Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Стратеги төлөвлөгөө (2015-2020 он) - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Стратеги төлөвлөгөө (2015-2020 он)

ОРШИЛ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 2015-2020 оны стратеги төлөвлөгөөг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах, хүн бүрт эрхийг нь бодитойгоор эдлүүлэх, сахин хамгаалах, хөхиүлэн дэмжихэд ирэх зургаан жилийн Комиссын бодлого, стратегийн үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээг удирдлага болгон боловсрууллаа.

Комиссын 2015-2020 оны стратеги төлөвлөгөөний зорилго нь хүний эрхэд суурилсан хууль тогтоомж, төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэхэд хувь нэмрээ оруулах, бүх нийтэд хүний эрхийн боловсрол олгох үндэсний тогтолцоог бэхжүүлэх, байгууллагын хөгжлийг хангахад чиглэнэ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын стратегийн төлөвлөгөөнд тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд иргэд олон нийт, төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэлд суурилж хэрэгжүүлнэ.

Нэг. АЛСЫН ХАРАА

Монгол Улсад хүн бүрийн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх, хүний эрхийн түгээмэл соёлыг төлөвшүүлэхэд оршино.

Хоёр. УРИА

Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт

Гурав. ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих, сахин хамгаалах, хөхиүлэн дэмжихдээ:

  • Хүний эрхийн олон улсын хэм хэмжээг удирдлага болгох;
  • Иргэд нь эрхээ шаардаж, үүргээ биелүүлэх;
  • Олон нийтийн идэвхтэй, чөлөөт оролцоог хангах;
  • Ялгаварлан гадуурхалтаас ангид, тэгш боломжийг бүрдүүлэх;
  • Хариуцлагатай, ардчилсан нийгмийг цогцлоох үйлсэд манлайлна.

Дөрөв. СТРАТЕГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЗАРЧИМ

  • Хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг тууштай хамгаалах;
  • Хараат бус байр суурийг чанд баримтлах;
  • Хариуцлага хүлээх чадвартай байх;
  • Ил тод, нээлттэй байдлыг бүрэн хангах;
  • Бүх талын түншлэл, иргэд олон нийтийн оролцоонд суурилах;
  • Комиссын бодлого, стратегийг хэрэгжүүлэх чадамж, бүтцийн манлайлал, мэргэшсэн байдлыг бэхжүүлэх.

Тав. ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын эрхийн баталгааг бүрдүүлэхдээ дараах зорилтот бүлэгт эн тэргүүнд анхаарна.

- Хүүхэд

- Эмэгтэйчүүд

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

- Малчид

- Ахмад настан

- Үндэстний цөөнх

- Бэлгийн цөөнх

- Эрх нь хязгаарлагдсан хүмүүс

Зургаа. ТӨЛӨВЛӨЛТ, ТАЙЛАГНАЛТ, ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ

Хүний эрхийн Үндэсний Комиссын стратегийн төлөвлөгөөг 6 жилийн хугацаанд 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Эхний үе шат (2014-2017 он), хоёр дахь үе шат (2018-2020 он) байна. Энэхүү стратегийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудыг Комиссын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн мэдэгдэл болон төсөл хөтөлбөрийн хүрээнд тусган төлөвлөж, хэрэгжүүлнэ.

Хүний эрхийн Үндэсний Комиссын стратегийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудын хэрэгжилтийг зохион байгуулах ерөнхий удирдлагыг Ажлын албаны дарга хариуцаж, хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийх, ахиц дэвшил, үйл ажиллагааны үр дүнг үнэлэн дүгнэх ажлыг 2 үе шаттайгаар зохион байгуулж, Комисст тайлагнана.

Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар олон нийтэд мэдээлнэ.

Долоо. СТРАТЕГИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД, ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН

ЗОРИЛГО 1. ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ХУУЛЬ ТОГТООМЖ, ТӨРИЙН БОДЛОГЫГ БЭХЖҮҮЛЭХ

Зорилт 1.1. Хууль тогтоомж, төрийн бодлогыг хүний эрхийн үндсэн зарчимд нийцүүлэх асуудлаар олон талт үйл ажиллагаа явуулах;

Зорилт 1.2. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад чиглэсэн нөлөөлөл, сурталчилгааны олон талт ажил зохион байгуулах;

Зорилт 1.3. НҮБ-ын гэрээний хороодын зөвлөмжийн хэрэгжилтэд ахиц гаргах, тайлагнах явцад олон талын оролцоог хангах.

ЗОРИЛГО 1-ИЙН ХҮРЭЭНД ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН:

  • Хөгжлийн бодлогын төлөвлөлт, хэрэгжүүлэлт, үр дүнгийн үнэлэлтэд хүний эрхэд суурилсан хандлагыг хэрэглэх аргачлал боловсруулж, төрийн яамд, агентлагууд үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлэнэ.
  • Хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалахад чиглэсэн үндэсний эрх зүйн зохицуулалт боловсронгуй болсон байна.
  • Хүний эрхийн гэрээний хэрэгжилтийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, орон нутгийн засаг захиргааны нэгжүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлсэн байна.

ЗОРИЛГО 2. ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООНЫ ҮР НӨЛӨӨГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ

Зорилт 2.1. Хүний эрхийг хангахад чиглэсэн хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавьж, хуульд заасан арга хэмжээ авах;

Зорилт 2.2. Комиссын гомдол хүлээн авах үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх, гомдол хянан шийдвэрлэх үйл ажиллагааны үр нөлөөг улам бүр сайжруулах;

Зорилт 2.3. Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх үүднээс хяналт шалгалт, сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн хуульд заасан арга хэмжээ авах;

Зорилт 2.4. Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх үүднээс хяналт шалгалт, сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн хуульд заасан арга хэмжээ авах;

Зорилт 2.5. Төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол болон гэмт хэргийн улмаас амьд явах эрх нь зөрчигдсөний гэм хорыг төрөөс урьдчилан барагдуулах тогтолцоо бий болгоход хувь нэмрээ оруулах;

Зорилт 2.6. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг бэхжүүлэх, хараат бус, бие даасан байдлыг хангах.

ЗОРИЛГО 2-ЫН ХҮРЭЭНД ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН:

  • Хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан түүний хангах, хамгаалахад чиглэсэн хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилт сайжирч, Комиссын санал, шаардлага, зөвлөмжийн биелэлтийн хувь хэмжээ өссөн байна.
  • Комиссын гомдол хянан шийдвэрлэх үйл ажиллагааны чанар, хүртээмж нэмэгдэж, үр нөлөө сайжирсан байна.
  • Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулж, үйл ажиллагааг бэхжүүлж хараат бус, бие даасан байдлыг хангасан байна.

ЗОРИЛГО 3. БҮХ НИЙТЭД ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ

Зорилт 3.1. Олон нийтийн хүний эрхийн тухай мэдлэгийг дээшлүүлэх, бусдын эрхийг хүндэтгэх хандлага төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах

Зорилт 3.2. Нийгмийн эрх мэдэлгүй, гадуурхагдсан бүлгийн иргэдэд эн тэргүүнд анхаарч, тэднийг эрх мэдэлжүүлэх

Зорилт 3.3. Бүх шатны албан боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсролын үйл ажиллагааг дэмжих

Зорилт 3.4. Хүний эрхийн боловсролын талаар бодлогын нөлөөлөл хийх

ЗОРИЛГО 3-ЫН ХҮРЭЭНД ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН

  • Хүний эрхийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголт дээшилж, өөрийн эрхийг хууль ёсны дагуу, хүчирхийллийн бус аргаар шаардах чадвар нэмэгдэнэ.
  • Зорилтот бүлгийн гишүүд өөрсдийн болон бусдын зөрчигдсөн эрхийг танин мэдэх, шаардах, сэргээх эрх мэдэлтэй болно.
  • Боловсролын тогтолцооны нөөц боломжид тулгуурлан хүний эрхийн боловсролыг суралцагчдад олгосон байна.
  • Хүний эрхийн боловсролын үндэсний хөтөлбөртэй болсон байна.

ЗОРИЛГО 4. МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАСРАЛТГҮЙ ХӨГЖҮҮЛЭХ

Зорилт 4.1. Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, төлөвлөлт, хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийн хяналт, үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах;

Зорилт 4.2. Хүний эрхийг сахин хамгаалах үйл ажиллагааны хүртээмж, цар хүрээг өсгөх замаар орон нутгийн чадавхийг нэмэгдүүлэх;

Зорилт 4.3. Хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтыг улсын төсөвт тусгуулах, төсвийн хөрөнгийн үр ашигтай төлөвлөлт, зарцуулалт, тайлагналтыг ил тод болгох;

Зорилт 4.4. Хүний эрх, эрх чөлөөний талаарх тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх бодлого, шийдвэрийг гарган хэрэгжүүлэхэд төр, иргэний нийгэм, бизнесийн байгууллагуудын санаачлага, оролцоо, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, хамтран ажиллах;

Зорилт 4.5. Тогтвортой, хариуцлагатай, мэргэшсэн, чадварлаг удирдлага, зохион байгуулалт, манлайлал, хүний нөөцийг бэхжүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

Зорилт 4.6. Даяарчлалын үйл явцад идэвхтэй байр суурь баримталж, НҮБ болон бүс нутгийн, гадаад, дотоодын байгууллагатай олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх;

Зорилт 4.7. Байгууллагын авлигаас ангид байдлыг хадгалах, урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтныг татан оролцуулахад идэвхитэй байр суурь баримтлах.

ЗОРИЛГО 4-ЫН ХҮРЭЭНД ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН

  • Комисс хуулиар хүлээсэн чиг үүргээ үндэсний хэмжээнд бүрэн хэрэгжүүлэх бүхий л талын чадавхи бэхжиж, байгууллагын тогтвортой хөгжилд ахиц дэвшил гарсан байна.
  • Байгууллагын чадамж, соёл, олон талт хамтын ажиллагаа хөгжсөнөөр үйл ажиллагааны хүртээмж, үр дүн дээшилсэн байна.
  • Хүний эрхийг хүндэтгэх, сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих үйл ажиллагаанд бүх талын оролцоо, санаачлага нэмэгдсэн байна.
2015-2020 он хүртэлх стратеги төлөвлөгөө
Үзэх