• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

П.Оюунчимэг: Эрх бол тухайн хүний аура

Хүний эрхийн олон улсын өдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд тохиодог. Төрсөн цагаас эхэлдэг хүний эрх гэх ойлголт Монгол Улсын хөрсөнд хэр буудаг талаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Хуульзүйн ухааны доктор П.Оюунчимэгтэй ярилцлаа.  -Хүний эрхийн үндэсний комиссоос хүний эрхийг хангах чиглэлээр баримталж байгаа гол чиглэлийг хэрхэн тодорхойлсон талаар яриагаа эхэлье. -Монгол Улсын Үндсэн хуулинд заагдаж баталгаажсан эрхийг эдлүүлэх, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид заагдсан хүний суурь эрхүүдийн баталгааг хангуулах төлөө ажилладаг. Жил жилийн үзэл баримтлал гэхээсээ илүү хүний эрхийн зөрчлийг арилгах, түүнтэй тэмцэх нийтлэг чиг үүргээ хэрэгжүүлж байгаа. Анх байгуулагдахад л хүний эрхийн комиссын анхаарлыг татсан салбарууд бий. Дээр нь жил бүр анхаарал татсан шинэ салбар гарч ирдэг. Энэ жил гэхэд уул уурхайд ажилладаг хүмүүсийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрх зөрчигдөж байгаа эсэх асуудал шинээр орж ирсэн. Бид 2011 онд уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа бүс нутагт шалгалт, судалгаа хийсэн. Тэгээд энэ хүрээндээ 2012 онд хүний эрхийн үндэсний байгууллагуудын хэмжээнд уул уурхайн орчны хүний эрхийн асуудлаар анх удаа олон улсын бага хурал зохион байгуулсан. Ингэж байнга анхаардаг, өмнө байсан хүрээллээсээ гарна гэдэг бол тулгамдсан асуудлын хүрээ тэлсэн гэж ойлгох хэрэгтэй. Үүнээс гадна гаргаж тавих асуудлууд нь өөрөө өөр түвшинд яригдах шаардлага гарч байгаа юм.  -Анхаарал татсан салбар гэж онцоллоо. Тэгвэл хүний эрх хамгийн их зөрчигддөг ямар салбар байдаг вэ? -Огт зөрчилгүй салбар гэж байхгүй. Байнгын маргаантай салбарт цагдаагийн байгууллага, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих болон хорих ангиуд ордог. Бас эмэгтэйчүүд, хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эрх зэрэг байнга анхаарлын төвд байдаг асуудлууд бий. Хоригдож байгаа хүмүүс төрийн хамгаалалттай байранд байдаг. Төрийн хамгаалалттай байранд байна гэдэг бол төр тэднийг хамгаалалтандаа авсан гэсэн үг. Нэгэнт хамгаалалтандаа авсан бол тэр хүмүүстээ хүнлэг харьцах, эрүү шүүлтээс ангид байлгах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг нь зөрчихгүй, илчлэг хоол хүнсээр хангаж, байр сав нь стандартын шаардлагад нийцсэн байх ёстой. Олон хэмжээнд ийм шаардлагыг тавьдаг. Энэ шаардлагыг манайх дотоодын хууль тогтоомжоороо баталгаажуулдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл Монгол Улсын хэмжээнд нэгдсэн цагдан хорих байр болон төвлөрсөн хорих ангийн стандарт байдаггүй. Хэдийгээр эрх чөлөө нь хязгаарлагдсан ч төрийн хамгаалалтад байдаг гэдэг утгаар нь хоригдож байгаа хүмүүс ийм орчинд байх ёстой гэсэн стандарыг гаргах хэрэгтэй. Үүнээс гадна комисс байгуулагдсанаас хойших хугацаанд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь сэжигтэн, яллагдагч, гэрч, хохирогч нарын эрх байнга асуудал дагуулж ирсэн. Нэг үе цагдаагийн байгууллагынхан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар зодох, тулгаж хэрэг хүлээлгэх, албадаж мэдүүлэг авдаг тогтолцоо байсан. Манайх мөрдөн байцаалтын ажиллагааг зөвхөн байцаалтанд тулгуурлаж хийдэг. Нотлох баримтаа цуглуулаад мөрдөлтийн арга хийгээд дараа нь тухайн хүний гэм бурууг шийдвэрлэдэг үйл явц байхгүйтэй холбоотой. Тийм ч учраас хэргийг хурдан шийдвэрлэх, өөрт ашигтай мэдээлэл авах, эрүү шүүлтээс ангид байх эрхүүдийн хэм хэмжээ хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын үйл явцын үед зөрчигддөг гэж үздэг. -Манайх Үндсэн хуулиндаа хүний эрхийг өндөр хэмжээнд тунхагласан байдаг. Тэгвэл Монгол Улсад үйлчилж байгаа бусад хуулиуд хүний эрхийг хэр хангадаг бол? Тодруулбал эцэг хуулийг хэр хэрэгжүүлдэг бол? -Үндсэн хуулийн үзэл баримтлалаас тэс хөндлөнгөөр амьдралд хэрэгжиж байгаа хууль байхгүй гэж хэлж чадахгүй. Аль болох нийцүүлж гаргана. Гэхдээ зарим зүйл заалтууд Үндсэн хуулийг зөрчдөг. Манай хуулиудад хүний эрхийг хангаж, хамгаалах талаар үнэр бий. Хуулийн салбарт хийгдэж байгаа эрхзүйн шинэтгэлийн хүрээнд хүний эрхийг хангах талд илүү анхаарч байгаа. Хууль хүнд үйлчилдэг. Тиймээс ч хүнээ бодсон хуулийн төсөл цөөнгүй бий. Бас Монгол Улс Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд чиглэсэн дүрэм журмын өөрчлөлтийг нэлээд тусгасан. -Хүний эрхийн комисс байгуулагдаад арав гаруй жил болсон. Энэ хугацаанд монгол хүний эрхийг хангах асуудал ямар түвшинд хүрсэн гэж та дүгнэх вэ? -Ямар ч байсан хүний эрх гэдгийг хүмүүс мэддэг болсон. Бас маргаантай салбаруудад хүний эрхийн мэдрэмжийг бий болгож чадсан. Энэ бүхэнд сургалт, сурталчилгаа, хийж байгаа ажлын үр дүн нөлөөлсөн. Хийхийг хүссэн, хийж амжихгүй байгаа асуудлууд бий. Гэхдээ арван хоёр жилийн хугацаанд хүний эрхийн хүрээнд анхаарал хандуулаагүй, орхисон салбар байхгүй. Бүгд ямар нэг хэмжээгээр судлагдсан, шалгагдсан. Харин хөдөө орон нутагт бидний дуу хоолой болж ажиллах боловсон хүчин байдаггүй. Бид 2003 оноос "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг аймаг орон нутагт хийсэн. Есөн жилийн хугацаад нэг аймагт 3-4 удаа нээлттэй өдөр арга хэмжээг зохион байгуулсан.  -Өнөөдрийн Монгол Улсад хүний эрхийн хүрээнд зайлшгүй шийдвэрлэх ямар асуудал байна вэ? -Салбар бүрт асуудал бий. Дугаарлах ямар ч боломж байхгүй. Хүний эрхийн зөр­­чил тоогоор хэмжигдэх ёсгүй. Нэг байсан ч 100 байсан ч зөрчил. Зөр­­чиг­­дөхгүй байх ёстой зүйл зөрчигдөөд байгаа нь асуудал. Жам, хууль ёсны эрхээ эдлэх гээд байхад зөрчөөд байвал нэг үү, арав уу ялгаа байхгүй. -Эрхээ хэтрүүлэн ашиглах тохиолдол гэж байдаг уу?  -Эрх+үүрэг=хариуцлага байх ёстой. Нэг хү­ний эрх нөгөө хүний хамрын үзүүрээр хяз­гаарлагддаг. Хязгааргүй эрх гэж байх­­­гүй. Одоо хүмүүс аура гэж их ярьдаг бол­­сон. Тэгэхээр хүний эрх гэдэг бол ту­­хайн хүний аура. Тэр хүний Үндсэн хуу­лиар олгогдсон хууль ёсны эрх. Ээжээс тө­­рөх үед үүссэн жам ёсны эрх. Энэ бүхэн тэр хүнийг тойроод л байж байх ёстой. Эрх гэдэг энэ багцыг тухайн бодгалийн гад­на талын бүрхүүл гэж ойлгох хэрэгтэй. ЯРИЛЦСАН: В.БАТЦЭЦЭГ