• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн хэрэгжилт: Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд” судалгааг танилцууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн хэрэгжилт: Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд” судалгааны ажлыг 2019 онд 6 аймаг болон бусад аймгаас түүвэрлэн гүйцэтгэлээ. Судалгааны тайлан, үр дүнг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр холбогдох талуудад урьдчилсан байдлаар танилцуулж, хэлэлцүүллээ.

Манай судалгаанд нийт 631 малчин эмэгтэй хамрагдсан юм. Монгол Улс дахь нийт малчдын 165.8 мянга буюу 57.4 хувь нь эрэгтэй, 122.8 мянга буюу 42.6 хувь нь эмэгтэй байна. 15-24 насны залуу малчдын 68.4 хувь нь эрэгтэй бол 31.6 хувь нь эмэгтэй байна. Залуу малчдын дундах хүйсийн харьцаа зөрүү ихтэй байгаа нь малчдын дундах гэрлэлт оройтох, төрөлт буурах, бэлгийн замын халдварт өвчлөл болон шилжилт хөдөлгөөн ихсэх зэрэг сөрөг нөлөөлөл нэмэгдэж болзошгүй байна.

36601362_1925788314147477_7634663122963267584_o.jpg

Судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүдийн боловсролын байдал харилцан адилгүйгээс гадна мэдээлэл хайх, хүлээн авах эрхээ хангалттай эдэлж чадахгүй байгааг малчид өөрсдөө болон аймаг, сумдын боловсролын асуудал хариуцсан ажилтнууд ярилцлагын үеэр онцлон тэмдэглэж байв. Малчид эрүүл мэнд, нөхөн үржихүйн чиглэлийн мэдээллийг авч чаддаггүй гэжээ. "Малчин гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлого олдог иргэнийг ойлгоно" гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан байдаг. Тэгвэл малчин эмэгтэйчүүдийн амьжиргааны эх үүсвэр орлого нь гэр бүлийн нийт орлого байгаа нь эдийн засгийн эрх чөлөөтэй гэж дүгнэхэд учир дутагдалтай байна хэмээн тус судалгааны багийн удирдагч, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж онцолж байлаа.

Түүнчлэн малчин эмэгтэйчүүдийн хүний эрх, тэр дундаа бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд, хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилтийг үнэлэх судалгаагаар цуглуулсан мэдээлэл, дүн шинжилгээний үр дүнгээс үзвэл эдгээр бүлгийнхний эрх, эрх чөлөөг хангахдаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, боловсронгуй болгох замаар хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх, бууруулах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу сум, багын Засаг дарга нар хүчирхийлэл үйлдэгчийг дуудан ирүүлж, шаардлага тавих, сануулга өгөх, хүчирхийлэл үйлдэгдсэн тухай хохирогч, хүчирхийлэл үйлдэгч, гэрчээс асууж, тэмдэглэл хөтлөх, шаардлагатай бусад ажиллагаа явуулах үүргээ идэвхтэй хэрэгжүүлэх, аймаг, сумын Засаг дарга нар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн харьяалах нутаг дэвсгэрийнхээ эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, оновчтой байршуулах, материаллаг бааз, хүний болон санхүүгийн нөөцийг хуваарилахдаа алслагдсан сумдад амьдарч байгаа жирэмсэн эмэгтэйчүүдийг сумандаа төрөх нөхцлөөр хангаж, мэргэжлийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч, багийн эмчийн орон тоог зохистойгоор нэмэгдүүлэх, cумын эрүүл мэндийн төвүүдийг орчин үеийн оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах, малчин эмэгтэйчүүдэд чиглэсэн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх, гэр бүл төлөвлөлт, хүчирхийллийн талаарх мэдээллийг хүртээмжтэй байдлаар тогтмол хүргэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, нийгмийн амьдралд оролцуулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх, малчин эмэгтэйчүүд, тэдгээрийн гэр бүлийг олон нийтийн үйл ажиллагаанд тогтмол хамруулах, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулах чиглэлээр аймаг, сумдын түвшинд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, Хөдөлмөрийн тухай хуульд туслах малчны ажлын байрыг зохицуулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээгээр цалин хөлс авах нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна.

Инфографикийг:www.news.mn