• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчдын асуудлаарх Тусгай илтгэгч, ноён Мишель Форст ХЭҮК-т зочиллоо

НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчдын асуудлаарх Тусгай илтгэгч, ноён Мишель Форст 2019 оны тавдугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст зочилж, хүний эрхийн хамгаалагчдын асуудлаар мэдээлэл солилцлоо. Тусгай илтгэгч, ноён Мишель Форст: "Миний бие танай улсад Монгол Улсын Засгийн газрын урилгаар айлчилж ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж тантай өмнө нь цөөнгүй удаа уулзаж, хүний эрхийн тодорхой асуудлаар хамтран ажиллаж ахиц гаргаж байсан туршлагатай тул энэхүү уулзалт халуун дулаан уур амьсгалд өрнөх болов уу. Айлчлалын зорилго маань Монгол Улс дахь хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдлыг тодорхойлох явдал юм. Танай улсад ирэхээс өмнө Молдав, Гондурас улсад ажилласан. НҮБ-ын Тусгай илтгэгчид мэдээлэл цуглуулж, нөхцөл байдлыг тодорхойлохдоо тодорхой аргачлалын дагуу ажилладаг.

Энэ удаа бид танай улсын төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, олон нийтийн төлөөллүүд, тодорхой зорилтот бүлгүүд, шийдвэр гаргагч, хууль батлагчид зэрэг олон талын төлөөлөлтэй уулзах болно. Хөдөө орон нутагт ажиллахаар төлөвлөсөн байгаа. Монгол Улсад ирэхээс өмнө Гадаад харилцааны яамны цахим хуудсаар дамжуулан зар түгээсэн учраас иргэний нийгмийн байгууллагууд, бусад эх сурвалжаас нэлээд мэдээллийг цуглуулж авсан. Хүний эрхийн хамгаалагчдын эсрэг төрийн байгууллагуудын үйл ажиллагаанаас гадна албан тушаалтны зүгээс дайрч давшилсан тохиолдол тэнд байна. Хүний эрхийн хамгаалагчдын эрх зөрчигдвөл хаана хандах нь тодорхой. Тэгэхээр төрөөс хараат бус Хүний эрхийн Комисстой байх нь их чухал юм. Та бид 2015 онд уулзаж байсан. Хүний эрхийн хамгаалагчдын хуулийн төсөл санаачилж өргөн барих гэж байгаа талаар та ярьж байсан. Харамсалтай нь таны санаачилсан хуулийн төсөл Засгийн газрын түвшинд очоод гацсан тухай Женев дэх төлөөлөгчийн газраараа дамжуулан олж мэдсэн" гэв.

IMG_1035.JPG

IMG_1039.JPG


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж: "Хүний эрхийн Үндэсний Комисс 2011 оноос эхлээд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажилладаг арга хэлбэрт шилжсэн. Жилд 2 удаа иргэний нийгмийн байгууллагуудтай уулзаж, мэдээлэл сонсдог. Анхаарал татсан хүний эрхийн асуудлаар уулзалт, хэлэлцүүлгүүдийг хийж, хүний эрхийн тухайлсан сэдвээр судалгаа хийлгүүлж, илтгэлд тусгадаг. Олон улсын байгууллагуудын санхүүжилтээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр хамтран ажиллаж байна. Манай улсад бүртгэлтэй маш олон иргэний нийгмийн байгууллагууд байдаг ч 30 орчим байгууллага бидэнтэй хамтран ажилладаг. Хүний эрхийн хамгаалагчдын асуудлыг 14 дэх илтгэлээрээ дамжуулан УИХ-д хүргүүлж байсан. Хүний эрхийн хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор санаачлан өргөн барьсан ч дэмжлэг авсангүй. НҮБ-ын Тусгай илтгэгч таны айлчлалын дараа нааштай үр дүн гарна гэдэгт найдаж байна" гэсэн юм. Түүнчлэн хүний эрхийн хамгаалагчдын эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээлэл Хүний эрхийн Үндэсний Комисст цөөн биш байгаа, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчдын асуудлаарх Тусгай илтгэгч, ноён Мишель Форст нь Монгол Улсад ажилласан талаарх урьдчилсан дүгнэлт мэдээллийг 2019 оны 05 дугаар сарын 13-нд олон нийтэд танилцуулах юм. Тэрбээр 2014 онд НҮБ-ын Тусгай илтгэгчээр томилогдсон, манай улсад хоёр дахь удаагаа айлчилж ажиллаж байна. Ноён Мишель Форст нь БНФУ-ын Хүний эрхийн Зөвлөлдөх Комисс, Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн дотоодын хөдөлгөөний хороо, ЮНЕСКО, Эмнести Интернэшнл олон улсын байгууллагад ажиллаж байсан. 2008-2013 онд Хайтигийн нөхцөл байдлын асуудлаарх Тусгай илтгэгч, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тусгай процедурын зохицуулах хорооны даргаар ажиллаж байжээ. Мөн Дублинд төвтэй Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах олон улсын сангийн үүсгэн байгуулагч ажээ.