• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллана

Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны холбогдох ажилтнууд 2011 оны 10 дугаар сарын 27-нд Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Хүнд өвчнөөр өвдөж, эдгэрэх боломжгүй болсон хүмүүсийн өвдөлт, өвчнөөс үүдэлтэй бусад зовлон, шаналлыг амирлуулахад хөнгөвчлөх эмчилгээ чухал ач холбогдолтой. Гэвч манай улсад хөнгөвчлөх эмчилгээ явуулах эрх зүй, эдийн засгийн зохистой орчин бүрдэж чадаагүйгээс амьдралын эцсийн өдрүүдээ "хүн ёсоор” өнгөрүүлэх боломжтой олон мянган хүн тэсвэрлэхийн аргагүй өвдөлт, зовиуртайгаар насан өөд болж байна. Иймд хөнгөвчлөх эмчилгээний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Хөнгөвчлөх Эмчилгээний Нийгэмлэгтэй хамтран ажиллахаар боллоо. Мөн өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг, эхийн холбоо, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн сүлжээ, Эмэгтэй удирдагч сан, Тэргэнцэртэй иргэдийн холбоо, Бүгд найрамдах эмэгтэйчүүдийн холбоо, Эрдэнэт хүмүүний эв нэгдэл зэрэг байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзан, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн асуудлаар мэдээлэл солилцлоо.