• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

МЭДЭГДЭЛ

Монголын ард түмэн хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурлаа сонгон бүрдүүлэх ээлжит сонгуульд оролцож буй чухал цаг үед зарим иргэдийн Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан сонгох, сонгогдох эрх ноцтой зөрчигдөж буй тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “...төрийн байгууллагын үйл ажиллагаа нь хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэхэд чиглэсэн байна.”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Монгол Улсад хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, шүүх, прокурор, Үндсэн хуулийн цэц, төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, Хүний эрхийн Үндэсний Комиссоос бүрдэнэ” гэж заасан болно.

Өнөөдрийн байдлаар 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат болон Н.Номтойбаяр, Х.Бат-Ялалт, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарын 6 нэр дэвшигчийг шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хорьсон нь Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 25 дугаар зүйлд “...иргэн бүр аливаа алагчилалгүйгээр болон үндэслэлгүй хязгаарлалтгүйгээр жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...", Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих...-ийг хориглоно.”, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж байна.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон Пактын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хорооны 1996 оны 57 дугаар чуулганы 25 дугаар ерөнхий зөвлөмжид “...пактын 25 дугаар зүйл нь “иргэн бүрийн” эрхийг хамгаална.”, “25 дугаар зүйлд хүлээн зөвшөөрч, хамгаалсан аль ч эрхийг түүнд зааснаас илүү хэмжээгээр хязгаарлахад чиглэсэн ямар нэгэн үйл ажиллагаа явуулах буюу ямар нэгэн үйлдэл хийх эрхтэй байх мэтээр энэхүү Пактын заалтуудыг тайлбарлаж болохгүй.” гэж заасан байдаг.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдана” гэж заасныг баримтлан дээр дурдсан нэр дэвшигчдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг яаралтай өөрчилж, 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үйл ажиллагаанд оролцож, сонгох буюу сонгогдох эрхээ эдлэх нөхцөлийг бүрдүүлэх нь Монгол Улсад хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бүрдүүлж буй бүх шатны төрийн болон шүүх байгууллага, албан тушаалтны хуулиар хүлээсэн үүрэг болохыг Мэдэгдэж байна.

Энэ дашрамд уг мэдэгдэл нь шүүгдэгч, яллагдагч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар болон тэдний гэм буруутай эсэх асуудалтай холбоогүй, мөн шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх зорилгогүй бөгөөд гагцхүү иргэдийн сонгох, сонгогдох эрх, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулийн дагуу хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа болохыг дахин онцолж байна.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС