• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улс дахь Хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал

“Хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн төлөв байдал-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-Зохистой хөдөлмөр” үндэсний чуулганыг 2019 оны 04 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тус чуулганы үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Хууль зүйн ухааны доктор, профессор, Монгол Улсын Гавъяат хуульч Ж.Бямбадорж "Монгол Улс дахь Хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал" сэдвээр илтгэл тавьсныг уншигч танаа бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улс дахь Хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал

Юуны өмнө энэхүү чуулганы хуралдаанд оролцогчид та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 23 дугаар зүйлд “Хүн бүр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн шударга, аятай нөхцлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 25 дугаар зүйлийн “c” хэсэгт “Иргэн бүр... тэгш эрхийн ерөнхий нөхцөлтэйгээр улсдаа төрийн алба хаших эрх, боломжийг эдэлнэ”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, ..., эрхтэй” гэж тус тус заасан байна.

Монгол Улс дахь хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн судлагдсан байдлыг авч үзвэл ХЭҮК болон ОУХБ-аас хийсэн судалгаа, шинжилгээний ажил голлох байр суурийг эзэлж байна. ОУХБ Монгол Улсад нийт 65 судалгаа хийснээс 13 нь хөдөлмөрийн харилцаанд хамааралтай байна.

Сүүлийн жилүүдэд Комисст ирүүлсэн өргөдөл гомдол, хууль зүйн зөвлөгөөний 15 орчим хувь нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал эзэлж байна. Иргэдийн зүгээс Комисст хандаж эрх нь зөрчигдсөн талаарх гомдлыг уламжлалт аргуудаас гадна цахим, болон шууд утсаар холбогдон гаргаж боломжтой бөгөөд Комисс 2015 онд нийт 645 гомдол хүлээж авч шийдвэрлэсний 78 нь буюу 12.1%, 2016 онд 527 гомдол хүлээж авч шийдвэрлэсний 81 нь буюу 15.4%, 2017 онд 502 гомдол хүлээж авч шийдвэрлэсний 61 нь буюу 12.15 %, 2018 онд 551 гомдол хүлээж авч шийдвэрлэсний 86 нь буюу 15.6 % нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол эзэлж байна.

Холбогдох байгууллага, албан тушаалтанд Комиссын гишүүний шаардлага 2017 онд 33 хүргүүлсэний 12, 2018 онд 32 хүргүүлсэний 13 нь, Комиссын гишүүний зөвлөмж 2017 онд 23 хүргүүлсэний 4, 2018 онд 33 хүргүүлсэний 6 нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой байна.

Комисс нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-д тухайн жилийн эхний улиралд багтаан өргөн барьдаг бөгөөд Комисс 2014 онд өргөн мэдүүлсэн 13 дахь илтгэлдээ “Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”, “Хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн тэгш байдлын зарим асуудал”, 2015 онд өргөн мэдүүлсэн 14 дэх илтгэлдээ “Цагдаагийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт”, 2016 онд өргөн мэдүүлсэн 15 дахь илтгэлдээ “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт”, 2017 онд өргөн мэдүүлсэн 16 дахь илтгэлдээ “Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал”, “Цэргийн албан хаагч, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт”, 2018 онд өргөн мэдүүлсэн 17 дахь илтгэлдээ “Хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”, 2019 онд өргөн мэдүүлсэн 18 дахь илтгэлдээ “Онцгой байдлын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт” сэдвийг тус тус тусган санал хүргүүлсэн бөгөөд сая УИХ-д өргөн барьсан 18 дахь илтгэлд өнгөрсөн онд хийсэн хяналт шалгалтын талаар өргөн мэдүүлсэн байна.

  1. Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь найман конвенцод нэгдэн орж, соёрхон баталсан бөгөөд түүнийг дагаж мөрдөх үүргийг олон улсын өмнө хүлээж байгаа билээ.

Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолын 2.1 дэх хэсэгт хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, ажилтны үндсэн эрх, зарим нэр томьёог Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хөдөлмөрийн конвенц, зөвлөмж, нийгэм, эдийн засгийн өнөөгийн чиг хандлагад нийцүүлэн Хөдөлмөрийн тухай хууль, тогтоомжийг шинэчлэн боловсруулах, 2.2 дахь хэсэгт БНМАУ-ын 1991 онд баталсан Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэн шинэчлэн боловсруулж тус тус Улсын Их хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байна. Гэвч Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг шинэчлэх ажил хийгдээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хуралд 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлж, энэ хаврын чуулганаар хэлэлцэх гэж байна.

Манай улсад хөдөлмөрийн харилцаанд оролцож буй иргэдийн олонх нь албан бус салбарт хамаарах бөгөөд судалгаанаас харахад албан бус эдийн засаг нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувийг бүрдүүлж байна. Иймээс энэ салбарт хөдөлмөр эрхэлж буй иргэдийн эрхийн хэрэгжилт нь Комиссын анхаарах асуудлын нэг юм.

Комисст ирсэн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд ажил олгогч нар ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй зөрчил ихээхэн байгаа бөгөөд тодорхой хугацаанд дадлагажигч ажилтан, түр ажилтан нэрийдлээр ажиллуулаад шаардлага хангахгүй гэх үндэслэлээр цалин хөлс өгөхгүй байх явдал нийтлэг байна. Энэхүү зөрчил барилга, худалдаа, нийтийн хоолны салбарт ихээхэн байгааг онцлох нь зүйтэй. Ялангуяа барилгын салбарын ажил олгогч нар ачаалал ихтэй дулааны улиралд барилгын туслах ажилтнуудыг нэмэлтээр авч ажиллуулахдаа тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, тохирсон цалин хөлс өгдөггүй нь хөдөлмөрийн мөлжлөгийг бий болгож байна.

Комисс 2017 онд “Жижиг дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал: Худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын салбар” судалгааг Европын холбооны санхүүжилтээр хийсэн юм. Судалгааны зорилго нь худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгч ААНБ-уудын хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн хэрэгжилтийг судалж, сайжруулахад чиглэсэн зөвлөмж өгөхөд оршиж байсан бөгөөд судалгаагаар хөдөлмөрийн хүрээний суурь зарчим буюу эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, албадан хөдөлмөрийн бүх хэлбэрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах, хөдөлмөр эрхлэлт дэх бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг зогсоох асуудлуудыг багтаасан юм.

Үндэсний статистикийн хорооны статистик мэдээнээс үзэхэд ажил мэргэжлийн ангилалд хамаарах худалдаа үйлчилгээний ажилтнууд болон зочид буудал, байр сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажилтнуудын 73.7 хувь, мөн эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангилалд хамаарах бөөний болон жижиглэн худалдаа, машин механизмын засвар үйлчилгээний салбарын ажилтнуудын 59 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Түүнчлэн эмэгтэйчүүд ихээр ажилладаг эхний 5 ажил мэргэжил жижиг дунд үйлдвэрийн салбарыг хамаарч байгаагаас үзэхэд энэ салбарт эмэгтэйчүүдийн хөдөлмөр давамгайлж байна.

Судалгааны үр дүнгээс харахад “албадан хөдөлмөр”-ийн хамгийн нийтлэг шинж болох ажилтны хувийн баримт бичиг, эсвэл цалинг ажил олгогчид барьцаа болгож авч байгаа тохиолдол ихээр илэрсэн бөгөөд энэ төрлийн гомдол Комисст цөөнгүй ирдэг юм. Мөн “Ажлын байран дахь дарамт” харьцангуй нийтлэг байсан бөгөөд эмэгтэйчүүд, залуу ажилтнууд дарамтад илүүтэй өртдөг байдал ажиглагдсан юм. Энэ нь ажлын байран дахь дарамтын талаарх мэдлэг ойлголт дутмаг учраас ажилтнууд төдийлөн мэдээлдэггүйн зэрэгцээ ажил олгогчийн зүгээс мэдээллэх боломжийг олгодоггүйтэй холбоотой юм. Ажилтнууд “үйлдвэрчний эвлэл”-ийн үүрэг роль, ашиг тусын талаар тун бага ойлголттой байгаа бөгөөд ажилтнууд болон зарим ажил олгогчийн “хамтын хэлэлцээ, хамтын гэрээ”-ний тухай ойлголт хангалтгүй байна. “Хөдөлмөрийн гэрээ”-г тогтмол байгуулдаг боловч ажилтанд нэг хувийг олгодоггүйн зэрэгцээ туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтанд цалин хөлс олгохоос зайлсхийж байна. Ажил олгогчдын багагүй хувь нь ажилтнууддаа “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ”-нээс доогуур цалин хөлс олгож байгаа нь ажиглагдсан бөгөөд ихэнх ажил олгогч ажилтнууддаа “ажил, амралт”-ын цагийг хуульд заасны дагуу олгохгүй байна. Ажил олгогчдын олонх нь “ажлын байрны осол, гэмтэл”-ээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаггүй байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид нь хяналт шалгалт хийх тухай мэдээллийг холбогдох байгууллага, аж ахуй нэгжид урьдчилан мэдэгдэх ёстой байдаг нь ажил олгогчдод зөрчлөө нуух боломжийг олгож байна.

Ажлын байран дахь дарамт тэр дундаа ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн талаарх гомдол Комисст цөөнгүй ирдэг бөгөөд сүүлийн 4 жилийн (2015-2018 оны) байдлаар ажлын байрны дарамтад өртсөн тухай 139, ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн тухай 13 гомдлыг Комисс хүлээн авч зохих арга хэмжээг авсан байна. Ажлын байран дахь дарамтад өртөгчдийг салбараар авч үзвэл худалдаа үйлчилгээний салбарт ажиллагсад хийсэн ажлыг үндэслэлгүйгээр шүүмжлэх, загнах, хэл үгээр доромжлох, хараах зэрэг тохиолдол их гарч байна. Харин ноос ноолуурын салбарын оролцогчид албан бусаар илүү цагаар ажиллуулдаг, ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр ажил үүрэг гүйцэтгүүлдэг гэж хариулсан байгаа нь худалдаа үйлчилгээний салбарын оролцогчдоос даруй 1.6-3.6 пунктээр өндөр байна.

Хүйсээр авч үзвэл эмэгтэйчүүдийн 28.3 хувь, эрэгтэйчүүдийн 23.5 хувь нь удирдлагын зүгээс ажлын байран дахь дарамт үзүүлдэг тохиолдол гарч байсан гэж хариулжээ. Эмэгтэй ажилтнуудын энэхүү хариулт эрэгтэйчүүдийнхээс даруй 4.8 пунктээр өндөр байна.

Үүнээс үзэхэд “удирдлагын зүгээс үзүүлдэг ажлын байран дахь дарамт” бодитой оршин байгаа төдийгүй, хүйсийн хувьд эмэгтэйчүүд, насны хувьд 18-30 насны залуучууд мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүүтэй өртөж байна.

Ажлын байрны бэлгийн дарамтын асуудлаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.1 дэх хэсэгт заасан ажил олгогч “Хөдөлмөрийн дотоод журамд ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах” заалтын хэрэгжилт хангагдахгүй байна. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд зааснаар Комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан жендэрийн эрх тэгш байдлын тухай заалтын хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, эдгээр хууль тогтоомж зөрчсөнтэй холбоотой гомдлыг хүлээн авах, хянан шийдвэрлэх үйл ажиллагааг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу хэрэгжүүлдэг юм.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар ажил олгогчийн үүргийг Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой тусгаж өгөх асуудал чухлаар тавигдаж байна. Комисс ажлын байрны бэлгийн дарамтын талаар Монгол Улс дахь хүний эрх эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэлдээ тусган УИХ-д холбогдох санал зөвлөмж хүргүүлж ажилласан юм.

Ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хохирогч гомдлоо шийдвэрлүүлж чадахгүй байгаа гол шалтгаан нь хохирогчоос нотлох баримт шаарддаг, хохирогч хамгаалал, аюулгүй байдал баталгаагүй, хувийн нууцлал, мэдээлэл алдагддаг, тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой тусгадаггүй, ёс зүйн зөрчил болон байх ёстой зүйл мэтээр үзэх хандлага зэрэг хүчин зүйлс юм.

Цаашид хөдөлмөрийн харилцаанд хүний эрхийн зөрчил гаргахгүй байх, энэ төрлийн зөрчлийг таслан зогсоохын тулд юуны түрүүнд өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийг нэн даруй батлах нь зүйтэй юм.

Монгол улсад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хэрхэн хангагдаж буйг авч үзэхийн тулд төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг орхигдуулж болохгүй юм.

Монгол төрийн залгамж чанар, төрийн удирдлагыг бэхжүүлэх, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах болон төрийн албанд шударгаар өрсөлдөж орох боломжоор хангах, төрийн албыг мэргэшсэн, чадварлаг хүмүүсээр бүрдүүлэхэд чиглэсэн эрх зүй, зохион байгуулалтын олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлж төрийн албаны шинэтгэлийг тасралтгүй явуулж ирсэн ч төрийн албаны “Мерит” зарчим ноцтой алдагдаж байна. Монгол Улсын төрийн албаны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгааг зохицуулж байгаа үндсэн эрх зүйн акт бол Улсын Их Хурлаас 2017 онд баталж, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдүүлсэн Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ юм.

Төрийн албаны төв болон салбар зөвлөлөөс зохион байгуулсан төрийн албаны мэргэшлийн шалгалтын дүн мэдээнээс харахад төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд болон төрийн албан хаагчийн тоо жилээс жилд өссөн үзүүлэлттэй байгаа нь төрийн жинхэнэ албанд ажиллах хүсэл, сонирхолтой иргэн олон байгааг харуулж байна.

Гэвч төрийн алба тогтворгүй, сонгуулийн жилд олноор солигддог үзэгдэл байсаар байгаа юм. Төрийн албан хаагчийг тогтвор суурьшилтай, мэргэшүүлж ажиллуулах төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн зарим асуудал ямар байгааг Төрийн албан хаагчийн өөрчлөлт хөдөлгөөний 2005-2015 оны харьцуулсан судалгаанаас харж болохоор байна. Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт ойр ойрхон өөрчлөгдөж, ялангуяа Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр сонгуулиас сонгуулийн хооронд яамдыг нэгтгэх, салгах, нэршил солих, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийг өөрчлөн байгуулах нэрээр байнга хөдөлгөж байгаа нь төрийн албыг мэргэшүүлэх, төрийн албан хаагч тогтвор суурьшилтай ажиллахад сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны зүгээс төрийн албан хаагчид ажлын байран дахь дарамт үзүүлэх, айлган сүрдүүлэх зэргээр төрийн албанаас хууль бусаар халж, оронд нь намын харъяалал, нутаг ус, найз нөхөд, зарим үед төрөл саднаа томилох явдал ихээр гарч байна.

Төрийн албаны зөвлөл нь төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтыг холбогдох төрийн байгууллагын захиалгын үндсэн дээр хуульд заасан журмын дагуу зохион байгуулж байна.

Гэвч сонгон шалгаруулалт шударга явагдсангүй гэх гомдол хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга гарч байгаагийн дээр Хүний эрхийн Үндэсний Комисст ч удаа дараа ирж байна. Гол шалтгаан нь захиалагч байгууллага томилуулах сонирхолтой хүндээ тохирсон ажлын байрны тодорхойлолтоор захиалга өгдөгтэй шууд холбоотой байсан юм. Энэхүү хуулийн зохицуулалт нь 2019 оноос үйлчилж буй Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар үгүй болж, ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөл өөрөө тогтоодог болсон нь иргэдийн хөдөлмөрлөх эрхээ шудрагаар эдлэх боломжийг нээж өгч байна.

Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн дараа төрийн албанд томилогдох ажилтны захиалга эрс өсдөг байна.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 20 орчим хууль болон эрх зүйн бусад актад заасны дагуу 110 гаруй ажлын байранд 350 орчим төрийн жинхэнэ албан хаагчийг томилж, чөлөөлөх асуудлыг Засгийн газрын гишүүн буюу улс төрийн албан хаагч эрхэлж байгаа нь төрийн алба улс төрөөс ангид, ил тод, адил, тэгш байх зарчим алдагдаж, улмаар төрийн албанд орох болзол, босго тэгш бус, ялгавартай байх нөхцөл, шалтгаан болж байна гэж Төрийн албаны зөвлөл үзжээ.

Төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг зарим тохиолдолд шүүхийн өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөл шийдвэрлэж байна. Төрийн албаны зөвлөлд хандаж гаргасан өргөдөл гомдлын тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд сонгууль бүрийн дараа жилээс Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн өргөдөл гомдлын тоо өсөн нэмэгдсэн байх бөгөөд үүний зонхилох хувийг ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн асуудал эзэлж байна.

Захиргааны хэргийн шүүх Улсын дээд шүүхийн “Иргэний зарим хэргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай” 2007 оны 32 дугаар тогтоол, мөн шүүхийн “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх талаар” 2007 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн зөвлөмжид тус тус заасны дагуу хөдөлмөрийн гэрээгүй, сонгууль, томилолт, эрх олгосноор ажиллаж байгаа төрийн жинхэнэ болон улс төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг шийдвэрлэж байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2008-2016 онд төрийн албатай холбоотой 2100 хэрэг хянан шийдвэрлэсний 1238 нь буюу 59 хувийг ажлаас үндэслэлгүй халагдсан асуудал эзэлж байна. Түүнчлэн сонгууль бүрийн дараа жил ажлаас үндэслэлгүй халагдсан маргааны тоо мөн л өссөн байна.

Төрийн албан хаагчийг ажлаас халсан, чөлөөлсөн, өөр ажилд шилжүүлсэн тохиолдолд түүнийг урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгасан шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд багагүй хүндрэл гарч байна. Комисс 2019 онд шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн тогтоогдсон боловч ажилдаа эргэн томилогдож чадахгүй байгаа 3 иргэний асуудлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад Комиссын гишүүний шаардлага хүргүүлсэн боловч мөн л бодитойгоор биелэгдэхгүй хэвээр байна.

Эрх бүхий албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ тухайн албан хаагчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалаас нь өөр ажил, албан тушаалд томилдог, эсхүл албан тушаал бууруулдаг шалтгаанаа тухайн алба хаагчийн ажил албан тушаалд өөр хүнийг томилсон, орон тоо байхгүй гэж тайлбарладаг байна.

Түүнчлэн тухайн ажил, албан тушаалд нь эгүүлэн томилдог боловч үр дүнгийн гэрээ байгуулахгүй, ажиллах нөхцөл боломжоор хангахгүй байх зэргээр шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий, дүр эсгэн биелүүлэх улмаар ажлын байрны дарамт шахалт үзүүлэн ажилд нь эгүүлэн томилсон өдрөө, эсхүл тодорхой хугацааны дараа дахин ажлаас нь халах, чөлөөлөх зэрэг зөрчил нийтлэг гарсаар байна.

Ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргааныг шат шатны шүүхээр хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх хугацаа сунжирч 5 хүртэл жил үргэлжлэх тохиолдол цөөнгүй байна. Энэ хугацаанд төрийн албан хаагчийн амьжиргааны эх үүсвэр алдагдаж өөрөө болон гэр бүлийн гишүүд нь цалин, орон сууц, сургалт, эд хөрөнгийн зээлд хамрагдах боломжгүй болох, авсан зээлээ төлж чадахгүй байдалд орох зэргээр давхар хохирч байна.

Ажилгүй байсан хугацааны цалинг төсөвт байгууллагаас гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тухайн байгууллага шийдвэрийг биелүүлэхэд төсөвлөсөн зардал, мөнгө байхгүй гэх шалтгаанаар хүндрэл учруулж байна.

Харин 2015 онд батлагдсан Захиргааны ерөнхий хуульд зааснаар иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлдэг болсноор энэ хүндрэлийг зохих ёсоор шийдвэрлэх боломжтой болжээ.

Төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийг хангахад шинээр батлагдан мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга чухал нөлөө үзүүлнэ гэж Комисс үзэж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС