• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 2 конвенцид нэгдэн орох асуудлаар санал хүргүүллээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Гадаад харилцааны сайд Л.Болд, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат нарт 2014 оны 2 дугаар сард албан бичиг хүргүүллээ. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн гарын үсэг бүхий тус албан хүсэлтийг бүрэн эхээр нь толилуулъя. Тус бичигт:  Олон Улсын гэрээнд нэгдэх тухай Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу олон улсын хүний эрхийн гэрээг соёрхон батлах буюу түүнд нэгдэн орохыг дэмжих үйл ажиллагаа явуулдаг. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах чиглэлээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 155 дугаар конвенцийг 1981 онд, түүний нэмэлт протоколыг 2002 онд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг дэмжих суурь тогтолцооны тухай 187 дугаар конвенцийг 2006 онд тус тус баталсан нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлаарх үндсэн баримт бичгүүд юм. Түүнчлэн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын бага хурлын 2003 оны 91 дүгээр чуулганаар "Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэм хэмжээтэй холбоо бүхий үйл ажиллагааны дэлхийн стратеги”-ийг баталсны дагуу улс орнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг үндэсний бодлого, хөтөлбөртөө тэргүүлэх ач холбогдол өгч тусгахын зэрэгцээ үндэсний хэмжээнд мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартыг олон улсын жишигт нийцүүлэхийг уриалсан байна. Монгол Улс 1998 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ОУХБ-ын 155 дугаар конвенцийг соёрхон баталснаар олон улсын хамтын нийгэмлэг, түүний төрөлжсөн байгууллагын өмнө эдийн засгийн үйл ажиллагааны бүх салбарт үндэсний нөхцөл дадалд нийцүүлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчны асуудлаар харилцан уялдаатай үндэсний бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх явцад гэнэтийн осол болон эрүүл мэндэд учрах хохирол, үйлдвэрлэлийн орчны улмаас үүсэх эрсдлийг боломжийн хэрээр багасгах замаар урьдчилан сэргийлэх үүргийг хүлээсэн билээ. Үүнтэй уялдан 1999 онд баталсан Хөдөлмөрийн тухай хууль дахь хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартын талаарх ерөнхий зохицуулалт нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг бүрэн зохицуулж чадахгүй байсныг олон улсын стандартад нийцүүлж, Монгол Улсын Засгийн газраас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай бие даасан хуулийн төслийг санаачлан боловсруулж өргөн мэдүүлснийг 2008 онд Улсын Их Хурал хэлэлцэн баталсан билээ. Гэвч манай улсад уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүч зэрэг эрсдэлтэй салбарт үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн түвшин сүүлийн жилүүдэд давамгайлах чиг хандлагатай байна. Үүнээс барилгын салбарын хурдацтай хөгжлийн өнөө үед тус салбарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандартын шаардлагыг зохих түвшинд хангахгүй байгаагаас хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуулах эрхүүд ноцтой зөрчигдөж, хүний амь нас эрсдэж, осол бэртлийн тоо нэмэгдсээр байна. Тухайлбал, сүүлийн 3 жилийн байдлаар улсын хэмжээнд нийт 1209 үйлдвэрлэлийн осол гарч, үүнд 1280 хүн өртөж, үүнээс 213 хүн нас барж, 285 хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон тухай статистик мэдээллийг холбогдох байгууллагаас гаргасан байна. Иймээс манай улсын эдийн засгийн хөгжилд барилгын салбарын оруулж буй хувь нэмэр ихэсч байгаатай уялдуулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны эрүүл ахуйн асуудлаарх үндэсний бодлого, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч, дээрх эрсдэлтэй салбаруудын онцлог, олон улсын стандартад нийцсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, журам, дүрэм, технологийн горимыг сахиулан мөрдүүлэх зорилгоор ОУХБ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг дэмжих суурь тогтолцооны тухай 2006 оны 187 дугаар конвенц болон Барилгын салбар дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцийг тус тус соёрхон батлах, хууль тогтоомжид зохих нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай судалж шийдвэрлэхийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс санал болгож байна. Хүндэтгэсэн,                                         МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА Ж.БЯМБАДОРЖ