• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл”-ийг УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн барьдаг билээ.

"Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл"-ийг 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн Н.Ганбаяр, П.Оюунчимэг нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад мөн хүргүүлэх юм.

Энэ жилийн илтгэлийг “Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын талаарх бодлого, түүний хэрэгжилт”, “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал”, “Ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдал”, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдал” гэсэн үндсэн 6 сэдвийн хүрээнд боловсрууллаа. Илтгэлээр дамжуулан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар Монгол Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар 25 санал хүргүүлж байна.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССООС МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААР ШИЙДВЭР ГАРГУУЛАХААР ӨГЧ БУЙ САНАЛ:

Нэг. Хүний эрхийн боловсрол, сургалтыг хөхиүлэн дэмжих чиглэлээр
1. Боловсролын салбарын бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэхдээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөр болон “Эх дэлхийгээ шинэчилье: 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр”-ийн зорилго, зорилт, шалгуур үзүүлэлтэд нийцүүлэн уялдуулдаг байх;

  1. Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөрийн Үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэсний түвшинд хэрэгжүүлэх, үнэлэх, тайлагнах чиг үүргийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хариуцуулах, тодорхой бүтэц, нэгж байгуулах зэргээр хүний эрхийн боловсрол, сургалтын үндэсний тогтолцоог бүрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьдаг болгох;
  2. Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх зорилго бүхий бие даасан хичээлийг бүрэн дунд, мэргэжлийн болон дээд боловсролын шатанд бий болгож, бусад сургалтын хөтөлбөрийн агуулгыг хүний эрхэд суурилсан хандлагаар шинэчлэн боловсруулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгох;
  3. Хүний эрхийн боловсрол, сургалтын үндэсний тогтолцоог бүрдүүлэх зорилгоор дараах асуудлыг тусгасан шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүргийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад даалгах; Үүнд:

- Дээд боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, стандарт шаардлагад Хүний эрхийн боловсролын асуудлыг тусган, хэрэгжилтэд хяналт тавих;

- Хууль зүйн их, дээд сургуулиудад “Хүний эрх” хичээлийг заавал үзэх мэргэжлийн суурь хичээлийн жагсаалтад оруулах, эрх зүйн бакалавр, магистр, докторантурын сургалтын хөтөлбөрийн агуулгыг хүний эрхэд суурилсан хандлагаар шинэчлэн боловсруулах;

- Дээд боловсролын сургалтын байгууллагууд нь хүний эрхийн багш, судлаачдыг бэлтгэх, мэргэшүүлэх, чадавхжуулах зорилгоор хүний эрхийн чиглэлээр магистр, докторын сургалтын хөтөлбөр, салбар дундын судалгаа, сургалтын хөтөлбөр бий болгож, хэрэгжүүлэх.

- Багшийн хөгжлийг дэмжих тухай хуульд орон нутгийн төрийн захиргааны байгууллага нь тухайн нутаг дэвсгэрийн багшийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан захиалгаар багш бэлтгүүлэх, тэтгэлэг олгож болохоор заасныг үндэслэн бүх шатны боловсролын тогтолцоонд “Хүний эрх” хичээл заах багш нарыг бэлтгэж, мэргэшүүлэх, тогтвортой ажиллуулахыг дэмжих;

Хоёр. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар

  1. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан бий болгох, мэдээлэл тогтмол цуглуулах тогтолцоог ажиллуулах, судалгаа, мэдээллийг шийдвэр гаргахад ашиглах;
  2. Эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтны сургалтын хөтөлбөрийн багцад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, нийгмийн загварын тухай сургалтыг оруулж, үе шаттай зохион байгуулах;
  3. Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад нөхөн үржихүйн зөвлөгөө, мэдээллийг бүх хүнд хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, нөхөн үржихүйн кабинет, төрөх тасгуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээнд нийцүүлэн тохирох хэрэглэгдэхүүнээр хангах;
  4. Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй дүрэм, журмуудад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан хөгжлийн бэрхшээлтэй хүний нөхөн үржихүйн эрхийн зохицуулалттай нийцүүлэх;

Гурав. Ажлын байран дахь бэлгийн дарамтын асуудлаар

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох” заалтын хүрээнд ажлын байран дахь бэлгийн дарамтыг хориглох, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох зохицуулалтыг тусгах;
  2. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг зөрчсөн (хүнд хохирол учруулсан, ажиллах боломж нөхцөлөөр барьцаалан дарамтлах, байгууллага, ажил олгогч ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх хэм хэмжээг дотоод журамдаа тусгах, хэрэгжүүлээгүй, эсвэл журмаа зөрчсөн тохиолдолд) этгээдэд болон ажлын байран дахь бэлгийн дарамт үйлдэгчид хариуцлага тооцох арга хэмжээг Зөрчлийн тухай хуульд тусгах;
  3. Ажлын байран дахь бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах;
  4. Ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хохирогчдод сэтгэл зүйн болон нөхөн сэргээх үйлчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх, ажлын байрны баталгааг нь хангах, хохирогчийг хамгаалах зохицуулалтыг хууль тогтоомжид тусгах;
  5. Төрийн албаны тухай тухай хуулийн шинэчилсэн найруулгын 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсгийн болон 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсгийн заалт зөвхөн төрийн захиргааны болон тусгай албан хаагчид хамаарахаар ялгамжтай тусгасныг өөрчилж төрийн улс төрийн болон үйлчилгээний албан хаагчийг мөн адил хамааруулж хуульчлах, хэрэгжилтийг хангах;

Дөрөв. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар

  1. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенцын Нэмэлт Протоколд заасны дагуу эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний байгууллагыг нэн даруй байгуулах;
  2. Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан байгууллагыг нэн даруй байгуулах;
  3. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц болон бусад олон улсын гэрээнд заасан эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, алба хаагчдад олгож, үйл ажиллагааны нэг үндсэн зарчим болгож, дадал эзэмшүүлэх.

Тав. Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлаар

  1. Алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхийн хэрэгжилтийг сайжруулах, тэдний амь насыг болзошгүй эрсдлээс хамгаалах үүднээс аврах ажиллагааны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын хувцас, хэрэгслээр хангахад шаардагдах төсвийг нэн даруй шийдвэрлэх;
  2. Албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ хохирсон алба хаагчид нэг удаагийн тусламж олгоод орхилгүй эрүүл мэндээ нөхөн сэргээхэд нь шаардлагатай эмчилгээ, оношлогооны зардлыг төрөөс бүрэн хариуцдаг болох;
  3. Хуульд зааснаас илүү цагаар ажиллаж байгаа алба хаагчдын илүү цагийн болон нийтээр амрах баярын өдөр, амралтын өдрүүдэд ажилласны нэмэгдэл хөлсийг 2019 оноос мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хуульд заасны дагуу тухай бүр олгож хэвших;

20. Алба хаагчдын дүрэмт хувцсыг заасан хугацаанд олгох, дүрэмт хувцасны чанар, хүртээмжийг сайжруулахад шаардагдах төсвийг батлах;

21. Алба хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх үүднээс сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд хүний эрхийн сургалтыг тусгах, алба хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээг үр дүнтэй, тогтмол хэрэгжүүлэх.

Зургаа. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны асуудлаар

22. Жендэрийн салбар зөвлөл, салбар хороодын жендэрийн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэх, хариуцлагыг сайжруулах, гишүүдийн ажил үүргийн хуваарийг нарийвчлан тодорхойлох;

23. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад жендэрийн асуудал хариуцсан ажилтантай болох;

24. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж байх;

25. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4.б-д “жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал” гэснийг хасах.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг эндээс уншина уу.
Үзэх