• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын төлөөлөгчидтэй уулзав

 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ОлонУлсын Хөдөлмөрийн Байгууллага /ОУХБ/-ын Хятад, Монголыг хариуцсан товчооны захирал Тим Де Мейэр, Олон Улсын хөдөлмөрийн стандарт, хөдөлмөрийн эрхзүйн ахлах мэргэжилтэн Алэйн Пирс, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол улс дахь зохицуулагч П.Болормаа, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хуулийн мэргэжилтэн Фараз Шибли, ОУХБ-ын дадлагажигч Б.Батмөнх нарыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Тим Де Мейэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтарч хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлаар өмнө хийсэн судалгааны тайланг эцэслэж Хөдөлмөрийн яам, бусад холбогдох талуудад хүргүүлэх саналтай байгааг хэллээ. Мөн энэ жил "Олон улсын хөдөлмөрийн стандартыг хэвшүүлэх нь” сэдвээр хамтарсан семинар зохион байгуулах, Комиссоос УИХ-д жил бүр өргөн барьдаг хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх илтгэлд Монгол Улсын нэгдэн орсон хөдөлмөрийн асуудлаарх гэрээ, конвенцийн хэрэгжилтийн талаар тусгайлсан бүлэг оруулах боломжийн талаар харилцан санал солилцлоо. Комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улс дахь хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрлөх эрхийн төлөв байдлыг тоймлон танилцуулж, , Комиссоос хөдөлмөрлөх эрхтэй холбоотой зөрчлийг арилгах талаар хийж хэрэгжүүлсэн, ирээдүйд хийх ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас тавьсан ажил хэргийн саналуудыг хэрэгжүүлэхээр ажиллана гэдгээ хэллээ.