• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Албан тушаалын тодорхойлолтуудыг гардууллаа

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан уг хуулийн үзэл санаанд нийцүүлэн төрийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөл хуралдаанаараа хянан, хэлэлцэж, батлах зөвшөөрлийг олгож байгаа билээ. Тус зөвлөлөөс 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс дахь төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолтуудыг гардуулав. Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба Комиссын албан хаагчдын 25 албан тушаалын тодорхойлолтыг хүлээлгэн өгөхдөө "Та бүхэн хүний эрхийн хяналт, шалгалт, гомдол мэдээллийн мөрөөр төрийн байгууллагуудад ажиллахдаа Монгол төрийн албанд хийгдэж буй шинэчлэлийг сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлбэл сайн байна" гэсэн юм.

IMG_3627.JPG

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг "Төрийн албатай холбоотой хүний эрхийн зөрчлүүд цөөнгүй байгааг Комиссоос хийсэн удаа дараагийн шалгалтын дүнгүүд харуулж байгаа. Жишээлбэл, бид 2019 онд 16 аймгийн 160 төрийн байгууллагад Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг шалгаж үзэхэд удирдах албан тушаалтнуудын жендэрийн ойлголт, мэдлэг хангалтгүй үзүүлэлттэй гарсан. Эдгээр асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад Комиссын гишүүний Шаардлага, Зөвлөмжөөр хүргүүлж байна. Төрийн албан дахь хүйсийн тэнцвэр харилцан адилгүй байгаа гэх мэт асуудлыг анхааралдаа авч, бодлогодоо тусгаж, ажил хэрэг болгоход анхаарал хандуулахыг уламжилж өгөхийг хүсье" гэв.