргэнийг түр саатуулах байр, дүрвэгсдийн хаалттай хуаран, сэтгэцийн эмнэлэг болон бусад эмнэлгийн байгууламжууд зэрэг эрх чөлөөг нь хязгаарлах бүхий л газар төр засгаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Төрийн өөрийн хяналтад хоригдож байгаа хүний эрүүл мэндийг хариуцах бөгөөд хорих ажиллагааны болон эрүүл мэндийн ажилтнаар дамжуулан анхаарах үүрэгтэй эргэлзээгүй юм. “Ямар ч хоригдол бусад эрх чөлөөтэй хүмүүсийн эрүүл мэндийн үйлчилгээ авах стандарттай адил түвшинд эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй ба хоригдлуудын эрх зүйн байдлаас үл хамааран эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүйгээр авах боломжоор хангах” гэж Нельсон Манделагийн дүрэмд [5] тодорхой заасан байдаг.

Хоригдож буй хүмүүс халдвар авах өндөр эрсдэлд байгааг анхааралдаа аван улс орнуудад Дэд хорооноос дараах уриалга гаргаж байна:

1) Хоригдож байгаа хүмүүсийн дунд яаралтай эрсдэлийн үнэлгээ хийж, бүхий л эрсдэлтэй бүлгийг харгалзан хоригдож буй хүмүүсээс нэн эрсдэлтэй бүлгийг тодорхойлох;

2) Токиогийн дүрэмд заасан хорихоос бусад төрлийн шийтгэлүүдийг анхааран судалж, аюулгүй байдал талаас шаардлага хангаж буй хоригдлуудыг хугацаанаас нь өмнө суллах, түр болон тодорхой нөхцөлөөр суллах зэргээр хорих байгууламжид байрлаж буй хүний тоог багасгах;

3) Албан ёсны багтаамжаас ачаалал нь хэтэрсэн болон албан ёсны багтаамж нь нэг хүнд оногдох зайг ам метрээр хэмжиж тооцдог нийт ард иргэдэд өгч буй зөвлөмжийн дагуу хүн хооронд баримтлах зайтай холбоотой зааврыг мөрдөх боломжгүй байгаа хорих газруудад онцгой анхаарал хандуулж ажиллах;

4) Цагдан хорих шийдвэрүүдийг дахин харах, олон нийтийн эрүүл мэндийн асуудал хөндөгдөх үед цагдан хорих нь зайлшгүй авах арга хэмжээ мөн эсэх талаар мөн дахин авч үзэх, зөвхөн хүнд хэргүүдээс бусад хэрэгт холбогдож буй этгээдүүдэд таслан сэргийлэх бусад хэмжээ авах;

5) Гадаад иргэдийг түр саатуулах байр болон хаалттай дүрвэгсдийн хуаранд байрлаж буй хүмүүсийн тоог цөөн байлгах зорилгоор тэдгээрийн нөхцөл байдлыг судлах;

6) Хорихоос суллахдаа мөн эмнэлгийн үзлэгт хамруулж халдварт өвчин авсан эсэх эсвэл авах өндөр эрсдэлтэй хүмүүст шаардлагатай арга хэмжээ авах;

7) Одоо байгаа дэглэмд тогтоож буй аливаа хязгаарлалтыг аль болох багасгах болон эрүүл мэндийн онцгой шаардлагын хэр хэмжээнд болон хуульд нийцсэн байхад анхаарах;

8) Үйлчилж буй гомдлын механизмыг үр нөлөөтэй, үргэлжлэн ажиллуулахад анхаарах;

9) Цар тахалтай тэмцэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг баримтлан хоригдлуудын гадаа агаарлах, дасгал хийх цагийн хэмжээг боломжоороо хадгалах;

10) Нийт ард иргэдтэй нэгэн адил нөхцлөөр хувийн ариун цэвэр сахих хүрэлцээтэй хэрэглэгдэхүүнээр хоригдлуудыг (үнэ төлбөргүй) хангах;

11) Эрүүл мэндийн шалтгаанаар эргэлт авах эрхийг нь хязгаарлаж байгаа бол гэр бүлийн гишүүд болон хорихоос гаднах ертөнцтэй холбоотой байх бусад арга хэрэглэхийг нь дэмжих, үүнд утсаар ярих, интернетээр видео уулзалт зохион байгуулах зэрэг бусад цахим хэрэгслийг ашиглах. Цахим хэлбэрээр холбоо барих нөхцөл бололцоогоор тогтмол хангах, дэмжих, мөн үнэ төлбөргүй байх;

12) Хоригдолд гэр бүлээс нь бусад хэрэгцээг нь хангах илгээмж авах эрхийг нь хязгаарлахгүй байх, илгээмжийн эрүүл ахуйн болон аюулгүй байдлын шаардлагыг хангуулж ажиллах;

13) Эрсдэлтэй бүлэгт хамрагдах хоригдлуудыг эрсдэлийн зэрэгтэй нь нийцүүлж хүний эрхийг нь хангаж хорих;

14) Эрүүл мэндийн шалтгааны улмаас ганцаарчлан байрлуулах арга хэмжээг сахилгын арга хэмжээгээр солихгүй байх, тиймээс зөвхөн бие даасан, хараат бус эмнэлгийн ажилтны хийсэн дүгнэлтийн дагуу тодорхой заасан хугацаагаар, хэр хэмжээ тааруулан, бусад дүрэмд нийцүүлж ганцааранг нь байрлуулах шийдвэр гаргах;

15) Шаардлагатай тохиолдолд хорихоос гадуур эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх;

16) Хууль бус харьцаанаас урьдчилан сэргийлэх үндсэн хамгаалалт хүртээмжтэй, байнга бэлэн байхад анхаарах (хараат бус эрүүл мэндийн зөвлөгөө авах эрх, хууль зүйн туслалцаа авах эрх, гуравдагч этгээдүүдэд хоригдсон талаар мэдэгдсэн байх гэх мэт);

17) Аливаа авч хэрэгжүүлж буй шийдвэрийн талаар үнэн, бодит, цаг үеийн мэдээллийг мөн авч хэрэгжүүлж буй үндэслэлийг хоригдол болон хорих байгууллагын ажилтнуудад хүргэж байх;

18) Хорих байгууллагын ажилтнууд болон эрүүл мэндийн ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, үүргээ гүйцэтгэж буй алба хаагчидыг шаардлагатай хамгааллын хэрэгслээр хангахад анхаарах;

19) Эдгээр арга хэмжээний нөлөөлөлд байгаа хоригдол болон хорих байгууллагын алба хаагчдад шаардлагатай сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх боломжоор хангах;

20) Эдгээр болон бусад арга хэмжээг сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад албадан эмчлүүлж буй хүмүүст мөн авч хэрэгжүүлэх.

III. Төрийн зүгээс албан ёсоор хөл хорио тогтоосон газруудад авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Дэд хороо өмнөх Зөвлөгөөгөөр хөл хорионд орсон хүмүүсийн байдлын талаар тайлбар хийсэн ба энэ удаа дараах зөвлөмжүүдийг нэмэхийг санал болгож байна:

Түр хугацаагаар хөл хорионд оруулсан хүний эрх чөлөөг шууд бүхэн хязгаарлаж болохгүй, харин хуулийн зүйл, заалт болон шинжлэх ухааны нотолгоонд үндэслэж тодорхой хязгаарлалт оруулж хөл хорио тогтоох нь зохимжтой

Ямар нэгэн байдлаар хөл хорионд орсон хүнийг “хоригдол” мэт харж, харьцаж үл болно

Хөл хорионд орсон хүмүүсийг байршуулсан газар нь хэмжээ, зайны хувьд хангалттай байх шаардлагатай ба тухайн байгууламж дотроо өөрийн хэрэгцээ шаардлага хангахад нийцэхүйц хэмжээний хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх

Зохимжтой арга хэрэгслээр гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоо барихыг дэмжих, шаардлагатай тохиолдолд дэмжлэг үзүүлэх

Бодит байдалд хөл хорио тогтоох нь тодорхой хэмжээгээр хорьж байгаагийн нэг хэлбэр бөгөөд хөл хорионд орсон хэн бүхэн хууль бус харьцахаас ангид байх, хөл хорионд орсон шалтгааны талаар мэдээлэл авах эрх, хараат бус эмнэлгийн зөвлөмж авах эрх, хууль зүйн туслалцаа авах эрх, тухайн хүнтэй хамаарал бүхий гуравдагч этгээдүүд түүнийг хөл хорионд орсон талаар мэдэгдсэн байх зэрэг эрхүүдийг хязгаарлаж болохгүй

Хөл хорионд байгаа, эсвэл хөл хорионд байсан хэн бүхнийг ялгаварлан гадуурхагдахаас, эмзэг байдалд орохоос нь урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээ авсан байх

Шаардлагатай хүнд хөл хорионд байх хугацаанд болон хөл хорионоос гарснаас хойш сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх боломжтой байх

IV. Урьдчилан сэргийлэх Үндэсний механизмаас авах арга хэмжээ

Цар тахлын үед Урьдчилан сэргийлэх Үндэсний механизм нь тогтоосон хязгаарлалтыг зөрчихгүйгээр өөрийн бүрэн эрхээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Хорих ангиуд болон хөл хорио тогтоосон газрууд Урьдчилан сэргийлэх Үндэсний механизмыг нэвтрэн орох, үзлэх хийх эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд Эрүү шүүлтийн эсрэг конвенцийн Нэмэлт протоколын 14(2)-р зүйлийн баримтална.

Нэмэлт протоколын 1 дүгээр зүйлд заасанчлан “тогтмол эргэж очих тогтолцоо бие болгох” зорилго болон удиртгал хэсэгт заасан “Эрх чөлөөгөө хасуулсан хүмүүсийг эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг хамгаалалтыг бэхжүүлэх” зорилт нь олон улсын эрх зүйгээр заавал биелүүлэх үүрэг юм. Тиймээс одоогийн нөхцөл байдалд Урьдчилан сэргийлэх Үндэсний механизмуудын хувьд биечлэн харилцаанд орох хэлбэрийг багасгасан, үр дүнтэй бүрэн эрхээ хэрэгжүүлэх шинэ аргуудыг боловсруулах шаардлагатай байна.

Эдгээр арга хэмжээ нь:

1) Холбогдох төрийн байгууллагуудтай дээрх II болон III дахь хэсэгт дурдсан эрсдэл бууруулах арга хэмжээний талаар харилцан ярилцах;

2) Дангаар болон хамтран хорих байгууллагын талаарх мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх;

3) Хорих байгууллагад байгаа хүнтэй цахимаар холбоо барих;

4) Хорих байгууллагуудад УСҮМ-ын шуурхай утас ажиллуулах, цахим шуудан болон захидал шуудангийн харьцааг сайжруулах;

5) Шинээр болон түр хугацаагаар байгуулж буй хорих байгууллагуудын талаар мэдээлэлтэй байх;

6) Хорих байгууллагуудад УСҮМ-ын үйл ажиллагааны талаарх мэдээллийн урсгалыг нэмэгдүүлж, шаардлагатай үед найдвартай, шуурхай, нууцлал алдагдахгүй холбоо барих шугам тогтоох;

7) Гуравдагч этгээдүүдтэй холбоо барьж хорих байгууллага доторх нөхцөл байдлын талаар нэмэлт мэдээлэл авах (хоригдож буй хүмүүсийн гэр бүл, хуульч, өмгөөлөгч);

8) Эрх чөлөөг нь хязгаарласан хүмүүстэй ажиллаж, дэмжлэг үзүүлдэг төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, сайжруулах.

V. Дүгнэлт

Одоогийн байдлаар цар тахал хэр удаан үргэлжлэх, түүний үзүүлэх нөлөө бүхэлдээ ямар байх талаар тодорхой таамаг дэвшүүлэхэд бэрх байна. Харин энэхүү цар тахал аль хэдийн нийгмийн бүхий л хэсэгт маш том нөлөө үзүүлчихээд байгаа болон энэ байдал хэсэг хугацаанд үргэлжлэх нь тодорхой байна. Тиймээс Дэд хороо болон Урьдчилан сэргийлэх Үндэсний механизмууд нь “хохирол учруулахгүй байх” зарчмыг алхам тутамдаа баримтлан ажиллах шаардлагатай юм. Иймд Урьдчилан сэргийлэх Үндэсний механизмууд нь олон нийт, хорих байгууллагын ажилчид, хоригдлууд болон өөрсдийн эрүүл мэндийн үүднээс цар тахлаас үүссэн нөхцөл байдалд тааруулж өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагатай байна. Зүй бус харьцаанд өртөхөөс хоригдлуудыг урьдчилан сэргийлэх үр нөлөө нь үндсэн гол шалгуур байх шаардлагатай юм. Урьдчилан сэргийлэх ажлын хэмжүүр үзүүлэлтийг тухайн улсын авч хэрэгжүүлэхэд хүрсэн онцгой арга хэмжээнний байдлаар өргөжөөд байна. Нэмэлт протоколын хүрээнд үүрэг хүлээсэн Дэд хороо болон Урьдчилан сэргийлэх Үндэсний механизмуудын хувьд өөрсдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шинэ тутам тулгарч буй сорилтод хариу арга хэмжээ авахдаа бүтээлч байдлаар хандан ажиллах шаардлагатай байна.

[1] Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн 2(2) дугаар зүйл болон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 4 болон 7 дугаар зүйл

[2] Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмд коронавирусын улмаас албадан хөл хорио тогтоох талаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Дэд хорооны 40 дэх чуулганаар баталсан Зөвлөгөө (2020 оны 2 дугаар сарын 10-14-ний өдрүүд) https://www.ohchr.org/Documents/HRBodies/OPCAT/NPM/2020.03.03-Advice_UK_NPM.pdf

[3] ДЭМБ-аас баталсан “Хорих байгууллагуудад КОВИД10 хянах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдал хангах заавар, 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр”

[4] CPT/Inf (2020)13 (2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр) https://www.coe.int/en/web/cpt/-/covid-19-council-of-europe-anti-torture-committee-issues-statement-of-principles-relating-to-the-treatment-of-persons-deprived-of-their-liberty-

[5] НҮБ-ын Хоригдолтой харьцах наад захын жишиг дүрэм (Нельсон Манделагийн дүрэм), https://www.ohchr.org/Documents/ProfessionalInterest/NelsonMandelaRules.pdf, 24(1) дүгээр дүрэм