• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчлэн баталлаа

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар  Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын 53 гишүүн санал хураалтад оролцож, 58.5 хувийн саналаар 11 цаг 57 дахь минутад батлагдлаа.

Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Л.Болд танилцуулав. Тус ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд хуралдаж, төслийг УИХ-ын эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэв.

Хуулийг шинэчилснээр ХЭҮК-ын гишүүнийг тав болгох, гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг тодорхойлж, уг үйл ажиллагааг хариуцсан гишүүний орон тоог бий болгох, комиссын гишүүний гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг ахиц дэвшил бүхий зохицуулалтууд шинээр туссан болно. Хууль ердийн журмаар хүчин төгөлдөр болох бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Комиссын хувьд зарим зохион байгуулалтын арга хэмжээ авч эхлээд байна.