П.Оюунчимэг: Өнөөдөр Цээл сумыг, маргааш бүхэл бүтэн аймгийг нүүлгэх тухай асуудал сөхөгдөж мэднэ - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

П.Оюунчимэг: Өнөөдөр Цээл сумыг, маргааш бүхэл бүтэн аймгийг нүүлгэх тухай асуудал сөхөгдөж мэднэ

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор П.Оюунчимэгийн "Өдрийн сонин"-ы 2012 оны 10 дугаар сарын 11-ний дугаарт өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь уншигч танаа толилуулж байна. -Уул уурхайн хариуц­ла­гагүй үйл ажилла­гаа­наас болж хүний эрх хэрхэн зөрчиг­дөж буй талаар та­найх саяхан судал­гаа хийсэн гэсэн. Энэ судалгааныхаа та­лаар яриач. Ямар зөр­чил дутаг­дал илрэв? -Уул уурхай дагасан бүс нут­гуудад хүний эрх ямар байна. Хэвлэлээр гарч буй "Уул уурхайн компаниуд хүний эрх зөр­чигдөж байна” гэсэн мэ­дээллүүд хэр боди­той вэ. Бодитой зүйл бол энэ бай­далд хаанаас, хэн ямар арга хэм­жээ авах ёстой юм бэ. Энэ тухай ярихын тулд заавал шал­галт, судалгаа хийх шаард­­лагатай бай­даг. Тийм учраас Хүний эрхийн үндэсний комисс ажлынхаа төлөв­лөгөөнд оруулаад 2011 оны  ес­дүгээр сараас эхлэн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа зарим уул уурхай компаниуд хүний эр­хийг хэрхэн ханган ажил­лаж буй талаар шалгалт хийсэн. Найман аймгийг сонгож аваад шалгалт хийлээ. Нийт най­ман аймгийн 15 су­манд Хүний эрхийн комис­сын гур­ван гишүүн биечлэн ажилла­сан. Мөн уул уухайн чиг­лэ­лээр судалгаа явуулдаг мэр­гэж­лийн багийг авч зөвхөн Өмнө­говь аймгийн гурван суманд судалгаа хийлгэсэн байгаа. Шалгалтаар үндэс­ний болон гадаа­дын хөрөнгө оруулалт­тай компаниудын үйл ажил­ла­гаа болон гар аргаар  ашигт малтмал олбор­лодог иргэдийн талаар гэж хоёр ангилан  судалгаа хийсэн. -Ашигт малтмалын то­моохон компаниудад ашиг­лалтын лиценз олгосон талбай нь дандаа нутгийн иргэдийн удам залгаж ирсэн өвөлжөө, хаваржаа байна гэсэн яриа байдаг. Энэ тухайд? -Ашиглалтын лиценз олго­сон дийлэнх талбай нь малчдын өвөл­жөө, хаваржаа зуслангийн газрыг хамарч байгаа нь шалгалтаар илэр­сэн. Олборлолт, хайгуул хийж буй талбай дээр лиценз олгог­дох нь малд асар их  хор хөнөөлтэй.  Малын ашиг шим нь буурдаг, тэжээл нь ховорд­дог. Өөр газар нутагт буухаар мал нь турдаг, давжаардаг гэдэг ч юм уу иймэрхүү нөлөө­лөл үзүүлдэг юм байна. Ту­хайл­бал Говь-Алтай аймгийн Цээл суманд  үйл ажиллагаа явуулж байгаа "Алтайн хүдэр” гэдэг компани байгаа юм. Тэр компанийн ихэнх ашиглал­тын лиценз нь А хэлбэрээр олгогдсон. Энэ компани баяжуу­лах таван үйлдвэртэй.  Үйлд­вэр нь ажиллаад эхлэ­хээр орчин тойрныхоо 100 метрээс нэг км газарт битүү тоосонцор хаядаг. Ногоон газарт тэр тоосонцор буухаар хар сараал өнгөтэй болж харагддаг. Харагдах орчин нь тийм байгаа юм чинь тэмээ­ний иддэг, бэлчээрлэдэг га­зарт тоосонцор  унаж байна. Түүгээр дамжаад нөгөө тэмээ­нээс гарч буй ашиг шим, хөөвөрт нь сөрөг нөлөө үзүүл­­дэг зүйл ажиглагдаад байгаа. Малд ингэж нөлөөлж байгаа юм чинь иргэдэд ямар хор хөнөөлтэй байх нь то­дор­хой. Нөгөөтэйгүүр иргэ­дийн амьдрах орчны тэнцвэр алдагдаж эхэлж буй юм. Энэ нь бүхэл бүтэн сумыг нүүлгэх  асуудал болоод байгаа. -Яагаад  сум нүүлгэнэ гэж? -”Алтайн хүдэр” компа­нийн олборлож байгаа газ­раас хүдрийн судал нь  Цээл сумын доогуур яваад Таян­гийн нуруу хүрдэг юм байна. Гэтэл лиценз олгосон юм чинь энэ хүдрийг бид олбор­лох ёстой гэж "Алтайн хүдэр” компа­нийн­хан үздэг. Тэгээд сумын төвийг нүүлгэе. Уур­хайн дээхнэ талдаа буюу салхиныхаа дээр аваачъя гэж. Нэг талаараа тоос­жилт, аюулгүй орчны тэнцвэр нь алдагдаж буйг шийдэж сумыг нүүл­гэн шил­жүүлэх байдлаар асууд­лыг шийдэхээр орол­дож байна. Гэхдээ тэр нүүлгэн шилжүү­лэх зардлыг хэн гар­гах юм. Хэрхэн тохижих юм. Тэнд амьдарч байгаа хүмүү­сийн эрхийг хэн хамгаалах юм бэ гэдэг асуудал зайлшгүй гарч ирж байна. Тэгэхээр сумын төв хуучин байр­наа­саа 30-40 км газар байраа сэлгэн нүүх болж байгаа юм. -Тэр өвөлжөө, хавар­жаа­гаа малчид хувьчлаад авчихсан  байдаг биз дээ? -Хувьчилж авсан гэрчил­гээ бай­даг. Гэсэн хэдий ч нүүлгэн шил­жүүлэх болбол нөхөн төлбөрийн тухай ярина. Гэтэл үүнийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөр­дөг­дөж буй аль ч хуульд тусгаж өгөөгүй. Тийм боло­хоор компанийн санаа­чилга, иргэдийн шаардлагаар тул­гал­тын байдлаар нүүлгэл­тийн асуудал шийдэгдэх болж буй юм. Жишээ нь, айл нүүл­гэхээр боллоо гэхэд малчид энэ өвөлжөөгөө 25 сая төг­рөгөөр үнэлнэ гэдэг. Нөгөө компани 25 саяыг өгч чадах­гүй, өгвөл өг, үгүй бол боль 2.5 сая төгрөг өгье гэдэг аж. Бүхэл бүтэн арав дахин үнийг нь унагааж бай­гаа юм. Тэгэхээр энэ байдал компани, иргэд хоёрын хооронд хийж буй наймаа шиг харагдаад буй. -Асуудал нь тэгэхээр хаанаа байна вэ? -Төр өөрийнхөө олгосон лиценз гэдэг зүйлээр хяз­гаарлалт хийж, өөрөө данхар бүтцээрээ малчдын эрх рүү халдаж байна. Тэр эрх нь лиценз олгосон тухайн ком­па­нийн мэдэлд шилжиж байна гэсэн үг. Яаж малчдын эрх ашгийг хөндөх вэ, яаж хам­гаа­лах вэ гэдэг нь тухайн компа­нийн мэдлийн зүйл болчих­сон. Үүнийг дагаад нөхөн сэргээлтийн асуудалд маш их маргаан гарч байгаа. Яах вэ,  малыг нь машинаар дайрчихдаг ч юм уу, нүүлгэн шилжүүлсэн тохиолдолд компаниуд 3-5 саяыг малч­дад өгсөн байдаг аж. Бигэр суманд үйл ажиллагаа явуул­даг "Макс” компа­нийн "Марко­поло” алтны компани, иргэ­дийн дунд арав гаруй айлын өвөл­жөөтэй холбоотой мар­гаан дэгдсэн. Тэр өрх бүрт саяхан 2.5 сая төгрөг өгч байж мар­гаан ший­дэгдсэн. Мөн Өмнө­говь аймагт ч гэсэн иймэрхүү зүйл гарч байна. -Хөрөнгөтэй компаниуд 20-40 өрхийн асуудлыг то­хи­роод өөрсдөө шийдчихэж болно шүү дээ. Тэдэнд энэ нэг их асуудал гэж үү? -Өнгөц харахад 20, 30 айлын хэмжээнд маргаан болоод байгаа харагдаж болох юм. Нэг айлд таван хүн байдаг гэж бодоход хэдэн хүний эрх ашиг хөндөгдөж байна вэ гэдгийг анхаарах зайлшгүй шаардлага бий. Тийм ч учраас нөхөн төл­бөрийн тал дээр төр өөрийн­хөө хяналтыг тогтоогоод  гэрээ хийдэг ч юм уу, ямар нэгэн гарцыг олж иргэдийг хохироохгүй байх талаас нь анхаарах хэрэгтэй. -Цээл сумыг нүүлгэх ажлыг зөвшөөрч, дэмжсэн хүн байдаг юм уу? -Сумын иргэдийн төлөө­лөгч­дийн хурлаараа энэ асуудлыг хэлэлцээд дийлэнх нь дэмжсэн юм билээ. Тэр шийдвэрээ аймгийн иргэдийн төлөөлөгчийн хуралд хүр­гүүл­сэн байсан. Аймгийн иргэ­дийн төлөөлөгчдийн шийд­­вэр одоохондоо гараа­гүй байгаа. Хам­гийн гол нь үүний цаана өнөөдөр бүхэл бүтэн сум нүүлгэн шилжүүлэх тухай ярьж байна. Цаашдаа бүхэл бүтэн айм­гийг нүүлгэх тухай ярьж мэдэх юм. Даруйхан арга хэмжээ авах хэрэг­тэй. Үүнээс сэргийлж л бид  энэ асуудлыг хөндөөд байгаа. -Шалгалтаар ер нь ямар зөрчил дутагдал их илрэв? -Уул уурхайн бүс нутгуу­дад агаарын бохирдол, усны хомсдол, хөрсний доройтол хэт их байгаа нь байгальд үлэмж хэмжээний хохи­рол учирч байна. Ашигт малт­малын замбараагүй тээвэр­лэл­тийн улмаас олон салаа зам үүсч, шороо тоос дэгдэж, газрын хөрс эвдэрч, бэлчээр талхлагдсанаар хүн амьтан дайжихад хүрсэн гэх мэт олон зөрчил илэрсэн. Энэ талаар яривал барахгүй байх. -Гар аргаар ашигт малт­мал олборлогчдын ту­хайд? -Бас нэг анхаарал татаж буй зүйл бол гар аргаар ашигт малтмал олборлож буй хүмүүсийн асуудал. Тэнд төрийн хяналт гэж алга. Хэ­дий­гээр аймаг, сумын засаг захиргаанаас энэ хүмүүсийг зохион байгуулалтад оруу­лах асуудлыг ярьдаг боловч хууль дүрэм байхгүйгээс  зохион байгуу­лалтад оруулж чадахгүй байна. Жишээ нь, Говь-Алтай аймгийн Чанд­мань сумын хэсэг иргэдтэй уулзаж байсан. Тэдэнтэй эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байд­лын тухай ярих хэрэг ч алга. Аймаг, сумынх нь удирдлагууд "Тэд­нийг хөөдөг, явдаг, буцаад ирдэг” гэдэг зүйлийг л ярьдаг. Баянхонгор айм­гийн Бөмбө­гөр, Баян-Овоо суманд гар аргаар алт олборлож байгаа хүмүүс нөхөрлөлийн системд орсон байна. Нөхөрлөл нь улсад тодорхой хэмжээний татвар төлдөг. Удирдагчтай, тэр нь тухайн хүмүү­сийн үйл ажил­лагаанд хяналт тавьж анхаар­даг. Гэтэл  нөхөрлөлд хамрагдаагүй иргэд биеэ даагаад алт олборлож амиа алдах явдал байсаар байна. Тэнд аль ч шатны хяналт, шалгалт  алга. -Дээрх шалгалтын мөрөөр ямар нэгэн арга хэмжээ авах ч юм уу, хол­богдох байгууллагуу­дад хандах уу? -Энэ сарын 10, 11-ний өдрүүдэд "Уул уурхайн  биз­нес ба хүний эрх”  гэсэн  олон улсын бага хурлыг  Улаанбаа­тарт зохион байгуулах гэж байна. Энэ хуралд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын дэргэ­дэх Бизнес хүний эрх ажлын хэс­гийнхэн, Ази, Ном­хон далайн хүний эрхийн үндэсний чуулганы бай­гуул­ла­гууд болон Швейцарийн хөгж­лийн агентлаг гэсэн бай­гуул­ла­гуудын дэмжлэгтэйгээр зохион бай­гуулах гэж байгаа. Бага хуралд дээрх шалгалтын талаар дэлгэрэн­гүй танил­цуулна. Мөн төрийн хол­бог­дох байгууллагуудад зөв­лөмж өгч хянах ажлуудыг хийнэ. Г.ЯЛГУУН