• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс

2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль батлагдсанаар Хүний эрхийн үндэсний байгууллагын эрх зүйн орчин бүрдэж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын байгуулагдсан юм. УИХ-аас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны 01 дүгээр сарын 23-нд батлаад байна. Уг хуулийн шинэчилсэн найруулгад Комисс болон Комиссын гишүүний бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалт, хүний эрхийн зөрчлийг хянан шийдвэрлэх, гомдол, мэдээлэл хүлээн авах зэрэг бүхий л зохицуулалтыг тусган шинэчилсэн билээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 3.1.1-д "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий байгууллага мөн" гэж заасан байдаг.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Ази Номхон Далайн Бүс Нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагын Чуулганы бүрэн эрхт гишүүн бөгөөд Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороонд "А" статусаар 3 удаа магадлан итгэмжлэгдэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм. Комисс нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1993/48/134 дугаар тогтоолоор батлагдсан Парисын зарчмуудад нийцсэн Хүний эрхийн үндэсний байгууллага юм.

Бид үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчим, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хүртээмжтэй, шударга, ил тод, хараат бус, бие даасан байх зарчмыг баримталдаг. Манай уриа: "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт."

Хуульд зааснаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь 5 гишүүнээс бүрдэнэ. Комиссын гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай, 35 нас хүрсэн, Монгол Улсын иргэн байна.

КОМИССЫН ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ, ТОМИЛОХ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж, шаардлага хангасан иргэн сонгон шалгаруулалтыг нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор нэр дэвших тухай хүсэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ. Хууль зүйн байнгын хороо ажлын хэсэг байгуулж, 15 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулна. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан иргэдээс сул орон тоо гарсан гишүүний тоогоор нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлж, Комиссын гишүүнээр томилох саналаа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, томилно.

Хэрвээ Комиссын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй бол 14 хоногийн дотор хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулж, хамгийн өндөр оноо авсан иргэдээс дарааллын зарчмаар өөр иргэний нэрийг дэвшүүлнэ. Нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй бол тухайн иргэнийг дахин нэр дэвшүүлэхгүй. Комиссын гишүүнийг томилохдоо жендэрийн тэгш байдлыг харгалзан үзэх бөгөөд гишүүний 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна. Комиссын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө хуульд заасан үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, огцорсон, нас барсан тохиолдолд Улсын Их Хурал 60 хоногийн дотор нөхөн томилно. Комиссын гишүүн томилогдохоосоо өмнө өөр ажил, албан тушаал эрхэлж байсан бол тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө. Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах журмыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо батална.

КОМИССЫН ЧИГ ҮҮРЭГ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Комисс нь дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:

  1. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа асуудлаар санал, зөвлөмж гаргаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд хүргүүлэх;
  2. Хууль тогтоомж, захиргааны байгууллагын шийдвэрийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар санал гаргах;
  3. Хүний эрхийн талаарх олон улсын гэрээнд нэгдэн орох, соёрхон батлах эсэх талаар санал хүргүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөл болон гэрээний хороодод мэдээлэл хүргүүлэх;
  4. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах;
  5. Хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээх;
  6. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах;
  7. Хүний эрхийн асуудлаар төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, хуулийн этгээд болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
  8. Шаардлагатай асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, ашгийн төлөө бус хуулийн этгээдээр судалгаа хийлгэх, тухайлсан асуудлаар мэргэшсэн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах;
  9. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
  10. Төрийн байгууллага, албан тушаалтан хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх үүргийн хэрэгжилтэд энэ хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавих;
  11. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл боловсруулж, Улсын Их Хуралд хүргүүлэх.

КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ

Комисс нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмаас гадна хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хүртээмжтэй байх, шударга, ил тод байх, хараат бус, бие даасан байх зарчмыг баримталдаг. Аливаа аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн Комисс, түүний гишүүний үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсийг манлайлна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, ажилтнууд БИД: Хараат бус байр суурийг чанд баримталж, хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, хамгаалах, хөхиүлэн дэмжих чиг үүргээ шинжлэх ухаанчаар, мэргэжлийн түвшинд явуулж, Хэлэлцэж, зөвшилцөж, бусдаас тасралтгүй суралцаж, Олон ургальч, хариуцлагатай, эвсэг, мэргэшсэн баг, тааламжтай ажиллах орчин бүрдүүлэх замаар эрхэм зорилгодоо хүрнэ.

КОМИССЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ

Комиссын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1.Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдол, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар, эсхүл иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хүсэлтээр шалгалт хийх;

2.Хүний эрхийн асуудлаар судалгаа хийх зорилгоор төрийн байгууллага, албан тушаалтнаас бүх төрлийн баримт бичигтэй танилцах, хуулбарлан авах, шаардлагатай мэдээлэл, судалгаа гаргуулан авах;

3.Хүний эрхийн асуудлаар зөвлөгөө өгөх.

Комиссын гишүүн хүний эрхийг зөрчсөн талаарх мэдээллийн мөрөөр хяналт шалгалт хийж болно.

Комиссын даргын бүрэн эрх

Комиссын дарга дараах эрх, үүрэгтэй:

1.Комиссыг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;

2.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын даргын хүсэлтээр оролцох;

3.Комисст ирсэн гомдол, мэдээллийг шийдвэрлүүлэхээр Комиссын гишүүдэд хуваарилах;

4.Комиссын Тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх;

5.Комиссын дотоод зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх;

6.Комиссын дотоод үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам баталж мөрдүүлэх;

7.Комиссын хуралдааныг товлож, удирдан хуралдуулах;

8.Комиссын цахим шуудан болон утсаар гомдол, мэдээлэл хүлээж авах, хариу өгөх журмыг батлах;

9.Комиссын эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмыг батлах;

10.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

КОМИССЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙН БАТАЛГАА

Комиссын гишүүний үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангах үүрэгтэй. Хуульд заасны дагуу Комиссын төсвийг түүний саналыг үндэслэн Улсын Их Хурал баталж, улсын төсөвт тусгайлан тусгах бөгөөд энэхүү төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангах ёстой. Комиссын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу өөр ажил эрхлэх хүртэлх 6 сарын хугацаанд Комиссын гишүүн авч байсан цалингийн хэмжээнээс буурахааргүй тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүг мөн хугацаанд олгоно.

Комиссын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол холбогдох албан тушаалтан энэ тухай Улсын Их Хурлын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ. Үүнээс бусад тохиолдолд Комиссын гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих болон шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

Хуульд зааснаас бусад тохиолдолд Комиссын гишүүнийг ажлаас чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно. Комиссын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно. Комиссын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтан, иргэд бүх талын туслалцааг үзүүлэх үүрэгтэй.

Өдгөө Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор Жамсрангийн Бямбадорж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр хууль зүйн ухааны доктор, дэд профессор Пүрэвийн Оюунчимэг, Монгол Улсын гавьяат хуульч Нанзадын Ганбаяр нар ажиллаж байна.

ТҮҮХ

Монгол Улсын Их Хурлаар 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталж, УИХ-ын 2001 оны 1 дүгээр тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар хууль зүйн ухааны доктор С.Цэрэндоржийг, Комиссын гишүүнээр Г. Далайжамц, Ж.Дашдорж нарыг тус тус томилсноор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан түүхтэй. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн хоёр дахь удаагийн томилгоог 2007 онд УИХ-аас явуулж, Комиссын даргаар Д. Солонго, Комиссын гишүүнээр Ж. Дашдорж, П. Оюунчимэг нар тус тус томилогдон ажиллаж байлаа. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн гурав дахь томилгоог 2012 оны нэгдүгээр сард УИХ-аас явуулж, Комиссын гишүүнээр П.Оюунчимэг дахин, Н.Ганбаяр шинээр томилогдон ажиллаж байна. Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар Ж.Бямбадорж 2016 оны 11 дүгээр сард дахин томилогдон ажиллаж байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга - 2020.01.23
Үзэх
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль - 2000.12.07
Үзэх