• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

НҮБ-ын Бие даасан шинжээч Хуан Пабло Богославски Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст зочиллоо

Улсын гадаад өр болон холбогдох бусад санхүүгийн үүрэг хариуцлагаас хүний эрх, тухайлбал эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ бүрэн эдлэхэд үзүүлэх нөлөөллийн асуудал хариуцсан НҮБ-ын Бие даасан шинжээч Хуан Пабло Богославски 2019 оны 9 дүгээр сарын 2-11-ний өдөр Монгол Улсад ажиллаж байгаа билээ. Тэрбээр 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст зочилж, хүний эрхийн зарим асуудлаар санал, мэдээлэл солилцлоо. НҮБ-ын бие даасан шинжээчийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг хүлээн авч уулзлаа.

IMG_3058.JPG

Бие даасан шинжээчийн ажлын зорилго нь өрийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтийг хангахын тулд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эдийн засаг, санхүүгийн шинэчлэлийн бодлого, түүний дотор гадаадын шууд хөрөнгө оруулалт, олборлох болон дэд бүтцийн салбарт хэрэгжүүлж буй бодлого хүний эрхийг хангах, хамгаалах үүрэг хариуцлагатай хэрхэн нийцэж буйг судалж, үнэлэлт дүгнэлт өгөх явдал ажээ. Тэрбээр Монгол Улсад 3 үндсэн асуудлыг судлахаар ирсэн тухайгаа Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд тайлбарлаж байв. Тухайлбал, Монгол Улсын өнөөдрийн эдийн засгийн бодлого нь тэгш хамруулах зарчимд нийцэж буй эсэх, өр зээл улс орны болон хувь хүмүүс, иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгааг, хууль бус мөнгөний урсгалын байдлыг тандаж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтэд хүний эрхийн үнэлгээг хийдэг эсэхийг судална гэв. Авилга, хээл хахууль, мөнгө угаах зэрэг хууль бус мөнгөний урсгал нь улсын төсвийн захиран зарцуулалттай холбогдсноор төрийн үйлчилгээ авах боломж, хүртээмжийг сааруулдаг тул хүний эрхийн зөрчлийг үүсгэдэг. Эдийн засгийн эрх чөлөө нь хүний эрх, эрх чөлөөний асуудлыг бүхэлд нь хамардаг тул улсын төсвийн зарцуулалт иргэн бүрт тэгш хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд чиглэж чадаж буй эсэх нь ихээхэн чухал юм гэж байлаа.

IMG_3055.JPG

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос НҮБ-ын Тусгай шинжээчид холбогдох мэдээллийг өгч, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Хэдийгээр манай улсын төсөв уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай байгаа ч тэнд хүний эрхийн шийдвэрлэх асуудал байгааг ХЭҮК-оос 2018 онд хийсэн "Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-ний дүн харуулж байсныг, мөн хүний эрхийн үнэлгээ, дүн шинжилгээ хийх хэрэгцээ, шаардлага ихээхэн байгааг ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг онцлон ярилаа.

НҮБ-ын Бие даасан шинжээч Хуан Пабло Богославски нь Монгол Улсад ажиллахдаа УИХ, Засгийн газрын холбогдох яамд, Үндэсний аудитын газар, Үндэсний хөгжлийн газар, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар мөн Санхүүгийн зохицуулах хороо болон Монгол банк, Хөгжлийн банкны удирдлагатай тус тус уулзаж, 9 дүгээр сарын 7-нд Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулж буй Оюу Толгой компанийн үйл ажиллагаатай танилцана. Тэрээр мөн иргэний нийгэм, судалгааны байгууллага, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.

Тэрбээр Монгол Улсад ажилласан тухай тайлангаа 2020 оны 3 дугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 43 дугаар чуулганд танилцуулна. Монгол Улс хүний эрхийг хамгаалах олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй тусгай илтгэгч, бие даасан шинжээч нарт 2004 онд нээлттэй урилга хүргүүлсэн бөгөөд үүний дагуу эдгээр бүтэцтэй бүх талаар нээлттэй хамтран ажиллах хариуцлага хүлээдэг болно.

Хуан Пабло Богославски нь Улсын гадаад өр болон холбогдох бусад санхүүгийн үүрэг хариуцлагаас хүний эрх, тэр дундаа эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ бүрэн эдлэхэд үзүүлэх нөлөөллийн асуудал хариуцсан НҮБ-ын Бие даасан шинжээчээр 2014 оноос ажиллаж байгаа бөгөөд тэрээр өмнө нь НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын өрийн шинжээчээр ажиллаж байсан бөгөөд хариуцлагатай зээл олголт, зээлжилтийн асуудал хариуцсан экспертийн бүлгийн үйл ажиллагааг чиглүүлж байсан туршлагатай ажээ.