• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон улсын хүний эрхийн механизмын талаарх ХЭҮБ-уудын олон улсын сургалтад хамрагдав

Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо 2017 оны 5 дугаар сарын 1-ээс 5-ны өдрүүдэд болсон "Олон Улсын хүний эрхийн байгууллагын тогтолцоо, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын оролцоо” сэдэвт сургалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл оролцлоо. НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газар, Женев дэх Фридрих Эбертийн сан, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооноос хамтран зохион байгуулсан уг сургалтыг Хүний эрхийн тогтолцоо, НҮБ-ын гэрээний хороодын гүйцэтгэх чиг үүрэг, Хүний эрхийн зөвлөлийн зарчим, Хүний эрхийн төлөв байдлын хэлэлцүүлэг, гомдол хүлээн авах, шийдвэрлэх ажиллагаа зэрэг сэдэв агуулгын хүрээндцахим болон бодит орчинд бүлгийн ажил, хэлэлцүүлэг, тохиолдол шинжлэл зэрэг сургалтын олон арга хэрэгсэл ашиглан онол практик хослуулан явуулав. Сургалтад Ази-Номхон далай, Европ, Африк, Америкийн бүсээс 15 ХЭҮБ-ын төлөөлөл оролцжээ. Сургалтын үйл ажиллагааны хүрээнд оролцогчид НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлд Мароккогийн вант улсын хүний эрхийн төлөв байдлыг ээлжит нэгдсэн хэлэлцүүлгээр авч хэлэлцэх хуралдаан, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороогоор Бүгд Найрамдах Солонгос Улсын илтгэлийг авч хэлэлцэх хуралдаанд ажиглагчаар оролцсон байна.