• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Судалгааны баг сонгон шалгаруулна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь төслийн хүрээнд Монгол Улс дахь уул уурхайн салбар ба хүний эрх” сэдэвт хяналт шалгалтын ажлын судалгаа, мэдээллийн зарим чиг үүргийг хариуцан гүйцэтгэх судалгааны багийг сонгон шалгаруулж хамтран ажиллана. Судалгааны зорилго: Судалгааны баг нь ХЭҮК-оос боловсруулсан удирдамжийн хүрээнд уул уурхайн  хайгуул, ашиглалт, үйлдвэрлэл, тээвэрлэлт нь тухайн орон нутгийн иргэд, малчдын амьдралын хүрэлцээтэй түвшинд аж төрөх, өмчлөх, шийдвэр гаргах үйл явцад оролцох эрхийн хэрэгжилтэд хэрхэн нөлөөлж байгаад судалгаа хийж, санал, зөвлөмж боловсруулах ажлыг зохион байгуулна. Мөн уул уурхайн үйл ажиллагаанаас хүрээлэн буй орчинд учирч буй сөрөг нөлөөллийн талаар мэдээлэл цуглуулах, баримтжуулах ажлыг хийнэ.  Хийх ажлын чиглэл, хамрах хүрээ: Судалгааны баг нь Өмнөговь аймгийн уул уурхайн  үйлдвэрлэл эрчимтэй явагдаж буй 3-4 сумдын иргэдийн амьдралын хүрэлцээтэй түвшинд аж төрөх, өмчлөх, оролцооны эрхийн хэрэгжилтэд тэрхүү үйлдвэрлэлээс үзүүлж буй нөлөөллийг тодорхойлох бөгөөд дараах нөхцөл байдал, хүчин зүйлсийг голлон анхаарна. Үүнд: Уул уурхайн үйл ажиллагаанаас уламжлалт мал аж ахуй, нүүдлийн соёлд нөлөөлж буй нөлөөллийг тодорхойлно. Энэ хүрээнд иргэдийн газар эзэмших, өмчлөх эрх, малчдын өмчид /өвөлжөө, хаваржаа, намаржаа/ үзүүлж буй нөлөөлөл, хууль тогтоомжийн хэрэгжилт, нүүлгэн шилжүүлэлтийн бодлого, нөхөн төлбөртэй холбогдуулан авч буй арга хэмжээ, түүний үр нөлөө, иргэдийн сэтгэл ханамжийн байдлыг судална. Уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас амьжиргааны эх үүсвэрээсээ салсан, нутаг орноо орхин нүүсэн малчид, тэдэнд тохиолдож буй хүний эрхийн асуудлуудыг тодорхойлно. Оролцооны эрхийн хүрээнд уул уурхайн ашиглалт, үйлдвэрлэл зэрэгтэй холбоотой шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоо, байр суурь, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэлтэй байх зэрэг эрхийн хэрэгжилт, зөрчигдсөн тохиолдолд шүүхээр эрхээ хамгаалуулж буй байдал зэрэг болно. Судалгаа хийх хугацаа: Судалгааны ажлыг 2012 оны 5 дугаар сарын 1-нээс эхлүүлэх бөгөөд нийт ажлын хугацаа 10 долоо хоногоос хэтрэхгүй байвал зохино. Судалгааны багт тавигдах шаардлага: Социологи, хууль эрх зүй, уул уурхай, байгаль орчны чиглэлээр мэргэшсэн судлаачдаар багаа бүрдүүлсэн байх, Багийн ахлагч, гишүүд нь уул уурхай, байгаль орчны болон хүний эрхийн чиглэлээр судалгаа хийж байсан туршлагатай байх; Бүрдүүлэх материал:  Багийн сонирхол илэрхийлсэн захидал Ажлын санал (төлөвлөгөө, гүйцэтгэх арга, зохион байгуулалтыг агуулсан байх) Судалгааны ажилд ашиглагдах тоон болон чанарын судалгааны аргуудын тухай саналд нарийвчлан тусгавал зохино.   Байгууллага эсхүл багийн ахлагч, гишүүдийн анкет, туршлагын талаарх мэдээлэл Үнийн санал (битүүмжилсэн дугтуйд тусад нь хийх бөгөөд техникийн үнэлгээгээр тэнцсэн саналуудаас хамгийн бага үнийн саналыг сонгоно)  Өмнө нь хийж байсан судалгааны тайлангаа хавсаргах нь давуу байдлыг бий болгоно.  Сонирхсон байгууллага, багууд дээрх материалыг (монгол хэлээр) бүрдүүлж, битүүмжлэн  2012 оны 4 дүгээр сарын 2-ны 17.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.   Чингэлтэй дүүрэг, VI хороолол-1, Тусгаар тогтнолын талбай, Засгийн газрын XI байр, Улаанбаатар хот 15140 Монгол Улс, Цахим шуудан: info@mn-nhrc.org, Цахим хуудас: www.mn-nhrc.org