• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг 2019 оны 06 дугаар сарын 06-15-нд Хөвсгөл, Завхан аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, холбогдох байгууллага, албан тушаалтнууд болон иргэдээс мэдээлэл цуглуулж, асуулгыг авч байгаа бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөлд дээрх асуудлаар мэдээлэл хүлээн өгөх боломжтой юм.

ХЭҮК-ын Ажлын хэсэг малчин эмэгтэйчүүдтэй уулзаж ярилцах, судалгаа авах, тухайн орон нутгийн цагдаагийн байгууллага, статистик, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, эрүүл мэндийн байгууллага, аймаг, сумдын Засаг дарга нар, Хамтарсан баг, иргэний нийгмийн байгууллагууд, өмгөөлөгч зэрэг холбогдох төлөөллөөс мэдээлэл цуглуулах, үйл ажиллагаатай танилцах замаар энэхүү дүн шинжилгээг хийнэ. Энэхүү ажлыг НҮБ-ын Хүн амын сан дэмжиж хамтран ажиллаж байна.