НҮБ-ын зөвлөмжүүд - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

НҮБ-ын зөвлөмжүүд

НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг буюу UPR гэж юу вэ?

Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR - Universal Periodic Review) нь НҮБ-ын гишүүн 193 орны хүний эрхийн төлөв байдлыг 4 жил тутам дүгнэн хэлэлцэх цоо шинэ механизм юм. Энэхүү механизм нь гэрээгээр хязгаарлахгүй аливаа улсын хүний эрхийн бүхий л асуудлыг нэг дор авч хэлэлцэх боломж олгосноос гадна НҮБ-ын гишүүн бүх улсыг хамрах болсноороо илүү ач холбогдолтой юм. UPR нь бүх улс оронд ялгаваргүй, тэгш хандах, хэлэлцүүлэгт орж байгаа улстай хамтран ажиллах зарчимд үндэслэдэг ба улс орнууд дахь хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах, хүний эрхийг хангахад тулгарч буй бэрхшээлүүдийг даван туулахад төр засагт туслах, техникийн туслалцааны асуудлыг авч үздэг онцлогтой.

UPR-ийн зорилго юу вэ?

UPR-ийн зорилго нь дэлхийн бүх хүний тусын тулд улс орнуудын хүний эрхийн нөхцөл байдлыг газар дээр нь сайжруулахад оршино. Энэ зорилгодоо хүрэхийн тулд улс орнууд дахь хүний эрхийн төлөв байдлыг үнэлэх, хүний эрх зөрчигдөх тохиолдол бүрт анхаарлаа хандуулах боломжийг эрэлхийлэх бөгөөд улс орнуудад техникийн туслалцаа үзүүлэх, хүний эрхийн салбар дахь шилдэг туршлагуудаас хуваалцах, бие биенээсээ суралцах боломжийг олгох, хүний эрхийн асуудлыг сайнаар шийдвэрлэх чадавхийг бэхжүүлэх зорилготой юм.

Хүний эрхийн ямар үүрэг хариуцлагыг авч үзэх вэ?

UPR нь гишүүн улсууд нь хүний эрхийн үүргээ хэрхэн биелүүлж байгааг дараах баримт бичигт тулгуурлаж үнэлдэг:

1. НҮБ-ын Дүрэм;

2. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал;

3. Тухайн улсын нэгдэж орсон хүний эрхийн баримт бичгүүд (тухайн улсын соёрхон баталсан хүний эрхийн гэрээ, конвенц);

4. Тухайн улсын мэдэгдсэн сайн дурын болон үүрэг амлалт (хэрэгжүүлсэн үндэсний хүний эрхийн бодлого болон хөтөлбөр гэх мэт);

5. Дагаж мөрдөх бүхий аливаа олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомж.

Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийг НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн 47 гишүүнээс бүрдсэн Ажлын Хэсгийн хуралдаанаар Женев хотноо 2010 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хэлэлцэж, 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдөр -ийг баталсан байна. Монгол Улсын хувьд хэлэлцүүлгийн үеэр гишүүн улсуудын гаргасан нийт 129 зөвлөмжөөс 126 зөвлөмжийг нь Монгол Улсын Засгийн газар хүлээж авч, биелүүлэх үүрэг амлалтаа өгсөн билээ. НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2011-2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг Засгийн Газрын 159 тогтоолоор баталсан бөгөөд тогтоолд холбогдох яамд, газруудын хийж гүйцэтгэх ажил, хэрэгжүүлэх хугацааг тусгасан. Монгол Улсын Засгийн газар хоёрдугаар илтгэлээ 2015 оны 2 дугаар сард хүргүүлж, тус оны 5 дугаар сард хэлэлцүүлэн хамгаалсан. Нийт 64 улсаас 164 зөвлөмж өгснөөс Монгол Улсын Засгийн газар 150 зөвлөмжийг хүлээн авч, биелүүлэхээр амлалт өгсөн байдаг

Зөвлөмж
View file
Зөвлөмж
View file
Зөвлөмжийг эндээс татаж уншина уу.
View file