• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар, хатагтай Нави Пиллайтай уулзлаа

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Баярсайхан, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж болон хууль сахиулах байгууллагын зарим удирдлага Монгол Улсын төлөөлөгчид 2013 оны 12 дугаар сарын 4-нд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар, хатагтай Нави Пиллайтай уулзлаа. Уулзалтын үеэр олон улсын болон Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдал, тэргүүлэх асуудлуудын талаар харилцан санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны тухай хөндөн ярилцав. Уулзалтын үеэр Дээд комиссар, хатагтай Нави Пиллай Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь үүсэн байгуулагдсанаасаа эхлэн 13 жилийн турш олон улсын хэмжээнд А үнэлгээтэй ажиллаж ирсэн нь том амжилт болохыг цохон тэмдэглэлээ. Үүний хамт Монгол Улс цаазаар авах ялыг халсан мөн шүүх эрх мэдлийн хүрээнд шинэчлэл хийж байгааг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын төлөөлөгчид хүний эрхийг хангах, хамгаалах талаар хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр үйл ажиллагаагаа товч танилцуулж, цаашид бүс нутгийн болон олон улсын түвшинд хүний эрх, эрх чөлөөг ханган хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр өөрийн ололт амжилтаа бататган, бусад улс орон, байгууллагуудтай нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.