• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс дахин А статусаар магадлан итгэмжлэгдлээ

Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хорооноос 2014 оны 10 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд явуулсан магадлан итгэмжлэлийн шалгаруулалтаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг А статусаар магадлан итгэмжлэхээр болсоноо мэдэгдсэн байна. Ингэснээр ХЭҮК нь гурав дахь удаагаа А статустайгаар Парисын Зарчимд бүрэн нийцсэн хүний эрхийн үндэсний байгууллага болохоо баталгаажуулав.  ХЭҮБ-уудын Олон Улсын Зохицуулах хороо нь 99 гишүүн байгууллагатай, 5 жил тутамд гишүүдийг магадлан итгэмжлэлд оруулж, А, B, С ангиллаар үнэлдэг. А буюу нэгдүгээр зэрэглэлийн статустай хүний эрхийн үндэсний байгууллага нь ОУЗХ-ны албан ёсны шийдвэрүүдийг гаргахад оролцох, санал өгөх бүрэн эрхтэй. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2003 онд тус байгууллагад гишүүнчлэлтэй болж, 2003, 2008 онуудад магадлан итгэмжлэгдэж, А статусыг авч байсан удаатай. Тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцсоноор ХЭҮК-ын гадаад хамтын ажиллагааны цар хүрээ дэлхийн олон оронд үйл ажиллагаагаа явуулж буй хүний эрхийн үндэсний байгууллагуудын хэмжээнд өргөжин тэлж, Комиссын чадавх олон улсын хэмжээнд хүрэхэд ач холбогдолтой алхам болох юм. Тодруулбал, бусад гишүүн байгууллагуудын дунд хүлээн зөвшөөрөгдөн харилцан туршлага солилцох, хүний эрхийн зөрчлийг арилгах, хүний эрхийг хөхиүлэн дэмжих үйл ажиллагааг улс хоорондын болон бүс нутаг, олон улсын хэмжээнд хамтран зохион байгуулах зэрэг боломж нээгддэг байна. Мөн гишүүн үндэсний байгууллагын боловсон хүчин, ур чадварын хувьд бэхжихэд Олон Улсын Зохицуулах Хорооны хүрээнд явуулж байгаа ажил ихээхэн ач холбогдолтой юм. Олон Улсын Зохицуулах Хорооны үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд нь: Хүний эрхийн үндэсний байгууллагуудын НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл болон гэрээний байгууллагуудтай харилцан хамтран ажиллахад туслах; Хүний эрхийн үндэсний байгууллагуудын хооронд хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог дэмжих; Парисын Зарчмын дагуу Хүний эрхийн үндэсний байгууллагуудыг магадлан итгэмжлэх; Хүний эрхийн Дээд Комиссарын газартай хамтран Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чадавх бий болгох, бэхжүүлэх боломж санал тавих; Хүндрэл бэрхшээлтэй байгаа Хүний эрхийн үндэсний байгууллагуудад туслалцаа үзүүлэх; Хүсэлт гаргасан тохиолдолд Засгийн газарт Хүний эрхийн үндэсний байгууллага байгуулахад нь туслалцаа үзүүлэх; Хүний эрхийн үндэсний байгууллагуудын НҮБ, улс орнууд, олон улсын бусад байгууллагуудын хэмжээн дэх үүрэг ролийг хөхиүлэн дэмжихэд оршино. Олон Улсын Зохицуулах Хорооны бүрэн эрхт гишүүний хувиар хамтран ажиллахын нэг ач холбогдол бол уг Хороо нь НҮБ-ын хүний эрхийн тогтолцоонд идэвхитэй оролцогч болохын хувьд гишүүн байгууллагууд нь НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл, тусгай процедур, ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг, Хүний эрхийн Дээд Комиссарын газар, гэрээний байгууллагуудын үйл ажиллагаа, хурал чуулганд оролцогч улсуудаас хамааралгүй оролцож байр сууриа илэрхийлэх, санал оруулах боломж олгож байна.