П.Оюунчимэг: Долдугаар сарын 1-ний үйл явдлын үеэр хүний эрх зөрчигдсөн - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

П.Оюунчимэг: Долдугаар сарын 1-ний үйл явдлын үеэр хүний эрх зөрчигдсөн

    Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Пүрэвийн Оюунчимэгтэй уулзаж ярилцлаа. - 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд гэм зэмгүй олон хүн хэлмэгдэж хохирсон тухай баримт байдаг. Тэдгээр хүмүүсийн эрхийн асуудалд Хүний эрхийн Үндэсний Комисс ямар байр сууринаас хандаж, ямар арга хэмжээ авсан бэ? - Одоогоос гурван жилийн өмнө болж байсан үйл явдал. Тухайн үед Комисс тодорхой ажлуудыг хийсэн. Баривчлах болон цагдан хорих төвүүд дээр Комиссын гишүүд тасралтгүй хоёр гурван өдөр ажилласан. Үүний үр дүнд Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын гэрээ, конвенциар баталгаажуулсан амьд явах эрх зөрчигдсөн байна гэдэг дүгнэлт хийгдсэн. Хоёрдугаарт, долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотойгоор баривчлагдсан, саатуулагдсан хүмүүсийн хоригдож байгаа нөхцөл нь өөрөө нөхцлийн эрүү шүүлтийг бүрдүүлж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн, нөгөөтэйгүүр баривчлагдаж, хоригдсон хүмүүсийн зарим хэсэг нь цаазаар авах ялаар шийтгэгдэх зүйл ангиар ял сонссон, яллагдагчаар татагдсан байсан учраас өмгөөлөгч авах шаардлагатай болсон, энэ асуудал учир дутагдалтай байна гэж Комисс үзсэн. Үүнтэй холбоотойгоор 2009 онд УИХ-д өргөн барьсан Монгол дахь Хүний эрх, эрх чөлөөний төлөв байдал илтгэлдээ долдугаар сарын 1-ний үйл явдлыг тэр дундаа Монгол хүний амьд явах  эрх зөрчигдсөн байна гэдгийг Комисс онцгойлон тусгаж өгсөн. Дөрвөн хүн буудуулж, нэг хүн угаартаж нас барсан явдал нь өөрөө бодит факт. Хорих болон саатуулах байруудад саатуулагдаж байсан хүмүүст эрүү шүүлтийн асуудал байна гэж үзсэн. Ерөнхийд нь хэлэхэд, долдугаар сарын 1-ний үйл явдлын үеэр хүний эрх зөрчигдсөөн. Яагаад гэвэл эрүү шүүлт гэдэг бол санамсаргүй биш, санаатайгаар хийдэг зүйл. Тэгвэл байцаалтын явц өөрөө, тухайн үед долдугаар сарын 1-нд жагсаал, цуглаанд оролцож байсан хүмүүсийн оролцоог тодорхойлохын тулд мэдээлэл, мэдүүлэг авах журмаар байцаалтын ажиллагаа явагдаж байгаа шүү дээ, энд ч хүний эрх зөрчигдөж байна гэсэн давхар дүгнэлтийг хийж өгсөн. Тиймээс өнөөдөр бид долдугаар сарын 1-ний үйл явдлын үеэр хүний эрх зөрчигдсөн, зөрчигдөөгүй гэдгээр маргах асуудал бол огт байхгүй. Хүний эрх зөрчигдсөн нь үнэн.  Үүнийг хаана ч, хэнээс ч нуух ямар ч боломжгүй асуудал байгаа юм. -Хүний эрх зөрчснийг тогтоочихлоо. Тэгээд дараа нь яах вэ? Тэр хүмүүст нөхөн олговор олгуулах уу? - Түүнээс хойш УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцэхдээ хүний эрхийн нээлттэй ярилцлага зохион байгуулсан. 2009 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Төрийн ордонд болсон юм. Өнөөдрийг хүртэл Хууль зүйн байнгын хорооноос тогтоол гараагүй байгаа. Зарим асуудал нь хууль, шүүхийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэгдээгүй учраас энэ тогтоол нь гарч өгөхгүй байгаа юм л даа. Нөгөөтэйгүүр Монгол Улс 2000 онд НҮБ-аас батлан гаргасан эрүү шүүлтийн эсрэг конвенцид нэгдэж орсон улс шүү дээ. Тэгэхээр энэ конвенцийн дагуу аваад үзэх юм бол конвенцийн заалт нь дайны болон онц байдал тогтоосон, эсвэл нийтийн үймээн самуунтай үед  үүрэг гүйцэтгэж байгаа болон тушаал өгсөн хүмүүс ялгаваргүйгээр бүгд хариуцлага хүлээнэ гэсэн заалт байдаг. Хэрвээ хууль шүүхийн практикт энэ асуудал орж ирэх юм бол дотоодын хууль тогтоомжоор зохицуулагдаагүй заалтыг олон улсын гэрээ конвенцийн заалтаар шийдэх боломжтой гэж бодож байгаа л даа. Ер нь бол олон улсын хүний эрхийн байгууллагуудын зүгээс ч гэсэн долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой нэр заасан өргөдөл гомдлыг яаралтай шийдвэрлэж, хариу мэдэгд гэсэн зөвлөмжүүд орж ирж байгаа. -Тухайлбал, ямар байгууллагаас тийм зөвлөмж ирсэн бэ? - Та бүхэн санаж байгаа бол сая 2010 онд НҮБ Монгол Улсын Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцсэн. Мөн Эрүү шүүлтийн  эсрэг конвенцийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын илтгэлийг бас хэлэлцэж, зөвлөмжүүд гаргасан байгаа. Энэ зөвлөмжүүд дээр анх удаа долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой, хүний нэр заасан өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа мэдээлэх үүргийг манай Засгийн газарт оногдуулсан байж байгаа. Тэгэхээр энэ асуудалд хуулийн байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, Засгийн газар ч тогтоол гаргаж, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг үгүйсгэх арга байхгүй л дээ. Тодорхой ажил хийгдэнэ гэсэн найдлагатай л байна. -Та сая долдугаар сарын 1-ны үйл явдлын үеэр эрүү шүүлт байсан гэж хэллээ. Манай улс Эрүү шүүлтийн эсрэг НҮБ-ын конвенцийн нэмэлт протоколд нэгдэн орох асуудал яригдаж байгаа. Хэрвээ нэгдээд орчихвол байдал дээрдэх болов уу? - НҮБ Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийг 1984 онд баталсан, манай улс 2000 онд нэгдэн орсон байдаг. Нэмэлт протокол нь конвенциасаа арай өөр заалттай л даа. Эрүү шүүлт гэх үү, эрүүдэн шүүх гэх үү гээд нэр томъёоноосоо эхлээд л нэг мөр болгож цэгцлэх асуудлууд манайд зөндөө байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан цагаасаа эхлэн эрүү шүүлтийг таслан зогсооход онцгойлон анхаарал хандуулж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, цагдан хорих, эрүүлжүүлэх, баривчлах байр, хорих ангийн нөхцлийг сайжруулах, хуулийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Комиссын хүчин чармайлт, Комисс-той нэгэн сэтгэлээр хамтран ажилладаг төрийн, төрийн бус, олон улсын байгууллагын зүтгэлийн үр дүнд бид чамгүй амжилтад хүрсэн. Гэвч хүний халдашгүй дархан байх эрхийн ноцтой зөрчил болох эрүү шүүлтийг таслан зогсоох талаар цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай олон ажил байна.  Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүдэн шүүх гэмт хэргийн тухай ойлголтыг Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн заалттай нийцүүлэх, мөн эрүү шүүлтийн хохирогчид учирсан хохирлыг бүрэн дүүрэн нөхөн төлүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байгаа.   Хүний Эрхийн Үндэсний Комисс 2008 онд таван байгууллагатай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан. Авлигатай Тэмцэх Газар, Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий Газар, Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба  гэсэн  байгууллагууд эрүү шүүлтийг таслан зогсоохын төлөө хамтран ажиллахаар гарын үсэг зурсан байдаг. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж, зохих үр дүнгээ өгсөн, харин өнөөдөр энэ үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлэхээр хэлэлцэж тохироод байна.    -Хүний эрхийн Үндэсний Комисс баруун дөрвөн аймагт ажиллаад ирсэн. Цагдан хорих болон эрүүлжүүлэх байрууд, хилийн цэргийн анги салбаруудад хяналт шалгалт, мониторинг хийсэн гэсэн. Шалгалтын дүнг танилцуулах боломжтой юу? -Хөдөө орон нутагт ялангуяа алслагдсан аймгуудад хүний эрхийн зөрчил байна гэж Комисс үзсэн. Аймаг орон нутгийн онцлог, хүчин зүйлс нөлөөлсөн тал ч байсан. Тухайлбал, Баян-Өлгий аймагт бичиг баримтгүйгээс төр засгийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй, тэтгэвэр, тэтгэмжээ авч чадахгүй байгаа иргэд олон байсан. Энд хувь хүнээс гадна Иргэний бүртгэлийнхний ажлын хариуцлагатай шууд холбоотой зүйл байсан. Хуурамч баримт бичиг бүрдүүлэлтэд хараа хяналт тавиагүй, баримтын зөрчлийг өөрсдөө гаргасан тохиолдол ч бий. Иргэдийн баримт бичгийг шинээр болон дахин олгохдоо үг, үсгийн алдаатай бичилт хийснээс иргэдийг хохироох явдал ч байх юм. Ховд аймагт Иргэний бүртгэл мэдээллийн үйл ажиллагаатай холбоотой хүнд суртал, гомдол их байсан.  Түүнчлэн Увс, Баян-Өлгий аймаг дахь цагдан хорих болон эрүүлжүүлэх байруудад эрүү шүүлт байна гэж үзсэн. Өнөөдөр олон улсад дагаж мөрддөг стандарт шаардлагыг хангахгүй, хүнд нөхцөлтэй байранд хүмүүсийг олноор нь нэг дор хорьж байна. Тэндэхийн албан хаагчид нь ч давхар шийтгэл "амсч байна” гэсэн дүгнэлтийг хийсэн. Баян-Өлгийд хуучин гахайн аж ахуйн зориулалттай байрыг хорих байр болгон ашиглаж байсан гээд яриад байвал баримт зөндөө. Комисс ойрын хугацаанд холбогдох байгууллагууд руу шаардлага, зөвлөмж хүргүүлэхээр зэхэж байна. -Хүний эрхийн Комиссын гишүүн нь цагдан хорих болон эрүүлжүүлэх байр, ер нь хүссэн байгууллагынхаа үйл ажиллагаатай биечлэн танилцаж, шалгах онцгой эрхтэй байдаг. Ялангуяа эрүүгийн онц хүнд гэм хэрэг үйлдсэн хүмүүсийг хорьж буй газарт үзлэг шалгалтаар очих үед Комиссын гишүүний амь насанд аюул учрахгүй гэх баталгаа бий юү? Ямар нэг халдлага гарч байсан тохиолдол байсан уу? -Ганц, хоёр оролдлого бол гарч байсан. Комиссын гишүүний амь насанд халдахыг завдсан оролдлого. Халдлага биш, оролдлого. Хүний эрхийн Үндэсний Комисс цагдан хорих болон хорих байрны үзлэг шалгалтыг ШШГЕГ-тай хамтран зохион байгуулдаг. Харуул хамгаалалтын асуудлыг тэднийх хариуцдаг. -Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа  www.news.mn  2011 он. 07-р сарын 01.