• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Монгол Улсын Үндсэн хууль болон хүний эрхийн олон улсын гэрээ, конвенциор баталгаажуулсан иргэдийн хөдөлмөрлөх эрх, эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөг хангах, зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх болон иргэд, олон нийт, оролцогч талуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх зорилготой уг бичгийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар үзэглэн баталгаажууллаа.

Эдгээр байгууллагууд өмнө нь иргэдийн хөдөлмөрлөх эрх, эвлэлдэн нэгдэх эрхийн зөрчлийг таслан зогсоох, Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл, хүний эрхийн сургалт, нөлөөлөл, уул уурхайн болон бусад салбар дахь хөдөлмөрлөх эрхийн хяналт шалгалт явуулах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж ирсэн туршлагатай билээ. Энэ удаагийн санамж бичгийг 3 жилийн хугацаатай байгуулж, мөн хамтарсан хяналт шалгалт хийх, Хөдөлмөрлөх эрх, эвлэлдэн нэгдэх эрхийн тухай хууль тогтоомж, захиргааны шийдвэр, нөхцөл байдлын талаар хамтарсан санал зөвлөмж гаргах, Хөдөлмөрлөх эрх, эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн хууль тогтоомж, захиргааны шийдвэрийн талаар хамтран стратегийн өмгөөлөл явуулах юм.

Түүнчлэн ХЭҮК-оос 2018 онд хийсэн "Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-ний үр дүнгийн мөрөөр Өмнөговь, Дундговь, Орхон, Сүхбаатар аймагт хамтарсан хяналт шалгалт явуулах, Хөдөлмөрийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд ажлын байрны дарамтыг хориглох, хариуцлага тооцуулах тухай асуудлаар хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг чиглэлээр хамтарч ажиллана.